ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ

 

8. Нүүр, хүзүүний гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж

 

Хүзүүний гэмтэл нь битүү ба ил байдалтай байхаас гадна хүзүүний нугалам, нугас гэмтсэн буюу гэмтээгүй байж болно. Хүзүүний хэсэгт залгиур, төвөнх, бамбай булчирхай, мөгөөрсөн хоолой, мэдрэлийн судас байдаг тул гэмтэл авсан үед оношийг зөв тогтооход төвөгтэй байдаг ба анхны тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлсэн цагт л өвчтөний амь насыг аврах болно.

Хүзүүний гэмтлийн үед хатуулгатай зах маягийн хүзүүвч чиг хэрэглэнэ. Хатуу кардон цаасыг 145х80 мм хэмжээтэй бэлдэж хөвөн ба даавууг гадуур нь цаваг маягаар боож өгнө. Өвчтөний толгойг өргөн, хүзүүвчээ хийж үзүүрүүдийг нь хүзүүний урд талд бэхэлж бооно. Зориулалтын чиг байхгүй бол өвчтөний хүзүү ба мөрөн дор жинтүү эсвэл хувцсыг ивж хөдөлгөөнгүй болгоно. Энэ нь хүзүүний хэсгийн нугалмыг тэнийлгэж, нугас дарагдахаас хамгаалахад тустай. Гэмтсэн мөч эрхтэнд чиг тавих үед огцом, ширүүн хөдөлгөөн хийх нь хүзүүний гэмтэлтэй үед маш аюултай байдгийг анхаарах хэрэгтэй. Өвчтөнийг тээвэрлэх явцад арчилгаа, сувилгаа хийх нь чухал юм. Толгой ба биеэр нь бага зэрэг өндийлгөн толгойд хүйтэн жин тавина. Бөөлжих үед хажуугаар нь байрлуулж амны хөндийг цэвэрлэхээс гадна мөн хэл унжиж амьсгалын замыг таглахаас сэргийлэх хэрэгтэй.

 

Нүүрэнд бэртэлт авсан үед зөөлөн эдэд цус харвалт үүсч хөхөрч хавдана. Энэ тохиолдолд хүйтэн жин тавих ба зөөлөн боолт хийнэ. Нүүрний өнгөц шарх, шалбархайд иодын спиртэн уусмал буюу ногоон брилиатан уусмал түрхэж ариутгасан цэвэр боолтоор бооно. Ангайсан ба цус гарсан шарханд иодын уусмал түрхэж, гоюугаар захыг ойртуулах маягаар дарж боох хэрэгтэй. Нүүрний гэмтлийн үед хамар, эрүүний яс хугарах нь түгээмэл тохиолддог.

Хамрын яс хугарсан үед хамарнаас цус алдаж байвал өвчтөний толгойг өндийлгөх байдалтай байрлуулж хүйтэн усаар норгосон алчуур буюу мөсөөр жин тавина. Хэрэв хамрын цус алдалт тогтохгүй бол 3%-ийн устөрөгчийн хэт исэл бүхий чихээсийг хамрын хөндийд хийж боолт тавих ба өвчтөнд шүлс, цусаа амаараа гаргаж байхыг зөвлөн эмнэлэгт яаралтай хүргэнэ.

 

Доод эрүүний яс хугарсан үед дүүгүүр хэлбэрийн боолтоор эрүүг гавал руу шахаж бооно. Дээд эрүү нь хугарсан үед тархи толгойн гэмтэлтэй өвчтөнд тохирох тусламжийг үзүүлэх хэрэгтэй.

 

Нүдний гэмтлийг хөнгөн, дунд, хүнд зэрэг гэж ангилна. Хөнгөн гэмтэлд зовхи бага зэрэг шархдах, нүдэнд гадны биет орох гэх мэт. Дунд зэргийн гэмтэлд зовхи урагдаж язрах, хараанд онц өөрчлөлт орохгүйгээр нүдний алим бага зэрэг бяцрах зэрэг гэмтлүүд орно. Нүдний алим гэмтэж шингэн гоожих, нүд бяцарч харааны чадвар буурах, нүдний ухархай хугарч нүд бүлтрэх зэрэг нь хүнд зэрэгт багтана. Гэмтсэн нүдийг цэвэр боолтын материал буюу нусны алчуураар дарж бооно. Нүдийг угааж болохгүй. Зөвхөн химийн түлэгдлийн үед л нүдийг усаар угааж болно.

 

 

БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

СУВИЛАГЧ  Цэ.БОЛОРМАА

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»