АВТО ШҮЛЭГ

 

Энэ шүлгийг 1981 онд буюу авто сургууль байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан А.Дандийядам, Д.Дашням нар зохиож «Хагас зууны дуулал» номондоо хэвлүүлжээ.

 

Жолооч

Авир багш над руу харж

Араа дугаргаж залгалаа гэж

Айхавтар сүрхий ширүүлж

Ажиж хэсэг суусан юм

Зүрх минь чичирсэн ч юмуу

Гар минь суларсан ч юм уу

Хамаг биенд хөлс чийхэрч

Хажуунаасаа халах шиг болсон юм

Жолооч болох амархаан гэж

Зарим хүмүүс ярьдаг юм

Курс хийгээд л болчихно

Хүнд юм байхгүй гэлцэнэ

Бор дүрхэн мэргэжил гэж

Болчимгүй зарим нь ярина

Би харин түүнийг

Биеэрээ үзсэн юм

Тоо боддог багш бол

Толгой ядарна гэдэг байх

Тоосго өрдөг барилгачин бол

Нуруу хөшнө гэдэг байх

Өвчин анагаадаг эмч бол

Үзлэг ихэдвэл хэцүү байх

Бэлчээр алдсан малчин бол

Бэрхшээлийн үед хэцүү байх

Жолооч хүнд харин

Уран чадвар байхгүй бол

Ухаанаар сурсан эрдмээр

Жалга гарахад ч хэцүү гэж

Авир багш дандаа ярина

Арван хуруу шигээ мэдэж ярина

Хөл гар нүд зургаа чинь

Хөдлөх харах нэг л гэнэ

Жолооч хүн хэрвээ

Уран арга байхгүй бол

Уул усанд саатахгүй

Увьдас яаж байх вэ?

Ган хөлгийн урлагийг

Гайхахгүй байх аргагүй

Гарын аясаар эзэгнэдэг

Гамгүй хийх ажил ч биш

Ур дүй ухаан хосолсон ажил гэж

Унаган мэргэжлээ баясан магтана

Арга эв бол жолооч хүний

Анхны гараа байдаг юм гэж

Авир багш дандаа ярьж

Аварга хөлгийг хайрлан харж

Алсын учрыг сэтгэлд шингээж

Ачтай үгээрээ биднийг баясгана

Ганц эргийг ч газар хаяхгүй

Гамнаж бай та нар гэж

Алтнаас үнэтэй сургаал хайрлаж

Авир багш ярьдаг юм

Жолооч хүн нарийн аргыг

Жархай ажиж бай гэж

Жаргалтай цагийн өвгөн багш

Жирийн гэхгүй ярих л юм

Цэгнэж үзэхэд жолооч гэдэг

Цэнхэр дүнхэр машин дотор

Цэнгэж явдаг хүн биш

Цэлмэг хөх тэнгэрийн дор

Цэцэрхэж явдаг шувуухай биш

Халуун хүйтнийг сөрөн давж

Хатан зоригоор урт замыг

Халшрахгүй туулдаг баатрууд юм

Авир багшийн үнэт сургаал

Алтан шар замын алсад

Жолооч миний сэтгэлд шингэж

Зорих үйлсийн сэтгэл болном