211 оны 8 сарын 14-ний өдөр

 

ЖОЛООЧ НАРЫН ЧАДВАР МЭРГЭЖЛИЙГ ШАЛГАН ҮЗЭХ
УЛСЫН ШАЛГАЛТЫН КОМИССЫН ТУХАЙ ДҮРЭМ

 

Нэг. Ерөнхий анги

 

1. Жолооч нарын мэргэжлийг улсаас шалган үзэхээр томилогдсон комисс бол жолооч нар ба мөн жолоочийн нэр олохыг хүсэгчдийн чадвар мэргэжлийг шалгах, жич Бүгд Найрамдах Монгол Ард Улсын жинхэнэ жолооч нарыг дүрэм журамтай болгох эрх үүрэг бүхий болмой.

2. Тус комисс дор жагсаан тодорхойлсон газруудын төлөөлөгч нараас бүрдэн тогтмой.

1. Төв хянан байцаахаас 1 хүн

2. Монгол трансаас 1 хүн

3. Хотын захиргаанаас 1 хүн

4. Харьяа үйлдвэрчний үүрээс 1 хүн

5. Дотоод явдлын яамнаас 1 хүн

3. Тус комиссоос тогтоохыг төлөвлөн буй зэрэг дугаарыг шалгах шалгалтын программ хэмээх хэрхэн шалгаж гүйцэтгэх төлөвлөгөөг зохиомой.

4. Тус комисс бол хотын захиргааны мэдүүлснийг ба техникийн үндсэн зүйлүүдийг баримтлан тус Улаанбаатар хотын дотор суудлын уурын тэргэдийн нааш цааш сэлгүүцэн явах тухайн дүрэм зааврыг тус Улаанбаатар хотын захиргааны газрын аливаа эрхбиш дагаж гүйцэтгэвээс зохих тогтоол лугаа нэгэн адилаар зарлан гүйцэтгэмой.

5. Тус комиссоос жолооч нарыг хэрхэн бүртгэх ба мөн тэд нарт олгох үнэмлэхийн маяг хийгээд, эрх үүргийг тогтоомой.

6. Тус комисс бол өөрийн үзэмжээр буюу бусад албан газруудаас мэдүүлснээр тус комисс зохион гаргасан дүрэм зааврыг зөрчигч жолооч нарыг бууруулж өөрчлөх2 эрх бүхий болмой.

7. Тус комиссын ажлыг хөнгөвчлөхийн тулд зөвлөх эрх бүхий боловсронгуй эрдэмтэн хүмүүсийг уриалан хэрэглэж болмой.

8. Тус комиссоос зохион гаргасан бөгөөд дээрх 5 дугаар зүйлийн ёсоор хотын захиргааны газраас зарласан заавар дүрмүүдийг дагаж гүйцэтгүүлэхийг хотын захиргаа ба цагдан сэргийлэх газраас тус тусын үүрэг болгон гүйцэтгэмой.

9. Улсын шалгалтын комисс бол хувь нийлүүлсэн Монгол трансын уурын тэрэгний хэлтсийн дэргэд орших бөгөөд ногдсон үүргийг гүйцэтгэхийи тулд тус комиссоос тогтоосон хугацаанд цугларан хуралдаж гүйцэтгэмой.

 

Хоёр. Эл шалгалтыг хэрхэн гүйцэтгэх тухайн анги

 

10. Ард иргэдээс хэн ч бол эр эм хэмээн ялгаварлах зүйл огт үгүй, жолооч болох эрх бүхий бөгөөд үүнд дор дурдсан зүйлүүдийг дагаж гүйцэтгэвээс зохих нь:

1. Олон нийтийн хэрэглэх хүмүүсийг зөөх уурын тэргийг 20-оос доошгүй насны хүмүүс жолоодох бөгөөд бусад уурын тэрэг ба мотоциклет зэргийг 18-аас доошгүй насны хүмүүс жолоодмой.

2. Шалгуулж жолоочийн үнэмлэх бичиг авахыг хүсэгчдээс шалгалтын комисст дор дурдсан зүйлүүдийг авчирч өгвөөс зохимой:

1. Өргөдөл

2. Харьяат нутаг орны захиргааны газраас хөрөнгө чинээ юу болох ба нас хэд болохын тухай баримт

3. Жолоочийн үүргийг гүйцэтгэж чадах тухай эмчийн үнэмлэх

4. Биеийн зураг - 2

5. Шалгалтын хөлс мөнгийг тогтоосон хэмжээний ёсоор хураалгах. Үүнд тайлбарлах нь: Уурын тэрэг ба мотоциклет зэргийг жолоодох эрх олгосон үнэмлэх бүхий жолооч нар дахин эмчээр үзүүлэхгүй бөгөөд урьдаар шалгуулалгүй цаашид хэвээр жолоодох болмой. Шалгарагсдын зохиож төлөвлөсөн программаар шалгалтын комисст уурын тэрэг ба мотоциклетийг шинжлэх ухаан ба чадвар дадлын хувиар шалгуулах буюу хэрэв тусгай жинхэнэ ба түр сургуулиудын программ лугаа тохирох программ төлөвлөгөө бүхий уурын тэрэгний сургууль төгсгөсөн ахул зохих үнэмлэхийг мөн комисст авчирч үзүүлбэл зохимой.

4. Өөрийн хүчийг үнэлж бусдад, жолоочийн албыг үл хаагчид гагцхүү жолоодох чадвар дадлагын хувиар шалгуулах бөгөөд олгох үнэмлэхэд уг ажлыг эрхлэх эрхгүй болмой хэмээн тэмдэглүүлмой.

Үүнд тайлбарлах нь: Жинхэнэ ба сургуулиудын газраа Монгол трансын төлөөлөгчдийн буйд шалгагдсан хүмүүсийг дахин шалгахгүйн дээр анх шалгахад олгосон үнэмлэх нь хүчин төгөлдөр болмой.

5. Шалгуулахыг эрмэлзэж буй аль нэгэн хүн бол харьяат нутаг орны захиргааны газраас ажиллан буй буюу ажиллахыг завдан буй газар уурын тэргэдийн сэлгүүцэн явах тухай гаргасан дүрэм зааврыг мэдвэл зохимой.

Дээр дурдсан ёсоор шинжлэх ухаан ба чадвар дадлагын хувиар уурын тэрэг ба мотоциклетийг жолоодохоор шалгагдагсдад шалгалтын эцсийг харгалзуулан комиссын тогтоосон маягийн үнэмлэх олгох болмой.

Үүнд тайлбарлах нь: Жолооч нарын үнэмлэх бол тус жолоочийн эрүүл мэнд бөгөөд ажиллан чадах цаг үргэлжид мөн тасалдуулалгүй машин дээр үргэлж ажиллаж ахуйд хүчин төгөлдөр байна.

Хэрэв гурван жилээс илүү уг ажлыг тасалдуулсан ахул гагцхүү чадвар дадлын хувиар шалгуулж тухайд үнэмлэх бичгийн дотор тэмдэглүүлмой.

6. Өөрийн үнэмлэхийг бусдад шилжүүлэн өгч үл болох бөгөөд мөн жолоодон явахдаа уг үнэмлэхийг биедээ авч явбал зохимой.

7. Шалгалтын хөлс хэмээн хураалгах зүйл байхгүй. Шалгагдсан жолооч нарт тухайн үнэмлэх хуудсыг шийтгэн олгохдоо зохих үнийг хураалгамой.

8. Аливаа жолоочийг анх шалгахад уг ажилд үл тэнцэх ахул дахин шалгаж болох бөгөөд түүний хугацааг тус тус харьяат комиссоос хянан тогтоох боловч анх шалгасан өдрөөс эхлэн бодож 1 сараас доош бус 6 сараас дээшгүйгээр тогтоовол зохимой.

 

________________

1/ 21 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 21 дүгээр он бөгөөд одоогийн он тооллоор 1931 он болно.

2/ Эх баримт бичигт “устгах” гэснийг энд “өөрчлөх” гэж засамжлан бичив.