Энэхүү дүрмийг 201 оны 7 сарын 4-ний өдөр

Засгийн газрын Эрхлэх Товчооны 39-р хурлын

тогтоолын 4-р зүйлд ёсоор болгон батлав.

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХЯЗГААР ДОТОР УУРЫН ТЭРГЭД БА МОТОЦИКЛЕТУУДЫГ ОРУУЛЖ АВЧРАХ ЯВДЛЫГ ЖУРАМТАЙ БОЛГОХ ТУХАЙ ДҮРЭМ

 

Тус улсад уурын тэргэд ба мотоциклетуудыг оруулж авчрах явдлыг хэв журам бүхий болгохыг зорьж, мөн Монгол улсын нутаг орны байдалд тохируулан ямар нэгэн хэвийн ба ямар хэлбэр маяг марк бүхийг авч хэрэглэвээс нийлэмжтэй болгохыг эрмэлзэхийн тул, олон албан ба бусад газруудад хийгээд энгийн хүмүүсүүдэд гарын авлага болгож эдгээр зүйлүүдийг дагаж гүйцэтгэвээс зохих нь:

1. Суудлын хөнгөн ба ачааны уурын тэргэд мөн мотоциклет зэргүүдийг гадаадаас хил нэвтрүүлж авчрах явдлыг урьдаар гагцхүү Монгол улсын хувь нийлүүлсэн Монгол транс хэмээх тээх ба харилцан нэвтрэлцэх явдлыг эрхлэх газар лугаа харилцан хэлэлцэж тухайн зөвшөөрлийг авч сая гүйцэтгэж болмой.

2. Гадаадаас уурын тэргэд ба мотоциклетуудыг худалдан авч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил хязгаарыг нэвтрүүлж оруулахыг эрмэлзэх олон албан ба бусад газрууд хийгээд хүмүүсээс тухайн явдлыг даруй Монгол трансад мэдэгдэж мөн тус газраас хил нэвтрүүлж авчрах зөвшөөрлийг авсны дараа гүйцэтгэвээс зохимой.

3. Монгол хязгаарын дотор Монгол трансын зөвшөөрлөөр оруулж авчирсан уурын тэргэд ба мотоциклетуудыг хүрэлцэж ирвээс зохих газраас хүлээж авмагц таван өдрийн хугацааны дотор урьд нэгэнт ухуулан нийтэлсэн тухайн дүрмийн ёсоор авчирч гүйцэтгэвээс зохимой.

4. Эл дүрмийг журамлан дагаж гүйцэтгэж буй үгүйг хянах болгоомжлох явдлыг Монгол трансад хүлээлгэмой.

5. Нэвтрүүлж авчрах явдлын хэв журмыг зөрчигчдөд зохих хариуцлагыг хүлээлгэж шийтгүүлмой.

 

________________

1/ 20 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 20 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1930 он болно.