АВТО УРАН ЗОХИОЛ
Их жанжны жолооч
(Хөрөг найруулал)
Зохиолч Ө.Тогоогийн “Их жанжны жолооч” хөрөг найрууллын гол баатар болох Жигжидийн Гүр нь манай улсын анхны ууган жолооч, автосургуулийн анхны багш нарын нэг байжээ. Тэрээр 1889 онд Засагт хан аймгийн Наянтөр хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын нутагт төржээ. Хорь гаруй насандаа Оросын элчин консулын жолооч Вызов гэгч орос залуутай танилцан үерхэж, түүний жолооддог автомашиныг ихэд шохоорхон сонирхсоор яваандаа түүгээр автомашин жолоодохыг заалган сурчээ.
Анхандаа Богд хааны жолооч хийж байсан тэрбээр 1921 оноос эхлэн их жанжин Сүхбаатар, ерөнхий сайд Цэрэндорж, Намын Төв Хорооны дарга Дамбадорж, Гадаад Явдлын Яамны сайд Дорлигжав, маршал Чойбалсан нарын тэргийг жолоодож, хамгийн сүүлд Тээврийн Яамны анхны сайд Намсрайн жолоочоор ажиллаж байгаад дөчөөд онд тэтгэвэрт гарчээ. Энэ хүн “Монгол транс”-ын анхны жолооч нарыг бэлтгэлцэж, Аж үйлдвэрийн комбинатын анхны гараашийг байгуулж одонгоор шагнагдаж явжээ.
1972 онд зохиолч Ө.Тогоо найрууллынхаа баатартай уулзаж намтар түүхээс нь сөхөн яриулж сонирхолтой ном бичиж хэвлүүлсэн байна. Ингээд энэ номны “Жанжинтай анх нүүр учирсан нь” хэсгээс та бүхэнд сонирхуулъя.
Жанжинтай анх нүүр учирсан нь
- Гүр гуай, одоо та их жанжин Сүхбаатарын жолооч болсон тухайгаа ярьж өгнө үү?
- Энэ ч их намтартай зүйл ээ. Анх нэг сонин юм дуулдлаа. «Сүхбаатар жанжин Богд хаан дээр очиж гэнээ. Тэгээд жолооч нараасаа нэгий нь өгөөч гэхэд нь Богд хаан нэг жолооч өгье гэж айлдаж гэнээ» гэж манай нөхөд ярих боллоо. Тэгээд удсан ч үгүй жолооч нарын ярьж байсан өнөөх яриа үнэн болох нь мэдэгдсэн юм.
Энэ тухай өгүүлэх нь: Орос жолоочтой “Форд” унасан нэгэн жавхаалаг өндөр залуу гарааш дээр давхиж ирэхэд нь Бадам1 буриад толгой бөхөлзөн угтаж гэртээ орохыг урив. «Ардын засгийн Сүхбаатар жанжин гэдэг чинь энэ хүн шүү дээ. Өнөө жолоочоо авахаар ирж л дээ» гэлцэнэ. Яг л Вызов2 шиг шар толгойтой орос залуу машин дээр үлдэж, Сүхбаатар жанжин Бадамынд орчихлоо.
«Ардын засагт очиж тэрэг барья гэж бодож явснаа Бадамд эртхэн дуулгах минь яаваа! Тэгсэн бол ч учир ургаж болох л байж. Энэ том жанжин хүн намайг юу гэж л авах вэ дээ. Харин манай гурван хашрын нэг ч гарцаагүй хэрэг» гэж бодсон Гүр жолооч эзэн хааны муу “Фордтойгоо” ноцолдож суув. Удсан ч үгүй «Гүр байна уу» гэлцлээ. Мань хүн ч сандран босож «Байнаа» гэв. «Цаана чинь Бадам чамайг дуудаад» гэхийг сонсмогц айх, баярлах зэрэгцэн сандарч орхижээ. Хувцас хунараа янзлан, малгайгаа засаж өмсөөд биеэ ихэд барин Бадамынд ортол өөрөөс нь лав хэд дүү баймаар, зүс үл таних өндөр залуу инээмсэглэн босож ирээд Гүртэй мэндэлжээ. Сүхбаатар жанжин гэж ойроос уулзахад ийм залуухан, энгийн хүн байна гэж санаагүй явсандаа бантав. Гар барин мэндлэхдээ Гүр жолоочийн хөлс нь чийхарч, өвдөг нь чичрэхийг Сүхбаатар ажиглаад «Аргагүй л хааны жолооч байна даа» гэж бодсон ч байж болох юм.
- Та наашаа суу суу! Нэр хэн билээ?
- Гүр.
Цаашаа гавьтай зүйл ч ярилцсангүй. Сүхбаатар жанжин Бадамд баярлаж талархсанаа илэрхийлээд дараа нь Гүрт хандаж:
- За Богд хаан таныг надад өгсөн дөө. Одоо хоёулаа явъя. Тэгээд замдаа танилцъя гээд бослоо.
Хамтдаа гадаа гарцгаав. Жанжин, орос жолоочоо ардаа суулгаад:
- За Гүр та жолоодоод яв! гэлээ. Тэргий нь асааж хөдөлгөх хооронд Сүхбаатар, орос жолоочтойгоо хэдэн үг харилцан ярилцахыг Гүр үнэндээ сайн ойлгосонгүй. Харин Вызовын амны уншлага болсон «Ничево» гэсэн танил үгийг л хальт сонсож амжив. Жолоон дээр нь анх сууж үзэж байгаа энэ чийчаан Гүрт их л таалагдав. Тийм ч муугүй “Форд” бололтой. Хоёр гурван хашааны булан тойрсны дараа Гүрийн биеэ барин айж сандрах нь гайгүй болж тэргээ сурмаг залж эхлэв. Жанжин эхлэн ам нээж:
- Гүр гуай та тэрэг их сайхан барьдаг юм байна шүү дээ. Одоо Цэргийн Яам руу шулуухан яваарай гэлээ.
Сүхбаатар жанжин, Гүрийг албан тасалгаандаа хүлээн авч уулзав. Бичгийн том ширээн дээр телефон утас, ном, бийр, тамганы бололтой хөөрхөн төмөр хайрцаг харагдана. Олбогт зөөлөн сандлууд хана дагуулан тавьжээ. Тэрний нэгэн дээр Гүр жолооч цомцойн суув. Жанжин хэн нэгэн хүнтэй утас залгаж «Гүр гэдэг шинэ жолооч авчирсан, тэр хүн одоо өөрийнх нь өрөөнд сууж байгаа, маргааш сайн танилцаж ажил төрлий нь зааж өгөх тухай» зүйл яриад телефоноо тасалж түрүүхэн Бадамынд байсан шигээ:
- Та наашаа суу! гэлээ. Гүр хамгийн эхний сандалд шилжиж суув. Ардын засгийн залуухан жанжин тэгш цагаан шүдээ яралзуулан инээж:
- Би Богдод хэд хэдэн жолооч байдаг гэхээр нь очиж гуйсан юм. Өөрийн чинь засагт таарах нэг жолооч бий, түүнийг л өгье гээд таныг надад өгсөн. Дуртай байна уу? гэлээ. Гүр ч баярлан толгой дохижээ. Бодоход, Гүрийн бүх амьдралыг Бадам Сүхбаатар жанжинд ярьж өгч амжсан бололтой.
Энэ өдрөөс эхлэн Богд гэгээний дөрвөн жолоочийн нэг Жигжидийн Гүр ардын засгийн бүх цэргийн жанжин Сүхбаатарын тэргийг барих болжээ.
Гүр гуайтай цааш ярилцсан нь:
- Сүхбаатартай анх уулзахад ямаршуу байрын хүн харагдаж байв?
- Гаднаас нь харахад өндөр гоолиг нуруутай, золбоолог, их сайхан эр байв. Гол нь их эелдэг зантай, нүдэнд дулаахан, их зан гэх юм байхгүй, хүүхдэрхүү ааштай юм уу гэмээр тийм л хүн санагдаж байсан. Гэхдээ хэлж байгаа үг нь их ухаалаг, хүний сэтгэлд заавал нэг юм бодогдуулахаар байдагсан.
- Сүхбаатар ганцхан тэрэгтэй байсан уу?
- Тийм ээ, “Форд” гэдэг ганц тэрэг унана. Тэрэг унахаасаа мориор явах дуртай хүн байсан юм шүү дээ.
- Ардын засагт олон “Форд” байсан уу?
- Бодоо, Данзан нар цөм л машинтай. Ардын засгийн гарааш гэж бий болж, надад гараашийн ажлыг давхар хариуцуулж байсан юм.
- Сүхбаатар жанжин анх тантай танилцаад юу ярьдаг байв?
- Та манай төрийн анхны жолооч болох юм. Тэгэхлээр та энэ төрдөө олон жолооч гаргаж өгч, олон тэрэг босгоно. Хүсэж мөрөөдсөн аз жаргалаа ч эдэлнэ. Одоогийн энэ муусайн тэрэгнүүд удахгүй хэрэггүй болно. Манай улс маш олон машин техниктэй болох учир та олон жолооч гаргаж өгөх хэрэгтэй. Таны шавь нар тэр сайхан тэрэгнүүдийг барина шүү дээ гээд л ярьдагсан. Мөн ч ухаантай хүн байсан шүү.
_______________
1/ Бадам - Богд хааны гараашийн даамал.
2/ Вызов - Гүрийн найз бөгөөд Оросын элчин консулын жолооч.