САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН

ЕРӨНХИЙ САЙДААС ГАРГАСАН 28 ДУГААР ТУШААЛ

 

241 оны 2 сарын 13-ны өдөр

 

Тус улсын доторхи харилцааны ба тээврийн ажилд уурын тэргийг ашиглан хэрэглэх асуудал туйлын чухал бөгөөд түүнийг сайнаар хөгжүүлэх нь ажиллагчдын анхааралд гүн холбогдоно. Зарим нэгэн жолооч нарын сахилга журамгүй явдал бол уурын тэргийг ашиглан хэрэглэхэд хор учруулах байтугай улсын ардын хөрөнгөнд хохирлыг үзүүлэх хийгээд ард олны амгалан байдлыг алдагдуулахад хүргэнэ. Нилээд түрүүчийн үеэс эхлэн зарим нэгэн жолооч нарын дунд муу заншил дэлгэрсэн нь архи ууж согтуурах буюу анхаарал хичээлгүйгээр явж машиныг эвдэх, онхолдуулах, хүн, малыг дайруулах гэмтээх зэргийн хортой үзэгдэл үзүүлсээр ирсэн бөгөөд ойрноос улам бүр өрнөж ялангуяа Монголтрансын зэрэг аж ахуйн газруудын зарим нэгэн жолооч нар хот, хөдөөд хүний бие ба аянчин жинчний хөсөг малыг дайруулан алах, нутгийн ардын малыг учир дүрсгүй сарниулах, сүйтгэх, машиныг онхолдуулах буюу хайр гамгүйгээр эвдэх, бие биесийн машины хэрэглэл юмыг хулгайлах, тээсэн ачаа зүйлийг үрэгдүүлэх, бичиг шууданг төөрөгдүүлэх зэргийн үл бүтэх явдал олонтаа гарч ирсээр бий учир энэхүү муу гэмийг устган арилгахын тул Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдаас тушаах нь:

1. Уурын тэрэг бол гагцхүү жолооч нарын мэдрэлээр ажиллах бөгөөд урьдахь байдлаас авч үзэхэд жолооч нар архи ууж согтуурснаас мэдрэлээ алдаж машин ба бусад зүйлд хор сүйтгэлийг тохиолдуулсан удаа олон болох тул үүнээс хойш жолооч нарыг согтуугаар машин жолоодохыг бүрмөсөн цаазалсугай.

2. Нийт жолооч нарын сахилга бат ба анхаарлыг сайжруулан бататгахын тулд албан ба аж үйлдвэрийн байгууллагуудын удирдагчдаас захирах тушаах журмаар арга хэмжээг авч байх хийгээд мөн ч үйлдвэрчний байгууллагуудаас тусгайлан олон жолооч нарыг хуралдуулж тэд нарт сайтар ухуулан таниулах ажлыг явуулбал зохимой.

3. Зарим нэгэн жолооч нарын согтуугаар буюу өөрийн анхаарлыг сул орхин явж машинаар хүн, малын биед гэм хор болгох ба машиныг онхолдуулах, эвдэх, ачаа шууданг үрэгдүүлэх зэрэгт хүргүүлэгчдийг эрүүгийн хариуцлагад татан оруулж байх ба хэргийн материалыг дутагдуулалгүй үнэн бүрнээр илрүүлэн гаргаж шийтгүүлэн байхыг албан ба аж үйлдвэрийн газруудын удирдагчдад хариуцлагатайгаар даалгасугай.

4. Замд явж байгаа жолооч нар гүүр хийгээд давч бэрх замд тохиолдсон хүний бие ба хөсөг малыг хамгаалахын тулд тэдгээрийг тэрхүү давч газраас өнгөрч гартал машиныг зогсоон хүлээх буюу аажмаар зай чөлөөг үзэж явбал зохимой.

5. Хөдөө айл гэрийн гадаа очиход малыг сарниулан сүйтгэхэд хүргүүлэхгүйг маш болгоомжилж тэрхүү айлын хүмүүсийг машин ирэхийг мэдэж ялангуяа зэл уяаны малыг хамгаалах аргыг бэлтгэх завдахыг үзэж зөөлнөөр хүрэлцэн очиж байвал зохимой.

6. Хот суурин газар хүн ардын олноор цугларах зарим нарийн давч гудамжинд машин явахыг хязгаарлан хэмжээлэх буюу машин олноор сэлгүүцэн явах гудамжинд явган хүмүүсийн явах замыг тусгайлан тогтоох хийгээд түлээ, өвс худалдагчдын зэрэг хөсөг малыг машин олноор явдаг зам мөрөөс зайлуулан зогсоолгож байх зэргийг боловсруулан тогтоож явуулахыг Улаанбаатар хотын захиргаанд даалгасугай.

7. Шүүх Яаманд даалгах нь: Уурын тэрэг жолоодогчдын согтуугаар буюу болгоомжгүйгээр явах ба түүний улмаас хүний бие ба улсын хийгээд ардын хөрөнгөнд хохирол сүйтгэл учруулагчдыг хүндээр цээрлүүлж байх ба сүйтгэсэн зүйлийг хэрхэн төлүүлж байх тухайг шүүх цаазны бичгийн 105 дугаар зүйлийн дээр нэмэн оруулж Сайд нарын Зөвлөлд батлуулахаас гадна хэргийн байдлыг харгалзаж жолоочлох эрхийг бүрмөсөн буюу хугацаагаар хасах хийгээд ойр аж үйлдвэрт зүтгүүлэн төлбөрийг суутгуулах зэргийн хэмжээнүүдийг тодорхойгоор оролцуулан тогтоовол зохимой.

8. Сайд нарын Зөвлөлөөс гаргасан энэхүү тушаал ба цааз хууль, сахилга журмыг харшлан явах буюу хүний бие ба улсын хийгээд ардын хөрөнгөнд хортой явдлыг өдүүлэх жолооч нарыг илрүүлэн хариуцлагыг хүлээлгэх явдалд туслалцан гүйцэтгэлцэж байхыг Дотоодыг Хамгаалах Газарт даалгасугай.

 

Ерөнхий сайд

(Гарын үсэг)

Нарийн бичгийн дарга

(Гарын үсэг)

 

________________

1/ 24 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 24 дүгээр он бөгөөд одоогийн он тооллоор 1934 он болно.