ХАРААНЫ ӨНГӨ ЯЛГАХ ЧАДВАРЫГ ШАЛГАХ ТЕСТ

 

Сүүн тэжээлт амьтад дотроос хүн, сармагчин хоёр л өнгө ялгадаг гэдэг. Тэр мөртлөө өнгө ялгах чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг нь бүр ч гайхалтай. Зарим хүний хараа өнгө маш сайн ялгаж, олон янзын өнгө гэрлээр ертөнцийг тольдож байхад харин зарим нь хорвоогийн эрээн барааныг цөөхөн өнгөөр ялгадаг гэнэ. Харааны өнгө ялгах чадвар төрөлхийн байхаас гадна олдмол шинжтэй байна. Төрөлхийн өнгө ялгах чадваргүй, өөрөөр хэлбэл нохой, мал амьтан лугаа адил зөвхөн хар, цагаан өнгөөр хардаг харалган хүн байдаг. Ийм хүн ховор боловч зарим завсрын өнгийг бусдаас нь ялгаж харах чадваргүй хүн харин цөөнгүй байдаг байна. Түүнээс гадна биеийн эрүүл мэнд, тухайн үеийн цаг агаарын нөхцөл, орчны гэрэлтүүлгийн байдлаас хамаарч харааны өнгө ялгах чадвар өөрчлөгдөнө. Тухайлбал, бие хэт ядарсан буюу нүдний оптик элементүүд хэт ачаалагдсанаас шалтгаалж өнгө ялгах чадвар буурах тохиолдол бий. Мөн орчны гэрэлтүүлгийн хэмжээ буурсан буюу гадаа харуй бүрий болох үед хүний харааны өнгө ялгах чадвар хэдэн мянга дахин буурч улмаар юмсыг зөвхөн хар, цагаан өнгөөр ялгах хэмжээнд хүрдэг.

Жолооч хүний хараа хурц байхаас гадна өнгийг сайн ялгадаг байх ёстой. Учир нь замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийн утга, үйлчлэлд өнгө чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал: Гэрлэн дохио улаан, шар, ногоон гурван өнгөөр асна. Эдгээр өнгийг ялгаж харах чадваргүй хүн замын хөдөлгөөнд оролцоход туйлын бэрхшээлтэй байх нь мэдээж. Гэхдээ тухайн гэрлийн байрлалаар нь ямар дохио асаж байгааг мэдэж болно. Өөрөөр хэлбэл босоо гэрлэн дохионы хувьд хамгийн дээд талын гэрэл асч байвал улаан, харин хэвтээ гэрлэн дохионы хувьд хөдөлгөөний эсрэг талд байрласан гэрэл асч байвал улаан гэрэл дохио гэж ялгах боломжтой. Энэхүү гэрэл дохионуудын тогтсон байрлал нь өнгө ялгах чадвар буурах тохиолдолд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн техникийн шийдэл юм. Үүнээс гадна замын тэмдгүүд болон хөдөлгөөн хязгаарлах хаалт, хашилт, шонгуудыг өнгө будгаар ялган тэмдэглэдэг бөгөөд өнгө бүр нь тухайн зүйлийн утга агуулгыг илэрхийлнэ. Замын тэмдгүүд нь өнгөөр ялгагдахаас гадна хэлбэрээрээ ялгагддаг нь мөн л дээрх асуудалтай холбоотой техникийн шийдэл юм. Тухайлбал, гэрэлтүүлэг муутай үед анхааруулах тэмдгийн өнгө ялгагдахгүй байлаа ч түүнийг гурвалжин хэлбэрээр нь таньж болно гэсэн үг. Гэхдээ л замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл бүрийг хэлбэрээр нь ялгаж таних боломжгүй. Иймээс ч жолооч болох хүнийг эмнэлгийн үзлэгээр оруулж харааны өнгө ялгах чадварыг нь шалгадаг учиртай.

Хэрэв та жолооч болох гэж байгаа бол юуны өмнө харааныхаа өнгө ялгах чадварыг доорхи тестүүдээр шалгахыг зөвлөе. Мөн өнгө ялгах чадвар муу бол жолооч болох хэрэггүй гэдгийг ч давхар зөвлөе.

Доорхи дугуй дүрсүүд доторхи цифрүүдийг дэвсгэрээс нь төвөггүй ялган харж байгаа бол таны харааны өнгө ялгах чадвар сайн байна.