ХАМГИЙН ... ХАМГИЙН ...

 

Хамгийн аюул ихтэй автомашин

 

Саяхан “Forbes” сэтгүүл АНУ-ын Замын хөдөлгөөний аюулаас хамгаалах институт (IIHS)-ийн судалгаанд тулгуурлаж 2006 оны хамгийн аюултай автомашинуудын жагсаалтыг гаргажээ.

Эдгээрийн тоонд манай улсад элбэг байдаг “Hyundai”, “Kia”, “Mazda”, “Toyota”-гийн автомашинууд орсон байна. Зам тээврийн ослын үед эдгээр маркийн автомашинуудын заримынх нь аюулгүйн дэр ч жолоочид тус болж чадахааргүй байна гэнэ.

“Forbes” сэтгүүлийн хар дансанд орсон зургаан автомашиныг танилцуулъя. Нэгдүгээрт буюу хамгийн аюул ихтэй автомашинаар Солонгосын “Hyundai” корпорацын “Elantra” маркийн автомашин оржээ. Энэ автомашин хэдийгээр аюулгүйн дэртэй ч мэргэжилтнүүдээс “муу” үнэлгээ авсан байна. Хоёр, гуравдугаарт Солонгосын “Kia Optima”, Японы “Mazda” оржээ. IIHS-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Японы “Mazda” хажуугаас нь мөргөхөд маш хэврэг гэнэ. Харин дөрөв, тавдугаарт Японы “Nissan Sentra”, “Suzuki Forenza” орсон байна. Эдгээр автомашинуудад мэргэжилтнүүд “дунд” үнэлгээ тавьсан аж. Хар дансны хамгийн сүүлд буюу зургадугаарт Японы “Toyota Corolla” оржээ. Уг автомашины аюулгүйн байдлын хамгаалалтын систем нь дээрх автомашинуудаас илүү боловч сорилын үеэр хажуугаас нь мөргөхөд хэврэг, жолоочийг бүрэн хамгаалж чадахгүй нь нотлогдсон аж. Хэрэв “Corolla”-гийн энэ дутагдлыг арилгавал хар дансаас хасч болох тухай IIHS-ийн мэргэжилтэн ярьсан байна.

Yнэ дагаж чанар гэдэг. “Автомашин үнэтэй байх тусам төдийчинээ аюулгүй” гэж “Forbes” сэтгүүл дүгнэжээ. Гэвч дээд зэрэглэлийн “люкс” ангиллын “Mercedes-Benz”, “Jaguar” зэрэг үнэтэй автомашинуудаас ч дутагдал илэрсэн байна. Дашрамд дурдахад “Даймлер”-ийн нэгэн шинэ загварыг өчүүхэн дутагдлаас нь болж борлуулахыг нь хориглож байжээ.

 

☺☺☺

 

Хамгийн эдэлгээ сайтай автомашин

 

Их Британийн “What Car” сэтгүүл хамгийн эдэлгээ сайтай автомашиныг шалгаруулахад Японы Honda Accord, Civic тэргүүлжээ. Учир нь тус сэтгүүлийн гаргасан судалгаагаар Их Британд сүүлийн хоёр жилд зарагдсан дээрх маркийн автомашинуудын 10 хувь нь засварт орсон байна. Харин удаах байранд Mazda - 10.7, Nissan - 13.3, Lexus - 15.1 хувь нь засварт орсон үзүүлэлтээр бичигджээ.

 

☺☺☺

 

Хамгийн хэврэг автомашин

 

Америкийн «J.D. Power and Associates» компани 47 мянган автомашин эзэмшигчдийг хамруулсан судалгаанаас дэлхийн хамгийн хэврэг автомашинуудыг тодорхойлсон байна. Ингэхдээ автомашин худалдан авснаас хойш гурван жилийн дотор автосервис төвүүдэд хандсан эзэмшигчдийн тоог гол шалгуур болгожээ.

Судалгаанаас харахад «Ford Motor»-ын мэдэлд байдаг Английн «Land Rover» маркийн автомашин дэлхийн хамгийн хэврэг автомашинаар тодорчээ. Энэ маркийн 100 автомашин тутамд эзэмшигчдийнх нь зүгээс гурван жилийн дотор 438 гомдол гаргаж байсан нь шинэ автомашин аваад гурван жилийн дотор дөрвөн удаа засвар хийлгэсэн гэсэн үг юм. Yүнээс үзвэл «Ford Motor» корпорацийг үндэслэгч Генри Фордын хэлсэн «Дараа нь сэлбэгийг нь борлуулах гэж л автомашин үйлдвэрлэдэг юм» гэсэн үгийг корпорацийн одоогийн удирдлага хэт үгчлэн ойлгоод, ягштал мөрдөж байгаа бололтой.

Хамгийн хэврэг, найдваргүй автомашинуудын хоёрдугаарт Америкийн «General Motors»-ийн мэдэлд байдаг Шведийн «Saab» оржээ. Энэ маркийн 100 автомашин тутамд гурван жилийн дотор 326 гомдол ирсэн байна. «Saab»-ын дараа 318 гомдолтойгоор Японы «Suzuki» орсон ажээ.

 

☺☺☺

 

Хамгийн том мотоцикл

 

Америкийн Калифорн мужийн Стоктон сууринд амьдардаг Грег Данхем гэгч мотоциклын хорхойтон эр дэлхийн хамгийн том мотоциклыг зохион бүтээжээ.

Энэхүү аварга мотоцикл гурван тонн жинтэй бөгөөд газраас 4.5 метр өндөр аж. Түүний хажууд ахуйн хэрэглээний том оврын ачааны автомашин ч бяцхан муур шиг харагддаг гэнэ. Уг аварга мотоциклыг босгоход гурван жилийн хөдөлмөр болон 300 мянган доллар зарцуулжээ. Гиннесийн амжилтыг бүртгэгчид Данхемын эл бүтээлийг “Хамгийн том явдаг мотоцикл” хэмээн тодотгожээ. Грег Данхем энэхүү мотоциклоороо Америкийг тойрон аялах хүсэлтэй байгаа гэнэ.

 

☺☺☺

 

Хамгийн хурдан автомашин

 

Тун саяхныг хүртэл цагт 350 км хурдлах чадвартай, 1.3 сая долларын үнэтэй «Bugatti Veyron»-ийг уралдааны бус загварын хамгийн хурдан автомашин гэж үздэг байв.

Гэтэл саяхан тюнингээр нэрд гарсан «Brabus» компани нь уралдааны бус загварын, дэлхийн хамгийн хурдан автомашин бүтээснээ зарлажээ. Энэхүү автомашин нь «Mercedes-Benz CLS» загварын олноор үйлдвэрлэгдэж байсан жирийн нэг «бенц» бөгөөд харин «Brabus» компанийхан уг автомашинд хоёр турбо үлээгч бүхий 5.5 литрийн эзлэхүүнтэй, 730 морины хүчтэй хөдөлгүүр тавьснаар дэлхийн хамгийн хурдан, уралдааны бус автомашин болгон хувиргажээ. Энэ автомашин нь цагт 362.4 км хурдлах чадвартай бөгөөд 100 км/цаг-ийн хурдыг ердөө 4 секундын дотор, 200 км/цаг-ийн хурдыг 10.5 секундын дотор, 300 км/цаг-ийн хурдыг 29.5 секундын дотор авах чадвартай гэнэ.