26 он1 есөн сарын хорин тавны өдөр

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН АРДЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ХУРАЛДСАН 41 ДҮГЭЭР ХУРАЛ

 

Сонсгосон нь:

1. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрмийг батлуулахаар илтгэсэн тухай.

2. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас тус Улаанбаатар хотын дотор аливаа уурын тэрэг хөсөг ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба зааврыг батлуулахаар илтгэсэн тухай.

 

Тогтоосон нь:

1. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрмийг батлуулахаар илтгэснийг хэлэлцээд, эл журам заавар зүйтэй болсон тул ёсоор болгон баталж улмаар Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газарт явуулан батлуулж гүйцэтгүүлэхээр тогтов.2

2. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд бөгөөд Дотоод явдлын яамны сайд, улсын маршал өрлөг жанжин Чойбалсангаас тус Улаанбаатар хотын дотор уурын тэрэг хөсөг ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба зааврыг батлуулахаар илтгэснийг хэлэлцээд, энэхүү тус хотын дотор уурын тэрэг хөсгүүд ба явган хүмүүс зэргийн гудамж зээлээр явах зорчих журмын тухай гаргах тогтоолын төлөвлөгөө ба заавар нь ерөнхийдөө зүйтэй тул тус хурлын шүүмжлэлийг баримтлан бага сага засамжлан баталж гүйцэтгүүлэхээр тогтов.

 

________________

1/ 26 он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

2/ Энэхүү хурлын 1-р зүйлээр баталсан «Улсын цагдан сэргийлэх газрын уурын тэргийг байцаах хэлтсийн дүрэм»-ийг монгол эх гар бичмэлээс нь хөрвүүлэн, дор бүрэн эхээр нь толилуулж байна.

 

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ ХАРЪЯА УЛСЫН ЦАГДАН СЭРГИЙЛЭХ ГАЗРЫН УУРЫН ТЭРГИЙГ БАЙЦААХ ХЭЛТСИЙН ДҮРЭМ

 

Тус улсын дотор буй машин тэргийг бүртгэх ба мөн машин тэрэгний байдлыг техникийн талаар шалган үзэх хийгээд уурын тэргийг жолоодон явахыг хүсэгчдийн тус тусын чадвар мэргэжлийн байдлыг шалгах болон машины номер пайз олгох зэрэг хэргийг эрхлүүлэхийн тулд Сайд нарын Зөвлөлөөс 26 оны 6 сарын 13-ны өдөр баталсан Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын дүрмийн ёсоор мөнхүү Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд уурын машин тэрэгний хэргийг байцаах хэлтсийг байгуулмой. Үүнд энэхүү уурын тэрэгний хэргийг байцаах хэлтэс нь Улсын цагдан сэргийлэх газрын бусад хэлтсүүдийн нэгэн адил эрхтэй баймой. Жич энэхүү хэлтсийн орон тоог Улсын цагдан сэргийлэх газраас эрхлэн зохиож Дотоод явдлын яамны сайдаар батлуулмой.

 

НЭГДҮГЭЭР АНГИ

Уурын тэрэгний хэргийг байцаах хэлтсийн эрх ба үүргүүд нь

 

Нэг. Тус улсын доторхи уурын тэрэгний техникийн талын байдлыг хянан байцаах ба шалган шинжлэх

Хоёр. Тус улсын дотор бүхий уурын моторт тэрэг хөсөгний зүйлүүдийг цөм бүртгэн авах болмой.

Тайлбарлах нь: Цэргийн явдлын яамны ба Дотоод явдлын яамны харъяа бөгөөд тусгай даалгаврыг гүйцэтгэж буй машин тэргүүд нь энэхүү бүртгэлд үл оролцмой.

Гурав. Машин тэрэгний зүйлийг цаг цагт бүртгэж байх

Дөрөв. Уурын тэргүүдэд пайз номер олгох

Тав. Уурын машин тэргүүдээс зохих журмын ёсоор татвар зүйлийг хурааж Сангийн яамны зохих харилцах данснаа шилжүүлэн байх

Зургаа. Техникийн ба мэргэжилтний комиссоос төлөвлөн ирүүлснийг хянан үзэж жолооч болохыг хүсэгчдэд жолоочийн эрх ба үнэмлэхийг олгох хийгээд мөн зэргийг тогтоомой.

Долоо. Уурын тэргийг бүртгэх тухайн журам ба мөн машин тэргийн бүх дүн бүртгэл ба нэг бүрийн тоо бүртгэлийг авах тухай дүрэм болон уурын тэргийг жолоодох хийгээд хурдан түргэн явах тухайн хэмжээ зэргийг тодорхойлсон дүрэм тогтоолыг дээд газар батлуулан гаргаж дагаж шийтгүүлэх.

Найм. Уурын тэрэгний тухай Засгийн газраас гаргасан хууль, дүрэм, тушаал, зааврыг албан газрууд ба энгийн хүмүүсээс хэрхэн биелүүлэн буйг шалган хянах.

Ес. Уурын тэрэг лүгээ тохиолдох элдэв аюул эвдрэлүүд лүгээ тэмцэх ба эвдрэл зэрэг тохиолдох ахул ямар учир шалтгаанаас болсныг илрүүлэн гаргаж гэмт этгээдэд хуулийн хариуцлагыг хүлээлгэх.

Арав. Машин тэрэг нь техникийн талаар бүрэн бүтэн бус учир хэрэглэн явахад олон нийтэд аюул хор хүргэх байдалтай байх аваас тэрхүү машиныг хэрэглэн явах явдлыг цаазалмой.

Арван нэг. Жолооч нарыг уг ажлаас зайлуулж машин тэргийг жолоодох эрхийг хасмой.

Арван хоёр. Гудамж зээлээр явах зорчих тухай журмыг зөрчсөн ба машин тэргийг техникийн талаар туйлын хангалттай байлгах тухай тогтоол зааврыг зөрчсөн этгээдийг тухайн хууль дүрмийг баримтлан захирах тушаах журмаар торгомой.

 

ХОЁРДУГААР АНГИ

Техникийн ба мэргэжилтний комиссын тухай

 

Энэхүү дүрмийн нэгдүгээр ангид дурдсан ёсоор уурын тэргүүдийг техникийн талаар хянан үзэх явдлыг гүйцэтгэх ба уурын тэргийг жолоодохыг хүссэн этгээдүүдийн чадвар мэргэжлийг шалгах хийгээд жолооч нарын зэргийг тогтоох болон жолооч нарын машин тэргийг жолоодох эрхийг хасах явдлыг төлөвлөн гүйцэтгүүлэхийн тулд Уурын тэрэгний хэргийг байцаах хэлтсийн дэргэд техникийн ба мэргэжилтний комиссыг байгуулах бөгөөд үүнд тус хэлтсийн дарга нь комиссын дарга байх ба гишүүдэд уурын тэрэгний мэргэжилтэн ба мөн уурын тэрэгний мэргэжил бүхий Худалдаа үйлдвэрийн яамны төлөөлөгч эдгээрүүд баймой.

Энэхүү техникийн ба мэргэжилтний комисс нь Дотоод явдлын яамны сайдаас баталсан тусгай зааврыг баримтлан өөрийн ажил хэргийг явуулмой.

Техникийн ба мэргэжилтний комисс нь энэхүү дүрмийн 1, 6 ба 12 дугаар зүйлүүдэд заасан зүйлүүдийг гүйцэтгэх эрх ба үүрэгтэй баймой.

Энэхүү техникийн ба мэргэжилтний комиссын тогтоол нь хүчин төгөлдөр болох ба хэн боловч давж заалдах эрхгүй болмой.

Тайлбарлах нь: Тус комиссын бичиг хэргийн нийт ажил ба машин тэргийг хянаж гаргасан акт зэргийг бичих хийгээд машин жолоодох үнэмлэх бичиг олгох бичих зэрэг ажлуудыг энэхүү хэлтсийн аппаратаас эрхлэн гүйцэтгэж баймой.

 

Энэхүү дүрмийг хорин зургаан он есөн сарын хорин тавны өдөр Ардын Сайд нарын Зөвлөлийн 41 дүгээр хурлын нэгдүгээр зүйлд баталж улмаар Улсын бага хурлын тэргүүлэгчдэд явуулан батлуулахаар тогтоожээ.

 

 

Ерөнхий сайдыг

Нэгдүгээр орлогч сайд Улсын (маршал) өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

Хоёрдугаар орлогч сайд Улсын (маршал) өрлөг жанжин

ДЭМИД

Нарийн бичгийн дарга

ӨЛЗИЙ-ОЧИР