АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН

ЕРӨНХИЙ САЙДААС ГАРГАСАН 202 ТООТ ТУШААЛ

 

261 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр

 

Ойрноос хот, хөдөөд ба ялангуяа Улаанбаатар хотын дотор энэ оны сүүлийн 2 сард аливаа албан, амины уурын тэрэг барьсан жолооч нарын дотроос ууж согтуурах буюу танхай балмад зүй бусаар довтлон явж энэхүү хоёр сарын завсарт бусдыг дайруулан хүний амийг бусниулсан ба хүнд хөнгөнөөр шархдуулсан хийгээд хооронд нь буюу утасны модыг мөргөж эвдлэх зэрэг аюул гэмтэлд тохиолдсон уурын тэрэг хорь гаруй тоонд хүрсний дотор даруй 8 удаагийн эвдрэл гэмтэл нь шууд хүний амийг бусниулсан ба хүнд шархдуулсан зэргийн онц аюултай явдлууд үргэлжлэн гарч бий учир зохих газрын сэргийлэлт байгуулалтад илэрч эрүүгийн хариуцлагад шилжигдэн шийтгүүлж байна. Энэ нь ганц энэ удаагийн хэрэг биш, нилээд олон жилийн өмнө оршиж ирсэн туйлын хортой хэрэг мөн болох төдийгүй ер нь энэхүү жолооч нарын ийм танхай зальхай муу байдлыг хууль цаазны хатуу хэмжээгээр цээрлүүлэн устгаж ариутгах ба дахин энэ мэт байдалд хүргүүлэхгүй болгох тухай зүйлчлэн дурдаж зохих олон газар даалган 24 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ерөнхий сайдаас 28 тоот тушаалыг гаргасан ба мөн 26 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус Сайд нарын Зөвлөлөөс уурын тэргээр Улаанбаатар хотын гудамж зээлээр явах тухай дагаж гүйцэтгэх зааврыг батлан тараасан хийгээд мөн 26 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 49 дүгээр хурлаар уурын тэрэгний зарим жолооч нар бол архи уух буюу танхай балмад байдлаар хурдлан довтолж улсын эд хөрөнгө, машинуудыг эвдэлж бүрэлгэн сүйтгэх ба тээвэрлэн яваа ардыг орхих хийгээд унагаах, гэмтээх, ачаа юмыг гээгдүүлэх, замд тохиолдсон ардууд ба хөсөг тэргийг хүртэл дайрч гэмтээх зэрэг аюулыг учруулах зэргээр сахилга журмыг алдаж, дүрэм тушаалыг зөрчиж бий явдал туйлын үл зохилдохыг тэмдэглэж тогтоосон дүрэм зааврыг хатуугаар дагаж шийтгүүлэхээр тогтоож нийтээр зарласаар болмой. Гэтэл энэхүү тогтоол тушаалын биелэлт нь ер чанартайгаар явагдаж чадсангүй, ердийн хэрэг болон өнгөрч зарим нэгэн танхай балмад жолооч нар тус засгийн газраас гаргасан хууль дүрэм, тогтоол тушаалыг санаатайгаар зөрчиж өөр өөрийн балмад муу заншил зоригоор ямар ч бодлого хичээлгүй явж энэ мэтийн хортой хэргийг үргэлжлүүлдэг болсноор үл барам харин байсаар эдийн засаг, улс үндсэнд онц хорыг хүргэж байгаа нь туйлын заналтай хэрэг бөгөөд иймд дахин энэ мэт уурын тэргийг ашиглан хэрэглэхэд хорыг учруулах ба ардын хөрөнгөнд хохирлыг учруулах хийгээд ард олны амгалан байдалд харшлах гэмт хэрэг өдүүлэхгүй болгох явдалд зохих олон байгууллагуудаас эрс хатуу арга хэмжээ авч гүйцэтгүүлэх тухай зориуд чангалан тушаах нь:

1. Тус Улаанбаатар хотын дотор эл нэр бүхий жолооч нарын ийнхүү удаа дараагаар гаргаж бий хэргүүдийн үндсэн шалтгаан нь тус жолооч нарын сахилга батгүйгээс ууж согтуурах зэргээр явсан танхай балмадын харгай ба мөн тус тусын эрхлэх албан байгууллагуудын эрх баригчдаас уул дүрэм заавар зэргийг чангатган биелүүлсэнгүй ердийн хэрэг болгож харьяат жолооч нарыг ямар нэгэн хууль зааварт харштай хэрэг гаргавч захирах тушаах журмаар шийтгэх буюу шүүх таслах газар шилжүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авч байсангүй ба мөн гэрэл, тоормос, сигналын зэрэг техникийн хэрэглэгдэхүүнийг дутагдуулж эвдэрхий муу тэргийг хэрэглүүлэн явуулсан зэргээс үндэслэгдсэн явдлууд илэрхий болохыг буруушаан тэмдэглэж үүнээс урагш аливаа жолооч бүхий улсын олон албан ба олон нийтийн байгууллагуудаас урьдахь хууль дүрэм, тогтоол тушаалыг эргэн хянаж өөр өөрийн жолооч нарын сахилга батыг чангатгаж дахин энэ мэт танхайран зөрчих гэмийг одоо даруй устгаж явуулахыг нийт олон газруудад хатуугаар даалган тушаасугай.

2. Уурын тэрэг бол гагцхүү жолооч нарын мэдрэлээр ажиллах бөгөөд жолооч нарын дотор ухуулга таниулгын хурлыг өргөнөөр явуулж, тэдний мэдрэлийг дээшлүүлэн сахилга журмыг чангалан явуулах хэрэг сайнаар явагдаж чадаагүй улирч балрагдан бий нь илэрхий тул энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн бямба гаригийн оройн 5 цагт улсын төв театрт хотын доторхи бүх жолооч нарыг Үйлдвэрчний Төв Зөвлөл ба хотын захиргаанаас эрхлэн зориуд хуралдуулж мөнхүү хурал дээр нийт жолооч нарын журамлан дагаж явах зүйлүүд ба тус тусын сахилга батыг онцоор дээшлүүлж явах зэрэг тухай ухуулга таниулгын ажлыг онц чанартайгаар үйлдэж гүйцэтгэвэл зохих явдлыг мөнхүү Үйлдвэрчний Төв Зөвлөл ба Улаанбаатар хотын захиргаанд нэгэн адил даалгахаас гадна энэхүү жолооч нарын хуралд ямар ч газрын удирдах тэргүүлэх нөхдөөс эхлэн олон албан яам ба аж ахуйн зэрэг газруудаас харьяат жолооч нарыг ийм тийм ажилтай гэж үлдээн хоцроохгүйгээр бүрэн хуралдуулан уул хурлын хэргийг хүчин төгөлдөр явуулбал зохихыг тус тусад хариуцлагатайгаар даалган тушаасугай.

3. Энэхүү хурлын дараагаар нийт жолооч бүхий газар ба ялангуяа ихээхэн олон жолооч нар бүхий Цэрэг, Дотоод явдлын яам, Монголтранс, хоршоо, комбинат зэрэг газруудад давтлагын хурлыг дахин хуралдуулбал зохих тул, Монголтранс, хоршоо, комбинат зэрэг газрын жолооч нарыг Худалдаа үйлдвэрийн яамнаас эрхлэн хуралдуулах ба бусад Цэрэг, Дотоод яамны зэрэг бусад газруудаас өөр өөрийн жолооч нарыг тус тус хуралдуулан тус жолооч нарт урьдахь хурлаас үндэслэн ухуулга таниулгын ажлыг өргөнөөр явуулж дээрх дурдсан үл зохилдох байдлыг дахин гаргуулахгүй үүрд мөрдөж явуулахад бүрэн хүчтэй нөхцөл болгохоос гадна үүнээс хойш аливаа нэгэн жолооч нараас урьд адил танхайран балмадчилж уурын тэргийг эвдэн сүйтгэх, хүний амийг бусниулах хэрэг гарвал тухай бүр илрүүлэн хатуу эрүүгийн хариуцлагад шилжүүлж байхыг Дотоод яам ба эрхлэх цагдан сэргийлэх газар даалгасугай.

4. Уурын тэрэгний жолооч нарын дотроос эл танхай балмадаар явагчдыг шүүх цаазны бичигт заасан ёсоор шийтгэн цээрлүүлж байгаа боловч зарим зүйл дээр хөнгөтгөж зөөлдөх явдал байгаагаас залхаах цээрлэх явдал төдий л хүчтэй болон чадаагүй байдал илэрхий тул алив нэгэн хүнд ноцтой хэрэг гаргасан жолооч нарыг шүүх цаазны бичгийн тусгай ангийн 118 дугаар зүйлд заасны ёсоор буудан алах хүртэл туйлын дээд хэмжээгээр шийтгэж байвал зохихоос гадна мөн машин тэрэг явах хөдлөх техникийн зүйлийг хариуцах үүрэг бүхий хэн нэгэн этгээд буюу хариуцлагыг алдсан гараашийн дарга нарыг нэгэн адил үзэж холбогдуулан шийтгэх зэргээр ийнхүү чангатган явуулбал зохихын дээр одоо албан, аж ахуй, олон нийтийн зэрэг олон газруудын машин нь гагцхүү жолооч нарын мэдэлд байгаа учраас өдөр шөнийн цагт хамаа бусаар хэсүүчлэн ууж согтуурах зэргээр хэтэрхий довтлон явж гэмт хэрэг үйлдэх явдал маш олонхи хувийг эзэлж байгаа явдал илэрхий бөгөөд иймд тэдгээр газруудын эрхлэх хариуцах албан хаагчид ба нэн ялангуяа гараашийн дарга нарын хариуцлагыг чанга тодорхой болгож эрхлэгчдийн гарын үсэг тасалбаргүй буюу зөвшөөрөлгүйгээр машин тэргийг ямар нэгэн цагт гараашаас гаргах явдлыг бүрмөсөн зогсоож энэ тухай үүрэг хариуцлагыг гараашийн дарга нар ба зохих эрхлэгчдийн мэдэлд шууд оруулан явуулж хэрэв зөрчигсдийг цаазны бичгийн ёсоор шийтгэн цээрлүүлж байх ба энэ тухай хот орны явах зорчих тухайн зааварт нэмэлт болгон тодорхойгоор оруулан гүйцэтгэх явдлыг Шүүх явдлын яам ба Цагдан сэргийлэх газруудад даалгасугай.

5. Эл жолооч нарын гажуу буруу муу байдлыг устгаж сахилга журмыг сайжруулах тухай эдгээр ажлыг явуулснаас хойш уул дүрэм, тогтоол, тушаалын биелэлт ямраар явагдаж байгаа ба бүх жолооч нарын сахилга журам хэрхэн сайжирч чадсан тухайн дүнг зохих олон газруудаас хянан бүртгэж 2 сарын эцэст хууль, тогтоолын биелэлтийг хянах комисст тодорхойлон ирүүлж хянан гүйцэтгүүлсүгэй.

 

 

Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд улсын (маршал) өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

 

________________

1/ 26 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.