БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1988 оны 5 дугаар

сарын 20-ны өдөр

№ 128

Улаанбаатар

хот

 

АВТОМАШИНЫ ЖОЛООЧ БЭЛТГЭХ АЖЛЫГ

САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Автомашины жолоочийг олон газарт нэгдсэн журамгүйгээр зэрэгцэн бэлтгэж байгааг цэгцлэх, жолоочийн сургууль, курст элсэгчдийн сонгон шалгаруулалт, сургалтын чанарыг сайжруулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. Улс ардын аж ахуйд шаардагдах автомашины жолооч бэлтгэх, давтан сургах ажлыг нэгтгэн зохион байгуулах үүргийг БНМАУ-ын Тээврийн яаманд хариуцуулсугай. Тээврийн яамны автомашины жолооч бэлтгэх сургууль, курст улс, хоршоолол, олон нийтийн төв, орон нутгийн нийт байгууллагын захиалгыг үндэслэн тэднээс сонгон ирүүлсэн хүмүүсээс шалгаруулан элсүүлж, жолоодох авто тээврийн хэрэгслийнх нь төрөл, ангилалд тохируулан гэрээний үндсэн дээр бэлтгэж, давтан сургаж байх журам тогтоох нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Улс ардын аж ахуйд автомашины жолооч бэлтгэх, давтан сургах сургууль, курст суралцагсдад олгох стипендийг захиалгаараа жолооч бэлтгүүлж байгаа байгууллагын эдийн засгийн урамшууллын фондоос, эсвэл төсөвт зардал, түүний хэмнэгдлээс санхүүжүүлж байхаар тогтоосугай.

3. Зэвсэгт хүчинд шаардагдах автомашины жолооч нарыг бэлтгэхэд туслах зорилгоор Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн жолоочийн сургууль, курст цэргийн өмнөх насны залуучуудаас элсүүлэн сургаж байх тухай Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн саналыг зөвшөөрсүгэй.

4. Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн жолооч бэлтгэх сургууль, курст жолоодлогын автомашин, сургалтын тоног төхөөрөмж, материал болон сургалтыг чанартай явуулахад шаардагдах бусад зүйлээр туслалцаа үзүүлж, бэлтгэж өгсөн жолоочийн сургалтын зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Батлан хамгаалах яам (н. ЁНДОН), Нийгмийг аюулаас хамгаалах яам (н. ЖАМСРАНЖАВ)-д даалгасугай.

5. Автомашины жолооч бэлтгэх, давтан сургах, тэдний мэргэжлийг дээшлүүлэх сургууль, курсийн сургалтын программ болон энэ ажлын чанарыг сайжруулах, жолооч нарт мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тээврийн яам (н. ЁНДОНСҮРЭН), Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөл (н. ГҮРРАГЧАА), Нийгмийг аюулаас хамгаалах яам (н. ЖАМСРАНЖАВ)-д даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн дор дурдсан тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай:

а) «Автомашины жолооч нарын ерөнхий боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний тухай» 1968 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 448 дугаар тогтоолын 7 дугаар зүйл;

б) «Автомашины жолооч бэлтгэх ажлыг журамтай болгох тухай» 1972 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаар тогтоолын 5, 6 дугаар зүйл, 1 дүгээр зүйлийн «1972 оноос эхлэн Тээврийн яамны харьяа авто сургууль, тээврийн техник мэргэжлийн сургууль, Хөдөө аж ахуйн яамны харьяа Архустайн сургуулийн комбинат,» гэсэн хэсэг, 3 дугаар зүйлийн «а», «б» заалт, 4 дүгээр зүйлийн «б» заалтын «Тээврийн техник-мэргэжлийн сургууль төгссөн шинэ жолооч нарыг 1 жил засварчнаар,» гэсэн хэсэг.

 

 

БНМАУ-ын Сайд нарын

Зөвлөлийн дарга

Д. СОДНОМ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн

Хэрэг эрхлэх газрын дарга

З. СААРАЛ