ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙГ 1925 ОНД ШИЙДВЭРЛЭЖ БАЙСАН ТҮҮХЭН БАРИМТ

 

Оршилд өгүүлэх нь

 

Түүхэн баримт материалуудаас харахад хорьдугаар зууны эхэн үеэс буюу барагцаалбал 1910-аад оноос Монгол оронд автомашин анх үзэгдэж эхэлсэн бөгөөд гол төлөв Орос, Хятадын худалдаа наймааны пүүс, компаний цөөн тооны автомашин манай улсын нутгаар дамжин Хиагт - Их хүрээ - Чуулалт хаалга гэсэн чиглэлийн дагуу тээвэр хийж байжээ. Энэхүү гадаадын худалдаачдын байнгын бус тээвэр нь Монголын эдийн засаг, тээвэр, зам харилцааны хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахааргүй, зөвхөн шинэ үзэгдэл төдий байв. Тээврийн байнгын хөдөлгөөний дагуу тогтсон чиглэл бүхий дардан замууд ч байсангүй. Гэхдээ тун удалгүй европ болон америкийн автомашинууд хятадаар дамжин цувах болсон бөгөөд 1918 оноос Өргөө - Хаалганы замаар автотээврийн байнгын харилцаа тогтож эхэлжээ. Энэ үеэс Монгол улсын нутаг дэвсгэр дээр гадаадын хүмүүс гэлтгүй монголчууд ч автомашинаар зорчих нь ихэссэн бөгөөд манай орны автотээврийн хөгжлийн үндэс суурь тавигдаж эхэлжээ. Гэвч ...

Автотээврийн харилцаа өсөн нэмэгдэхийн хэрээр, тэнд хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал өндийн босч ирдэг жам ёсоор 1920-оод оноос манай оронд автомашины осол, хэрэг удаа дараа гарах болж энэ асуудал ард нийт болон төр засгийн анхаарлыг татаж эхлэв.

1923 онд Хятад пүүсийн жолооч Бронштейн гэгч согтуугаар автомашин жолоодож яваад Дамчаа гэгч цэргийг дайрч амь насыг нь бүрэлгэжээ. 1925 онд Хятад Далайн пүүсийн жолооч Ты Юань Күй гэгч автомашин жолоодож яваад хашааны гадна тоглож байсан П.Долгорсүрэн гэгч охиныг дайрч амь насыг нь хохироожээ. Мөн онд Оросын “Центрсоюз” хэмээх хоршооны автомашин, Шавь яамны жолооч Загдын унаж явсан автомашинтай мөргөлдсөн осол хэрэг гарчээ. Мөн Цэргийн яамны жолооч Сыциков гэгч орос этгээд, автомашинаар хэтэрхий хурдлан давхиж яваад Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахын хүү Доржготовыг дайрч хүнд бэртээсэн хэрэг явдал гарчээ.

Энэ мэт түүхэн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн хэргүүдээс гадна баримтжиж амжаагүй осол хэргүүд цөөнгүй гарч байсан нь дамжиггүй. Тухайн үед зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээ, гудамж замын хөдөлгөөнийг журамлан зохицуулах эрх зүйн ямар ч зохицуулалт байгаагүйгээс жолооч нар болон явган хүмүүс гудамж замаар эмх замбараагүй зорчиж, улмаар осол хэрэгт өртөх явдал нэмэгдэх хандлагатай болж иржээ. Тэр бүү хэл нэгэнт гарсан осол, хэргийн буруутай эзнийг тогтоох, хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ч эрх зүйн орчин үгүйлэгдэж эхлэв. Асуудал хүндэрч эхэлснийг мэдэрсэн тухайн үеийн төр засгийнхан холбогдох дүрэм, журмыг нэн даруй боловсруулан гаргах нь зүйтэй хэмээн үзсэнээр Монгол улсын анхны замын хөдөлгөөний дүрэм үүсэн бий болсон юм.

Замын хөдөлгөөний дүрэм үүсэн бий болоход цаг үеийн болон нийгмийн аж байдлын олон угтвар нөхцөлүүд нөлөөлсний дотроос жинтэй түлхэц өгсөн нэгэн хэрэг явдлын түүхийг баримт түшиглэн сонирхуулъя.

Энэ хэрэг явдал 1925 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Ардын Засгийн газрын 11 дүгээр хурлын бичгийн 9 дүгээр зүйлд тэмдэглэгдэн үлджээ. Тэмдэглэлээс үзвэл: Цэргийн яамны жолооч Сыциков гэгч орос этгээд, автомашинаар хэтэрхий хурдтай явж байгаад хүү Доржготовыг нь дайрч гэмтээсэн учир хохирлоо барагдуулах хүсэлтийг түүний эцэг Цогбадрах Шүүх явдлын яаманд мэдүүлжээ. Гэвч уг хэргийг Шүүх явдлын яам шийдэж өгөхгүй удаасан учир эцэг Цогбадрах нь Засгийн газарт бичиг өргөж, таслан шийтгүүлэхийг хүсчээ. Засгийн газраас уг хэргийг нэн даруй нягтлан үзэж нэг тийш болгон шийдээд, хэрхэн шийдсэн тухайгаа хариу ирүүлэхийг Шүүх явдлын яаманд даалгажээ. Шүүх явдлын яам уг хэргийг хянан үзээд, эцэг Цогбадрахын нэхэмжилсэн 845 янчааныг буруутай этгээдээр төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн боловч хэргийн эзэн Сыциков үнэхээр гар хоосон нөхөр байсан учир түүний харьяат албан газар болох Цэргийн яамнаас уг хохирлыг гаргуулан төлүүлж, Сыциковыг 6 сар гянданд хорихоор төлөвлөснөө Засгийн газрын 11 дүгээр хуралд оруулан хэлэлцүүлжээ. Тус хуралдаанаар Цэргийн яамнаас гаргуулах 845 янчааныг 500 байх нь зохистой гэж үзээд бусдыг нь Шүүх явдлын яамны төлөвлөсөн ёсоор баталсан байна.

Энэхүү хэрэг явдлаас улбаалан Шүүх явдлын яам аливаа автомашины хөдөлгөөнийг журамлах, ялангуяа хурдыг нь хязгаарлах талаар дүрэм тогтоолгох хүсэлтийг Засгийн газарт уламжилсан нь бүрэн дүүрэн дэмжлэг авч, улмаар дээрх хэрэг явдлаас сар гаруйхны дараа буюу 1925 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлаар «Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм» нэртэй 21-н зүйл бүхий манай улсын анхны Замын хөдөлгөөний дүрэм батлагдан гарсан түүхтэй.

Анхны Замын хөдөлгөөний дүрэм бий болоход жинтэй нөлөөлсөн дээрх хэрэг явдлын түүхэн баримт болох Ардын Засгийн газрын 11 дүгээр хурлын бичгийн 9 дүгээр зүйлийг монгол эх бичмэлээс нь хөрвүүлэн буулгаснаа толилуулъя.

 

Монгол улсын арван тавдугаар он1 дөрвөн сарын гуравны өдөр

 

АРДЫН ЗАСГИЙН ГАЗРАА ХУРЛЫН ОЛОН ГИШҮҮД ХУРАЛДАЖ ЗӨВЛӨЛДӨН ТОГТООСОН АРВАН НЭГДҮГЭЭР ХУРЛЫН БИЧИГ

 

..........2

Есдүгээр зүйл. Үүний урьд Дотоод явдлын яамны туслах түшмэл Цогбадрахаас Цэргийн яамны уурын тэрэгний жолооч орос Сыциков уурын тэргээр хэтэрхий довтолгон явж хөвгүүн Доржготовыг дайруулж үлэмж эмгэг олгосныг эм ном шийдүүлж хөрөнгө хохирсон зэрэг олон учрыг Шүүх явдлын яамнаа мэдүүлсэн боловч гурван сар гаруй болтол уг хэргийг таслан шийтгэсэнгүй хэмээх зэрэг олон учрыг гаргаж таслан шийтгүүлэхийг эрж бичиг өргөсөн тухайд манай Засгийн газраас тэрхүү жолооч Сыциков тийнхүү зүй бусаар довтолгон явж хүнийг дайруулан хүнд эмгэг олгохуйд хүргүүлсэн ба, харъяат Шүүх явдлын яам уг хэргийг удтал нэгэн тийш болгож шийтгэн дуусгасангүй гэгч үнэн аваас хэргийн зүйд үл нийлэлцсэн бөгөөд уг хэргийг энэ завсраа хэрэв шийтгэн дуусгаагүй аваас даруйд зохигчдыг байцааж удаа хэргийн ёсоор шийтгэн дуусгаж, хэрхэн шийтгэсэн явдлыг хариу ирүүлэхээр Шүүх явдлын яамнаа явуулсан нь эдүгээ харъяат яамнаас уурын тэрэг болбоос өөрөө хөдлөн явах нь бус гагцхүү жолооч хүний гарын аясыг дагалдан явах машин бүхий эдлэл мөн бөгөөд жолооч Сыциков олон хүн үймцсэн хот зээлийн газраа энэ мэт хүчирхэг машин бүхий тэргийг явуулахуйд сайтар санаа болгоомжилсонгүй гүйлгэн явснаас хүнийг дайруулж ийнхүү хэрэг өдүүлсэн болох ба бас манай яамны газраа зүй бус үг хэлсэн нь үнэхээрийн нийлэлцэхгүй түрэмгийлэн явах хэрцгий ард мөн бөгөөд чингэж зүй нь төлбөр зүйлийг гаргуулан олгуулж цээрлүүлэн шийтгэж, энэ мэт түрэмгийлэн явагчдад дүрэм үзэмж болгон хилс хохирсон этгээдийн гомдлыг барагдуулваас зохих бөгөөд үүнд тусгай комисслон үзүүлсэн орос эмчээс Доржготовын биеийн бэртэнгэ ажил хийхүйд гэм болсон зүйл үгүй харин хоёр сарын чөлөө олгож амруулваас зохих мэт хэмээжээ. Монгол эмч бариач нар түүний нүд хялар, хөл доголон болж, басхүү ухаан балай болсон хэмээх нь алгуураар эмчлүүлвээс сайжрах болов уу хэмээсэн учир Доржготовын биеийг харъяат яамны газраа зарлан ирүүлж үзвээс түүний нэг нүд тэсгүй ба бас нэг хөл бага доголон болсон нь үзтэл илэрхий ба бусад бие царай өнгө нь сайн мэт бөгөөд мөнхүү Доржготов ба түүний эцэг түшмэл Цогбадрах нараас ухаан мэдрэл ямар болохыг асууваас аливаа юмыг үргэлж умартах болжээ хэмээн хэлэх бөгөөд уг хэргийг дундыг барьж хуучныг мөрдөн түшмэл Цогбадрахын нэхэмжлэн мэдүүлсэн зүйлээс биеэр зарцуулан сүйтгэсэн хэмээх янчаан найман зуун дөчин тавыг тоо ёсоор төлүүлэхэд харъяат жолооч үнэхээрийн гар хоосон хэмээх үнэнтэй аваас уг тэрэг албаны эдлэл болох тул төлбөрийг харъяат Цэргийн яамны албаны зүйлээс гаргуулан олгуулж хохирсон этгээдийн гомдлыг арилгаваас зохихоос гадна энэ хэргийн жолооч Сыциковыг зургаан сар гянднаа хорьж цээрлүүлэн шийтгэж таслан дуусгаваас зүйтэй мэт боловч ийнхүү таслан шийтгэвээс нийлэлцэх ба үл нийлэлцэх явдлыг тогтоон шийтгэмү хэмээх зэрэг ирсэн хэргийг хэлэлцээд энэхүү Доржготовыг албаны эмч эмчлэн эдгээсэн болох тул гүрэм ном зэрэгт зарцуулан сүйтгэсэн хэмээх янчаан найман зуун дөчин тавыг олгох хэмээсэн нь харин нийлэлцэхгүй гагцхүү орос эмчээс түүний биеийн бэртэнгэ ажил хийхүйд гэм болсонгүй харин хоёр сарын чөлөө олгож амруулваас зохих мэт хэмээсэн ба монгол эмч нар алгуураар эмчилвээс сайжрах болов уу хэмээсний дээр бас ч түүний ажлыг удтал саатуулсан болох нь хохирол үлэмж бүхий мэт учир, зохисыг үзэж янчаан таван зууг зохих газраас гаргуулан олгуулж бусдыг харъяат яамны төлөвлөсөн ёсоор болгон баталж Шүүх явдлын яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтов.

..........2

 

Ерөнхий сайд

ЦЭРЭНДОРЖ

Засгийн газрын зөвлөх түшмэл бөгөөд Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч

ЭЛБЭГДОРЖ

Нарийн бичгийн дарга

ЛАМЖАВ

Хууль цаазыг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл

СОНОМДОРЖ

Дотоод яамны хамаарсан сайд бөгөөд эрхэлсэн түшмэл

ДАВААДАГВА

Гадаад яамны эрхэлсэн түшмэл

ДАВАА

Цэргийн яамны сайд

МАГСАРЖАВ

Эрхэлсэн түшмэл

ЧӨЛӨӨ

Сангийн яамны сайд

БАДРАХ

Эрхэлсэн түшмэл

ДОВЧИН

Шүүх яамны сайд

НАЙДАНСҮРЭН

Зөвлөх түшмэл

ГО БАДАМЖАВ

Аж ахуйн яамны хамаарсан сайд бөгөөд эрхэлсэн түшмэл

ЖАДАМБА

Ардыг гэгээрүүлэх яамны хамаарсан сайд

ДАШНЯМ

 

________________

1/ Монгол улсын арван тавдугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 15 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1925 он болно.

2/ Энэхүү хурлын бичиг 12 зүйлтэй бөгөөд энд есдүгээр зүйлээс бусдыг нь оруулалгүй орхив. Жич: Уг хурлын бичгийн гар бичмэлийг бүрэн эхээр нь үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.