Монгол улсын хорьдугаар он1 арван нэгэн сарын хорин наймны өдрөө хуралдсан

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭРХЛЭХ ТОВЧООНЫ ДАЛАН ТАВДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

 

..........2

Гурав. Шүүх яамнаас тус улсын хязгаарын дотор уурын ба мотоциклет тэргэдийг хэрэгсэх тухайн дүрэм3, мөн уурын тэргэд ба тэмээн хөсөг дугуй зэргийн зүйлийг хэрхэн жолоодож хөдөлж явах нэвтрэх тухайн дүрэм, бас гарааш байгуулах ба галын аюулаас хамгаалах тухайн зааврыг Дотоод яамнаас тус тус төлөвлөн зохиосныг хянаж засамжлан гүйцэтгэсэн учир батлан тогтоому хэмээн 37 тоот бичгээр мэдүүлэн ирснийг хэлэлцээд уурын тэргэдийг эдлэх тухай дүрмийн дөрөвдүгээр зүйлийн тайлбарыг бага засамжлан зүйтэй болсон учир цөм ёсоор болгон баталж гүйцэтгүүлэхээр тогтов.

..........2

 

 

Ерөнхий сайд

(Гарын үсэг)

Жинхэнэ орлогч сайд

(Гарын үсэг)

Эрхлэх товчооны гишүүн

(Гарын үсэг)

Нарийн бичгийн дарга

(Гарын үсэг)

 

Энэхүү 75 дугаар хурлын тогтоол 5 зүйлийг Засгийн газрын 39 дүгээр хуралд сонсгон батлуулав.

 

________________

1/ Монгол улсын хорьдугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 20 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1930 он болно.

2/ Энэхүү хурлын тогтоол таван зүйлтэй бөгөөд энд гуравдугаар зүйлээс бусдыг нь оруулалгүй орхив. Жич: Уг хурлын тогтоолын гар бичмэл болон хэвлэмэл бичгийг бүрэн эхээр нь үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

3/ Энэхүү гуравдугаар зүйлд баталсан «Уурын ба мотоциклет тэргэдийг эдэлж хэрэгсэх тухай дүрэм»-ийг монгол эх гар бичмэлээс нь хөрвүүлэн, дор бүрэн эхээр нь толилуулж байна.

 

 

Дүрэм зааврууд нь

 

Өмнөх өгүүлэл

 

Тус улсын дотор оньсон хүчний тээврийн зүйл үлэмжхэн дэлгэрч өргөжин аж ахуй хөгжихийн хамт, улсын аж ахуйн нэг ихээхэн чухал зүйл болон холбогдон ирж буй учир, машин ба мотоциклет тэргэдийг ашиглан хэрэгсэх явдлыг журамтай болгож хэмжээ хязгаарыг тогтоох нь чухал болох үүнд, машин тэргэдийг хэрхэн хэрэгсвээс үлэмжхэн ашиг тус олохыг тогтоох ба ажил чадварын чанарыг сайжруулах хийгээд эдэлж хэрэгсэх хугацааг уртатган сунгахыг тус тус тогтоомой.

Иймд үүнд зориулан Дотоод явдлын яамнаас улсын албаны ба олон нийтийн олон газруудаас тус тусын машин ба мотоциклет тэргэдийг хэрхэн эдэлж хэрэгсэх тухай дүрмийг тогтоон гаргах нь:

 

УЛСЫН АЛБАН БА ОЛОН НИЙТИЙН ГАЗРУУДААС ТУС ТУСЫН ГАЗРЫН УУРЫН БА МОТОЦИКЛЕТ ТЭРГЭДИЙГ ЭДЭЛЖ ХЭРЭГСЭХ ТУХАЙ ДҮРЭМ

 

Нэгдүгээр бүлэг

 

1. Уурын ба мотоциклет тэргэд болбоос улсын албан ба аж ахуйн газруудын орон тооны эд хогшил болох бөгөөд тэдгээрийг зохих хогшил хөрөнгөний данснаа оруулж бичвээс зохимой.

2. Олон газруудаас тус тусын уурын ба мотоциклет тэргэдийг гагцхүү тус албан газрын албаны хүмүүсээс гагцхүү албан хэрэгт хэрэгсэж болмой.

Үүнд тайлбарлах нь: Зохих зардлыг гаргуулан авч амин хувийн хэрэгт заримдаа хэрэглүүлж болмой.

3. Уурын ба мотоциклет тэрэг олгох явдлыг улсын албан ба олон нийтийн газруудын эрхлэгчдээс буюу тухайн явдлыг гүйцэтгэхэд тусгай томилогдсон хариуцлага бүхий хүмүүсээс эрхлэн гүйцэтгэмой.

Үүнд тайлбарлах нь: Уурын ба мотоциклет тэргэдийг гараашаас дуудан ирүүлж хэрэглэх эрх бүхий хүмүүсийн нэрсийн жагсаалт хуудсыг зохиож гараашийн эрхлэгчид олговоос зохимой.

4. Машин тэргэдийг зарим нэгэн хүмүүсийн ганц биед эдлүүлж үл болмой.

Үүнд тайлбарлах нь: Энэхүү зүйлд тогтоосон нь машин хэрэглэн буй олон яамны сайдууд ба тэдгээрээс эдлүүлэхээр ногдуулан олгосон хүмүүст үл хамаармой.

5. Уурын ба мотоциклет тэргэд хэрэг ажилгүй цаг үест тус тусын гарааш буюу засварлагдан буй аваас зохих үйлдвэрийн газраа оршмой.

6. Уурын ба мотоциклет тэргэдийн ажил явдлыг бүртгэхийн тулд явсан зам өнгөрсөн хугацаа ба хэн гэгчид хэрэглүүлэхээр олгосон болохыг тус тус тодорхойлон бичсэн замын хуудас хэмээхийг хэрэглэхээс гадна суудлын хүмүүсээс тус замын хуудасны дээр үсгийг зурж нэвтэрсэн зам ба өнгөрсөн хугацааны үнэнтэй болохыг эрхбиш баталваас зохимой.