АВТОМАШИНЫ СӨРӨГ ҮР ДАГАВАР
Автомашины утаа хүүхдийн оюун ухаанд муугаар нөлөөлдөг
Автомашины утаа ихтэй хот, суурин газрын хүүхдүүд цэвэр агаарт амьдардаг үеийнхнээсээ IQ буюу оюун ухааны түвшингээрээ хавьгүй дор болохыг шинжлэх ухааны судалгаа саяхан нотолжээ.
Харвардын Их сургуулийн доктор, судалгааны багийн ахлагч Шакира Франкогийн үзэж байгаагаар автомашинаас ялгардаг утаа тортог нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүүхдүүдийн оюун ухаанд тэдний эх нь жирэмсэн үедээ өдөр бүр арваас доошгүй тамхи татаж байсантай тэнцэх хэмжээний хор уршгийг учруулдаг байна.
Автомашинаас шалтгаалсан агаарын бохирдол нь зүрх-судас болон амьсгалын замын эрхтэнд хортой нөлөөлдөг болохыг судалгаагаар хэдийнэ нотолсон боловч хүний оюуны чадварт ноцтой ул мөр үлдээдэг болох нь тун бага судлагджээ. Эрдэмтэд судалгаандаа Бостон хотод амьдардаг 8-11 насны 200-гаад хүүхдийг хамруулсан аж. Тэдний танин мэдэхүйн чадварыг сорилын тусламжтайгаар тодорхойлоход агаарын бохирдолтой хотод аж төрдөг хүүхдүүд үеийнхнээсээ оюуны чадварын хувьд сайнгүй болох нь тогтоогджээ. Мөн эрдэмтэд уг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхийн боловсрол, гэр бүлийн байдал, төрөх үеийн биеийн жин, тамхины утаанд өртөмтгий эсэх зэрэг хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулсан боловч үр дүн урьдын адил гарчээ. Автомашинаас үүдэлтэй агаарт тархсан хорт хийн улмаас хүүхдүүдийн IQ буюу оюун ухааны түвшин дунджаар 3.4 шатлалаар доошилдог болохыг судалгаагаар баталсан байна. Ялангуяа агаарын бохирдол дунд өдөр тутмын амьдралаа өнгөрөөдөг хүүхдүүд үгийн баялаг, ой санамж, мэдлэгийн сорилд муу дүн авчээ.
☺☺☺
Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсоны улмаас зам тээврийн осолд өртөх магадлал нь эрүүл жолоочийнхоос хэд дахин их байдаг бөгөөд ихэнх тохиолдолд хүний амь нас хохирох буюу хүнд гэмтэх уршигт хүргэдэг болохыг олон улсын ослын судалгаа харуулдаг. Жишээ нь: АНУ-д хүний амь нас хохирсон бүх ослын тэн хагас нь согтуугаар автомашин жолоодсоноос үүдсэн байдаг ажээ.
Цусанд шингэсэн согтууруулах ундааны охийн хэмжээ 0.5‰ хүрэхэд зам тээврийн осол гаргах магадлал нь 5 дахин, 1‰ хүрэхэд 25 дахин, 1.5‰ хүрэхэд 125 дахин өсдөг болохыг эрдэмтэд тогтоожээ. 1‰ (1 промилл) охийн хэмжээ гэдэг нь 1 литр цусанд байгаа 1 грамм цэвэр спиртийн хэмжээ юм.
Цусанд байгаа согтууруулах ундааны охийн хэмжээ 0.5-1‰ орчим болох үед жолоочийн сэтгэн бодох чадвар муудаж, самбаачлах хугацаа удааширч, ажиллах чадварын уялдаа алдагдаж, шалмаг ажиллагаа сулрах ба замын нөхцөл байдалд дутуу дулимаг үнэлэлт өгч буруу шийдвэр гаргах, нүдний хүүхэн хараа томорч хол ойрын баримжаа алдах, шөнийн цагт эсрэг тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд амархан өртөж, гялбалтаас хэвийн байдалд эргэж орох нь саардаг зэргээс осолд өртөх магадлал туйлын өндөр болдог байна.