САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 72 ДУГААР ХУРЛЫН ТОГТООЛ

 

1943 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

 

Төмөр замын суурь бүхий зам ба гүүр, замын элдэв барилга, замын шороо зэрэг бүх зүйлийг ямар нэгэн эвдрэл гэмтлээс хамгаалахын үүднээс Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Төмөр замын шугам зам дээгүүр түүний гарч болохоор заагаагүй газруудаар хамаа бус автомашин ба ердийн хөсгөөр гарах явдлыг зогсоосугай. Үүнд гагцхүү гарч болохоор заасан газруудаар гарч байвал зохино. Энэ тогтоосон журмыг зөрчигчдийг 25 төгрөгөөр торгож төмөр замын орлого болгож байвал зохино.

2. Гарч болохоор заагаагүй шугам замаар мал тууварлах явдлыг зогсоосугай. Тогтоосон журмыг зөрчиж мал туувал 25 төгрөгөөр торгож байвал зохино.

3. Шугам зам ба станцын байранд дугуйтай хүмүүс явах явдлыг зогсоосугай. Зөрчвөл 5 төгрөгөөр торгож байвал зохино.

4. Шугам замын хамгаалалт бүхий горьтгийг эвдэж сүйтгэх буюу хэрэггүй болговол 25 төгрөгөөр зохигчдыг торгож байсугай.

5. Шугам замаар гарч болохоор заасан тэмдэг ба цасны хамгаалалт хийгээд түүний хэрэглэлүүдийг эвдэж сүйтгэх буюу гэмтээвэл 25 төгрөгөөр зохигчдыг торгож байвал зохино.

6. Төмөр замын гүүр доогуур машин ба ердийн хөсгөөр гарах явдлыг зогсоосугай. Хэрэв зөрчвөл зохигчдыг 50 төгрөгөөр торгож байвал зохино.

7. Төмөр замаар онц хүнд трактор ба уурын тогоо зэргийг явуулах явдалд хүрвэл гагцхүү шугам замын даргын зөвшөөрлөөр гүйцэтгэж байвал зохино. Хэрэв зөрчвөл зохигчдыг 50 төгрөгөөр торговол зохино.

8. Төмөр замд цахилгаан утас ба цахилгаан нэвтрүүлэг, нефть, шугам зэргийн ямар нэгэн энэ талын зохион байгуулалтыг гүйцэтгэхэд хүрвэл гагцхүү төмөр замын даргын зөвшөөрлөөр гүйцэтгэж байвал зохино. Зөрчвөл зохигчдыг хуулийн хариуцлагад татах болно.

9. Шугам замын төмөр ба түүнийг эвдэж гэмтээх буюу бэхлэлтийг сүйтгэвэл хатуу арга хэмжээ авахуулах учрыг нийтэд мэдэгдвэл зохино.

Энэхүү тогтоолыг төмөр замын захиргаа нь ард олонд өргөнөөр танилцуулах, сонин хэвлэлд нийтлэх, радиогоор нэвтрүүлбэл зохино. Станц ба нэвтрэх газруудад тусгай тэмдгийг зохиовол зохино.

10. Нааш цааш явагчдад саадгүй болгохын тулд төмөр замын гарцыг нэмэгдүүлж гүйцэтгэхийг төмөр замын захиргаанд даалгасугай.

Энэхүү тогтоолыг 1943 оны 12 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгон явуулсугай.

 

 

Ерөнхий сайд улсын шалгарсан баатар маршал

ЧОЙБАЛСАН

Хэрэг Эрхлэх Газрын дарга

......................