БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД БА АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН 53/40 ДҮГЭЭР ХУРЛААС ТЭЭВРИЙН ЯАМЫГ БАЙГУУЛАХ ТУХАЙ ГАРГАСАН ТОГТООЛ

 

301 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

 

1. Наймдугаар хурлаас гаргасан тогтоолын ёсоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Тээврийн Яамыг байгуулж, түүнд төрөл бүрийн тээвэр ба зам барилгын ажлыг зохион байгуулж удирдах үүргийг хүлээлгэсүгэй.

2. Тээврийн Яамны сайдад нөхөр Намсрайг баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн гишүүн болгосугай.

3. Энэхүү Тээврийн Яамны дагаж мөрдөх дүрэм ба зохион байгуулалтыг 7 хоногийн дотор боловсруулан ирүүлж батлуулахыг Тээврийн Яамны сайдад даалгасугай.

4. Тээврийн Яамны аппаратыг зохион байгуулах ажилд нэн даруй шилжин орж уул ажлыг 30 оны 11 дүгээр сарын 1-нээс хожимдуулахгүйгээр дуусгаж энэ 30 оны эцсийн 2 сарын орон тоо төсвийг Сайд нарын Зөвлөлд оруулан батлуулахыг Тээврийн Яамны сайдад даалгасугай.

5. Тээврийн Яамыг байгуулсан учир нь:

1. Монгол Тээхийн Ерөнхий Хороо, Ерөнхий захирах газрын аппарат хийгээд төв складыг 30 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн устгасугай.

2. Үйлдвэр ба Барилгын Яамны харьяанд байгаа зам барилгыг удирдах газрыг 30 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн балансаар Тээврийн Яаманд шилжүүлсүгэй.

3. Эдүгээ Хоршоодын Холбооны мэдэлд байгаа бензиний газрыг 30 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн балансаар Тээврийн Яаманд шилжүүлсүгэй.

4. Улсын албан захиалгын контороос түүний харьяанд байгаа автоконторыг хүлээн авч түүний суурьд биеэ даасан аж ахуйн тооцоо бүхий «авто техникийн зүйлийг бэлтгэн нийлүүлэх» газрыг Тээврийн Яамны харьяанд багтаан байгуулсугай.

Улсын албан захиалгын конторт 30 оны 7 дугаар сарын 1-нд шилжүүлсэн автоконторын бүхий л хогшил хөрөнгө ба мөнгөн хөрөнгөнүүдийг ба мөн түүнчлэн 30 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн тус автоконторыг шилжүүлэх өдрийг хүртэл энэ завсар автомашин ба запас хэрэгсэл хийгээд бусад материалуудыг худалдан борлуулж оруулсан мөнгөн хөрөнгөнүүдийг автоконторын мэдлийн хөрөнгөнд үзэж шилжүүлбэл зохимой.

5. Эдгээр шилжигдэх байгууллагуудын ажилчид шинэ хүчнүүдийг нэгэн адил Тээврийн Яаманд шилжүүлбэл зохимой.

 

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга

Орлогч дарга

Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга

Тэргүүлэгч

Ерөнхий сайд улсын маршал

Нэгдүгээр орлогч сайд

Хоёрдугаар орлогч сайд

Хэрэг Эрхлэх Газрын дарга

 

________________

1/ 30 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 30 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1940 он болно.

 

 

Ардын Сайд нарын Зөвлөлийн 30 оны

11 дүгээр сарын 12-ны өдрийн 43 дугаар хурлын

тогтоолын 6 дугаар зүйлд батлав.

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ ДҮРЭМ

 

Нэг. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн ёсоор байгуулагдсан Зам Тээврийн Яам нь тус улсын үндсэн хууль ба Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон яамдын нийтийн дүрэм ёсоор ажил хэргээ явуулах болно.

Хоёр. Зам Тээврийн Яам нь Ардын Сайд нарын Зөвлөлд шууд харьяалагдах бөгөөд өөрийн ажил хэргийг явуулахад Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоол шийдвэрийг биелүүлэх болно.

Гурав. Зам Тээврийн Яамыг Улсын Бага Хурлаас батлагдсан сайдаас толгойлон удирдах бөгөөд сайдад туслуулахаар орлогч сайдыг Ардын Сайд нарын Зөвлөлөөс томилно.

Дөрөв. Зам Тээврийн Яамны сайд ба орлогч сайдын эрх үүрэг, түүнчлэн хариуцлага нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон яамдын нийтийн дүрэм ёсоор тогтоогдох болно.

Тав. Зам Тээврийн Яам нь автомашин, ердийн хөсөг ба усан замын тээврийн төлөвлөгөөг зохиох ба ашиглах, мөн авто, ердийн зам ба гүүрнүүдийн барилгуудын төлөвлөгөөг зохиох хийгээд тэдгээрийг ашиглах талаар холбогдсон арга бодлогуудыг хэрэг дээр биелүүлэх үүрэг зорилго бүхий болох үүнд:

1. Төрөл бүрийн тээврүүдийг зөвөөр ашиглах, бүх төрлийн тээврийг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр ба тасралтгүйгээр хөдөлгөж байх явдлуудыг зохиох.

2. Автомашины ба ердийн хөсөг тээврийн ажиллагааг хангах буудлууд, гарааш, мөн гараашгүйгээр машин тэргийг агуулан хадгалах газрууд хийгээд автомашины тос бензиний буудал зэргийг өргөнөөр байгуулах.

3. Нийтийн хэрэглэлийн агуулахуудыг ашиглах, мөн агуулахуудыг бариулах явдлыг гүйцэтгэх ба түүнчлэн жин тээвэр-экспедицийн ажлыг гүйцэтгэх.

4. Ачаа ба суудлын хүмүүсийг тээвэрлэх тухай ба нийтийн хэрэглэлийн агуулах газар, ачаа барааг хадгалуулсан хөлсний тариф үнийг боловсруулан тогтоох, түүнчлэн тээврийн хүчийг ашиглах ба засварлах явдалд хэрэглэгдэх материалын нормыг зохион гаргах.

5. Барилгын ба засварын төлөвлөгөөг боловсруулж түүнчлэн автомобилийн ба ердийн хөсгийн тээврийн зам ба төмөр замын барилгуудыг засварлах ажлыг биелүүлэх.

6. Зам барилгын машин ба механизмыг засварлах ажлыг зохиож явуулах.

7. Дунд мэргэжлийн олон төрлийн мэргэжилтэн шинэ хүчнийг бэлтгэх асуудлыг биелүүлж явуулах үүнд, үйлдвэрийн газруудаар сурагч нарыг бригадлаж мөн тусгай сургууль ба түр курс сургуулийг зохион байгуулах зэргээр гүйцэтгэх.

8. Барилгын ба тээврийн үйлдвэрийн ашиглалтын урьдаар барагцаалсан ба жилийн хийгээд улирлын товчоо төлөвлөгөөнүүдийг боловсруулан улмаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар оруулан батлуулах.

9. Шинээр бариулагдах зам тээвэр, үйлдвэрийн газруудын төлөвлөгөөг боловсруулан гаргаж тэдгээрийг бариулах явдлыг зохиох.

10. Өөрийн харьяа байгууллагуудын санхүүгийн ажлыг удирдах, мөн тэдгээр байгууллагуудын тайлан балансуудыг батлах.

11. Авто тээврийн байгууллагуудыг төлөвлөсөн журмаар техникийн ба эд материалын зүйлээр хангах.

12. Өөрийн харьяа байгууллагуудын ажил явууллагыг хянах явдлыг хангах.

13. Өөрийн харьяа тээврийн байгууллагуудын аж ахуйн ба техникийн удирдагчдыг томилох.

14. Ардын ердийн хөсгөөр тээврийг заавал гүйцэтгүүлэх талын бүхий л ажлыг зохиох, ердийн хөсгийн тээврийн төлөвлөгөөг зохиох, мөн ардын хөсгөөр ачааг заавал тээвэрлүүлж гүйцэтгүүлэх тухай хуулийг хэрхэн зөвөөр биелүүлэн байгаа явдлыг хянах.

Зургаа. Зам Тээврийн Яамны сайд, мөн орлогч сайд нь тээврийн үйлдвэр ба тээврийг зохион байгуулах хийгээд тус яаманд багтсан зохих хэлтсүүдээр уламжлан тус улсын зам барилга ба ашиглалт, мөн Зам Тээврийн яамны байгууллагуудаар уламжлан зам барилгын ажлыг удирдана.

 

Зам Тээврийн яамны зохион байгуулалт нь

 

1. Автомашины хэлтэс.

2. Ердийн хөсөг тээврийн хэлтэс.

3. Зам барилгын газар.

4. Төлөвлөгөөний хэлтэс.

5. Санхүүгийн хэлтэс.

6. Ерөнхий хэлтэс.

7. Шинэ хүчний тасаг.

8. Нууц тасаг.

Үүнд тайлбарлах нь: Цаашдаа төмөр замын барилгыг бариулах ба мөн төмөр ба усан замыг шилжүүлэхэд тус яаманд төмөр ба усан замын хэлтсийг байгуулна.

Долоо. Зам Тээврийн Яаманд шууд харьяалагдах биеэ даасан тусгай тооцоо бүхий байгууллагууд байх үүнд:

1. Авто тээврийг эрхлэх газар.

2. Авто бэлтгэлээр нийлүүлэн хангах газар (бензиний колонкийн хамт).

3. Авто сургууль.

4. Ердийн хөсөг тээврийн артелиуд.

5. Автомашин тээврийн артелиуд.

Дээр дурдсан биеэ даасан аж ахуйн тооцоо бүхий газруудын дарга нар ба мөн хэлтсүүдийн эрхлэгчид нь өөр өөрийн газруудын ажлыг бүрэн хариуцаж байхын дээр онцлог асуудлуудыг харьяат яамны сайд ба орлогч сайд нарт оруулж батлуулан шийдвэрлүүлж байх.

Найм. Тус яамны хэлтсүүд нь түүний батлагдсан зохион байгуулалтын ёсоор дор дурдсан үүргүүдийг биелүүлэн гүйцэтгэх үүнд:

 

Нэг. Автомашины хэлтэс нь

 

1. Зам Тээврийн Яамнаас баталсан ашиглалтын төлөвлөгөөний ёсоор автомашиныг зөвөөр ашиглах явдлыг зохиох.

2. Автомашины дотоод засвар ба үйлдвэр, орон байшингийн төлөвлөгөөнүүдийг зохиох, Зам Тээврийн Яаманд оруулан батлуулах.

3. Машин тээврийг ашиглаж байгаа үед элдэв зүйлээр хангахын тулд буудал, гарааш ба бензин олгох колонкуудыг байгуулах.

4. Ачаа хадгалах газруудыг байгуулах.

5. Батлагдсан засварын төлөвлөгөөний ёсоор машин засварын төлөвлөгөөний цаг тухайн биелэлт ба түүний чанарыг дээшлүүлж бий явдлыг хянахын дээр төрөл бүрийн засварын үнэ нормыг улсаар батлуулахаар боловсруулан гаргаж Тээврийн Яаманд оруулан батлуулах.

 

Хоёр. Ердийн хөсөг тээврийн хэлтэс нь

 

1. Ердийн бүх хөсөг тээврийн (малын) хүчийг судлан бүртгэж түүнийг ашиглах төлөвлөгөөг зохиох.

2. Ердийн хөсөг тээврийг ашиглах явдлыг сайжруулах тусгай арга бодлогыг боловсруулан төлөвлөж Тээврийн Яаманд оруулах.

3. Төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах ба шалгах.

 

Гурав. Зам барилгын хэлтэс

 

1. Зам гүүрийг шинээр барих ба мөн хуучныг сэлбэн засах зэрэг төлөвлөгөөнүүдийг боловсруулан зохиож улмаар Зам Тээврийн Яаманд оруулан батлуулах.

2. Аливаа зам ба шинэ гүүрүүдийг бариулах ажлыг хурдатгахын тулд оньсон техникжүүлсэн аргуудыг бий болгон явуулах.

3. Зам барилгын харьяа орон нутгийн байгууллагуудын ажлыг тэгшитгэн удирдах.

 

Дөрөв. Төлөвлөгөөний хэлтэс

 

1. Тус яамны харьяа байгууллагуудын үйлдвэрийн ба ашиглалтын нэгдсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулан гаргах.

2. Харьяа тээврийн байгууллагуудын бариулах барилгын төлөвлөгөөг зохиох.

3. Төрөл бүрийн тээвэр ашиглалтын ба засваруудын төлөвлөгөөнүүдийг зохион гаргаж, түүнчлэн үйлдвэрийн ажилчдад олгох ажлын хөлсний норм хэмжээг боловсруулан гаргах.

4. Зам Тээврийн Яаманд харьяалагдах байгууллагуудын төрөл бүрийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж энэ тухай зохих саналаа Тээврийн Яаманд гаргаж өгнө.

 

Тав. Санхүүгийн хэлтэс

 

1. Зам Тээврийн Яамны харьяа байгууллагуудын санхүүгийн тайлангийн тухай зааврыг гаргаж мөнгөн санхүүгийн төлөвлөгөө зохиох, орон тоо, захиргаа аж ахуйн төсвийг хянан үзэх батлах.

2. Бүртгэл тайланг удирдах биеэ даасан газруудын балансын тухай саналаа гаргах, хөрөнгө мөнгийг хэрхэн зөвөөр зарцуулж буйг хянаж биелүүлэх.

 

Зургаа. Ерөнхий хэлтэс ба шинэ хүчний тасаг нь

 

1. Тус яам ба харьяа газруудыг ажилчин, албан хаагчдыг бүртгэх.

2. Тогтмол ба түр сургуулиудыг байгуулан дунд ба ерөнхий мэргэжлийн шинэ хүчнийг бэлтгэх ажлыг удирдах.

3. Өөрийн үүрэгт ажлаа үнэнчээр биелүүлж бий бөгөөд авьяас бүхий доод ажилчдыг хариуцлагатай ажилд дэвшүүлэх.

4. Авто сургуулийн ажлыг эрхлэн удирдах.

5. Тус яамны харьяа байгууллагуудын ажилчдын дотроос ударник (гавшгайчууд)-ийг төрүүлэн гаргах ба тэдгээрүүдийг бүртгэх.

6. Бүх ажилчин, албан хаагчдын хүмүүжил боловсрол ба хөдөлмөрийн бүтээлийг дээшлүүлэн сайжруулах талаар арга хэмжээнүүдийг явуулах.