АВТО ОНИГОО

 

Цагдаагийн хэсэг рүү нэгэн эмэгтэй сандарсан хоолойгоор утасдаж:

- Байна уу? Миний машиныг хулгайч тоночихлоо. Жолооны хүрд, арааны хөшүүрэг, дөрөөнүүдийг хүртэл аваад явчихсан байна гэхэд:

- Битгий сандар. Бид тэрнийг заавал олно гэж тайвшруулан хаягийг нь тэмдэглэн авав.

Хэдэн минутын дараа нөгөө эмэгтэй дахин утасдаад:

- Уучлаарай. Миний машины бүх юм бүрэн байна. Би арынхаа суудалд андуураад суучихжээ.

 

☺☺☺

 

- Чамайг жолооны курст сурч байгаа гэсэн, хэр сурч байна даа?

- Бараг л жолооч болсон. Одоохондоо машинаа барьж сураагүй ч, явган зорчигчдыг аль хэдийнээ үзэн яддаг болсон шүү.

 

☺☺☺

 

Жолооны курсийн дүрмийн хичээл дээр багш нь сурагчдаасаа:

- За энэ уулзварын эндээс нь суудлын автомашин, эндээс нь ачааны автомашин, эндээс нь мотоцикл ирж байна. Аль нь эхэлж уулзвар руу орох вэ?

- Микро.

- Юун микро вэ? Хаанаас микро гараад ирэв?

- Хаа нэгтэйгээс гараад л ирдэг ш дээ.

- За тэгвэл эндээс нь микро, эндээс нь бас микро, эндээс нь бас л микро. Аль нь эхэлж орох вэ?

- Бүгдээрээ зэрэг орж түгжирнэ.

 

☺☺☺

 

Уулзварын гэрлэн дохионы өмнө зогссон нэгэн эмэгтэй жолооч автомашинаа хөдөлгөх гэж оролдон хөдөлгүүрээ унтрааж асаан будилж байв. Гэрлэн дохио улаан, шар, ногоон, дахиад улаан, шар, ногоон ээлжлэн анивчсаар. Үүнийг холоос ажиглаж байсан зохицуулагч ойртож ирснээ:

- Та ямар өнгийн гэрэл дохио хүлээгээд байна аа? гэж асуув.

 

☺☺☺

 

Жолоо барьж яваа эхнэр нь хажуудаа зүүрмэглэж явсан нөхөртөө:

- Үгүй энэ дайруулчих гээд урд алхаад байгаа хүмүүсийг хараач. Аминаасаа уйдацгаасан юм байх даа. Нөхөр нь:

- Үгүй чи наад явган хүний замаасаа гараачээ.

 

☺☺☺

 

Гадна талын гэрэл чийдэн нь хагарчихсан яваа автомашиныг замын цагдаа зогсоогоод урдуур, хойгуур нь тойрч нэлээд ажигласнаа жолоочид нь:

- Хн. Машиныг ингэж эдлэх гэж. Хайран машин. Бүрэн бүтэн юм нэг ч алга. Машин биш морин тэрэг болчихсон байна шүү дээ гэхэд жолооч:

- Харин тийм учраас л би жолоочийн үнэмлэхгүй яваа юм шүү дээ гэв.

 

☺☺☺

 

Зөрчил гаргасан нэг жолоочид замын цагдаа торгуулийн хуудас бичиж өгөхөд мань жолооч өөдөөс нь баахан торгуулийн хуудас гаргаж ирээд:

- Ах нь 10 дахиа торгуулж байна. Байнгын үйлчлүүлэгчид урамшуулал бий биз дээ.

 

☺☺☺

 

Асар хурдтай яваа автомашинд хоёр найз эмэгтэй хоорондоо ярилцах нь:

- Чи жоохон удаан явах арга байна уу. Миний нүд эрээлжлээд дотор муухайраад байна.

- Чи над шиг нүдээ аниад яв л даа.

 

☺☺☺

 

Замын цагдаа:

- Та замын хөдөлгөөний дүрэм зөрчлөө. Таныг торгоно гэсэнд жолооч эмэгтэй:

- Уучлаарай. Миний энэ шинэ машин одоохондоо тэр дүрэмд чинь дасаагүй байгаа гэж ажиггүйхэн хариулжээ.

 

☺☺☺

 

Хоорондоо мөргөлдсөн хоёр жолооч хэрэлдэж байна.

- Чи жолооны шалгалт огт өгч байгаагүй юм уу?

- Яг ш дээ. Чамайг бодвол нэг биш, нэлээд хэдэн удаа өгч байсан юм шүү.

 

☺☺☺

 

Буудал дээрээсээ хөдөлсөн автобусны хойноос нэгэн эр хар хурдаараа гүйгээд байв. Зорчигчдын нэг нь тэссэнгүй цонхоор толгойгоо цухуйлган:

- Чи яаж гүйцэх юм бэ? Дараагийн автобусыг хүлээгээчээ.

- Гүйцэхгүй бол болохгүй ээ. Би наад автобусны чинь жолооч нь байнаа.

 

☺☺☺

 

Нэг залуу машиндаа хоёр найзыгаа суулгаад давхиж байв. Хурд нь 80 гараад ирж. Нэг найз нь айхдаа:

- Чи дэндүү хурдтай яваад байгаа юм биш үү гэхэд:

- Зүгээр. Бурхан надтай хамт яваа гэжээ. Гэсэн ч нөгөө найз нь бууя гэсээр байгаад буучихаж. Мань залуу цааш 100 гарган хурдалж эхлэхэд хоёр дахь найз нь мөн л айгаад буучихав. Залуу ганцаараа 120 гаргаад давхиж эхэлтэл араас нь хэн нэгэн мөрөн дээр нь цохив. Гайхаад хартал бурхан “Бууяа” гэж байна гэнэ. Бурханыг буулгаад цааш дөнгөж хөдөлтөл бас хэн нэгэн мөрөн дээр нь цохив. Эргээд хартал өөрийнх нь сүнс:

- Би бурхантай үлдье ээ.