ОСОЛ ГЭМТЛИЙН ҮЕД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН АНХНЫ ТУСЛАМЖ

 

9. Түлэгдэлтийн үед үзүүлэх анхны тусламж

 

Түлэгдэлтийн үед арьс улайж хавагнах, цэврүү үсрэх, арьсны давхарга үхжих, арьсны доод давхаргын эд гэмтэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Түлэгдэлтийн үед юуны өмнө шатаж байгаа хувцасны галыг унтрааж нэн даруй тайлах хэрэгтэй. Ялангуяа нейлон буюу нийлэг материалаар хийсэн хувцсыг биед наалдахаас урьтаж тайлах нь чухал бөгөөд хэрэв биед наалдсан байвал түүнийг хуулж, арчиж, салгахыг оролдох хэрэггүй. Биед хайлж наалдсан зүйлийг угаах, арчих зэрэг нь арьсанд шарх шалбархай үүсгэн бохирдуулж түлэгдэлтийн хүндрэлийг улам нэмдэг. Харин цэвэр буюу ариутгасан даавуу, бинтээр боох хэрэгтэй.

Ам, хамрын хөндийд үнс, тортог байвал цэвэрлэнэ. Өвчтөн ухаангүй байвал, хэл унжиж амьсгалын замыг таглахаас сэргийлэх арга хэмжээ авна. Түлэгдлийн шокоос сэргийлэхийн тулд их хэмжээний шингэн уулгах хэрэгтэй. Өвчтөн ухаантай, хэвлийн дотор эрхтэн гэмтээгүй бол 1 литр тутамд 1 хоолны халбага давс, эсвэл 1 цайны халбага сод хийсэн бүлээн усыг 5 литр хүртэл хэмжээгээр уулгана. Өвчтөнд зүрх судасны үйл ажиллагааг сэргээх, өвдөлт намдаах зорилгоор анальгин, аспирин, валокорпин, валидол зэргийг өгнө. Түлэгдлийн талбай их биш бол тэр хэсгийг 15 минут хэртэй хүйтэн усаар угааж болно. Түлэгдлийн эхэн үөд тосон боолт хийж болохгүй. Түлэгдсэн мөчийг цэвэр даавуу, бинтээр боож чиг тавина. Түлэгдсэн хэсэгт давс, элсэн чихэр цацах, нохойн халуун цус түрхэх зэрэг арга хэмжээ авах нь түлэгдлийг улам хүндрүүлдэг тул буруу юм.

 

БАЯНГОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

СУВИЛАГЧ  Цэ.БОЛОРМАА

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»