Хорин зургадугаар оны1 есөн сарын хорин тавны өдрөө

 

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН 41 ДҮГЭЭР ХУРЛЫН ТОГТООЛ

 

Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг хийгээд явган ба уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчдын явах зорчих явдал урьдын өнгөрсөн байдлууд лугаа жишээлэн үзвээс туйлын өргөжиж ирсэн байх бөгөөд иймд эл зүйлд тус ард олны ба тээвэр хөсөгний зүйлүүдийн өсөлт хөгжилт нь ихээхэн нөхцөл болон холбогдож буй амой. Тус хотын гудамж зээлээр явах зорчих журмыг одоо хүртэл эмх журамтай болгож нийтэд дагаж шийтгүүлэн буй зүйл төдий л үгүй байсны улмаас машин тэрэг мөргөлдөх зэрэг аюул хор бүхий зүйлүүд тохиолдох явдал нь урьдаас улам олширч буй үүнд явган ба уналга хөсөг хэрэглэж явагчдын нааш цааш зорчих явдалд эмх журамтай болгох ба удаа дараа тохиолдон ирсэн машин мөргөлдөж ардын амь биеийг гэмтээх, улсын ба ардын эд хөрөнгийг сүйтгэх хоруудыг арилгахын тул Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ НЬ:

 

 

1. Улаанбаатар хотын гудамж зээлээр явах зорчих журмын тухай төлөвлөсөн зааврыг ёсоор болгон баталж дагаж шийтгүүлсүгэй.2

2. Энэхүү дагаж гүйцэтгэх зааврын нэгэн хувийг нийт гараашуудын эрх баригчид ба энгийн машины эздээс эрхлэн тус тусын харьяа жолооч нарт заавал өгч танилцуулан хадгалуулсугай.

3. Машин тэргээр явж үл болох ба мөн түүнчлэн машин тэргийг зогсоож үл болох гудамжуудыг тодорхойлсон хүснэгтийг хотын захиргаа лугаа хавсран зохиож нийтлэхийг Улсын цагдан сэргийлэх газраа даалгасугай.

4. Гудамж зээлээр явах зорчих тухайн зааврыг биелүүлэхийн тулд Улсын цагдан сэргийлэх газраа тусгай постыг байгуулах хийгээд түүний зааврыг зохион гаргаж Дотоод явдлын яамны сайдаар батлуулан гүйцэтгүүлсүгэй.3

Энэхүү постын бүх зардлыг хотын захиргааны төсвөөс гаргаваас зохимой.

5. Энэхүү заавар нь энэ 26 оны 10 сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөрт тооцмой.

 

 

Ерөнхий сайдыг

Нэгдүгээр орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ЧОЙБАЛСАН

Хоёрдугаар орлогч сайд, Улсын маршал өрлөг жанжин

ДЭМИД

Нарийн бичгийн дарга

ӨЛЗИЙ-ОЧИР

 

 

________________

- 1/ Хорин зургадугаар он - гэдэг нь Монгол улсын Олноо өргөгдсөн 26 дугаар он бөгөөд одоогийн он тооллоор 1936 он болно.

- 2/ Энэхүү тогтоолын 1-р зүйлээр баталсан «БНМАУ-ын Улаанбаатар хотын гудамж зээлээр уурын тэрэг, хөсөг ба явган хүмүүс зэргийн явах зорчих журмын тухай дагаж гүйцэтгэх заавар»-ыг энэхүү цахим мэдээллийн сангийн «Дүрэм» булангийн «Дүрмийн түүхэн хөгжил» цэснээс уншиж болно.

- 3/ Энэхүү тогтоолын 4-р зүйлийг баримтлан Дотоод явдлын яамны сайдын баталсан «Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг олох тухай заавар» буюу өөрөөр хэлбэл уулзвар нэвтрэх үйлдлийг журамлахтай холбогдуулан гаргасан анхны дүрмийг дор бүрэн эхээр нь толилуулж байна. Жич: 7 зүйл бүхий энэхүү зааварт Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд тусгай пост буюу цэгүүдийг байгуулж ажиллуулах тухай болон уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах цагдаагийн гараар өгөх дохионы утга, мөн зам дээр байрлуулж болох зарим тусгай пайз тэмдэг буюу замын тэмдгийн талаар товчхон боловч анхлан дурдсан байдаг нь нэн сонирхолтой.

 

Жич: Энэхүү тогтоолоор баталсан заавруудыг тэр ондоо буюу 1936 онд эмхтгэн «Улаанбаатар хотын гудамж зээлээр явах зорчих тухай дагаж гүйцэтгэх зааврууд» нэртэй ном болгон хэвлэсэн байдаг бөгөөд 86 х 118 мм хэмжээтэй, нимгэн хавтастай, 99 нүүр бүхий уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн уг ном нь манай улсын замын хөдөлгөөний дүрмийн анхны ном юм. Хамгийн сонирхолтой нь уг номонд орсон заавруудыг орос болон хятад хэл дээр орчуулан хамтатган хэвлэсэн байдаг ба энэ нь тухайн үед Улаанбаатар хотод орос, хятад жолооч нар их байсныг гэрчлэх түүхэн баримт болно. Уг номыг биечлэн үзэж сонирхохыг хүсвэл Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнд хандана уу.

 

(Энэ тогтоолыг БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн 1940 оны 38 дугаар хурлын тогтоолоор хүчингүй болгосон)

 

 

ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙД, УЛСЫН МАРШАЛ ӨРЛӨГ ЖАНЖИН БАТЛАВ.

 

Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих* явдлын эмх журмыг олох тухай заавар

 

_______________

* - «гудамж зээлээр нааш цааш явах зорчих» гэдэг нь “уулзвар нэвтрэх” гэсэн утгатай.

 

 

 

Сайд нарын Зөвлөлөөс 26 он 9 сарын 25-ны өдрөө баталсан Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих тухай дагаж шийтгэх зааврын 4 дүгээр зүйлийг биелүүлэн гүйцэтгэхийн тулд Улсын цагдан сэргийлэх газраас гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журамтай болгох тухай зарчмыг ТОГТООХ НЬ:

 

 

1. Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг зөв журамтай болгох явдлыг Улсын цагдан сэргийлэх газрын тусгай постуудаас эрхлэн гүйцэтгэмой.

2. Аливаа зүйлийн машин тэрэг болон уналга хөсгийг хэрэглэн явагчид ба явганаар явагчид хэн боловч постын цагдааг эрхбиш тойрч гарах ба мөнхүү цагдаагийн өгсөн дохио тэмдгийг эрхбиш дагаваас зохимой.

 

 

3. Аливаа зүйлийн машин тэрэг болон уналга хөсгийг хэрэглэн явагчдын явах зорчих журмыг гудамжаар явах зорчих явдлын эмх журмыг эрхэлж буй цагдаа нь гараар тэмдэг өгч гүйцэтгэмой.

4. Гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг эрхэлж буй цагдаагаас* гараа өргөж зогссон байх ахул тэрхүү цагдаагийн өвөр ба ар талын замууд цөм түр хаалттай хэмээн мэдвээс зохих ба харин нөгөө хоёр талын зам нь нээгдсэн баймой.

 

_______________

* - «гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг эрхэлж буй цагдаа» гэдэг нь “уулзвар дээр хөдөлгөөн зохицуулж буй цагдаа” гэсэн утгатай.

 

 

5. Гудамж зээлээр нааш цааш явах зорчих явдлын эмх журмыг эрхлэн буй цагдаа нь гараа эс өргөх ахул замууд нь нээлттэй байх ба машин тэрэг болон уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчид нь зүүн баруун буюу аль ч тийш эргэж явахад саадгүй байх амой. Хэдий ийм боловч зүүн тийш эргэх явдлыг гагцхүү өмнөөс угтаж ирэх хөсгийн зэрэг зүйл үгүй бөгөөд зам нь чөлөөтэй байваас гүйцэтгэмой. Үүнд хэрэв чингэж зүүн тийш эргэх ахул зогсож буй цагдаагийн зүүн талыг барьж гарваас зохимой.

 

 

6. Энэхүү цагдаа нь гараа өргөж замыг түр хаасан байх цаг үед машин тэрэг ба хөсөг зүйлийг хэрэглэн явагчид нь цаашид алслан явах аваас баруун талыг барьж эргэж болох бөгөөд үүнд явах хурдны хэмжээ нь явган хүний явах хэмжээнээс илүү хурдлан явж үл болмой.

 

 

7. Тус хотын дотор явж үл болох гудамж зээл байх ахул тусгай пайз тэмдэгтэй* байлгах бөгөөд үүнд тодорхойлвоос: 25 километрээс хурдлан явж үл болмой хэмээх буюу гагцхүү уналга хөсөг хэрэглэн явж үл болмой хэмээх буюу баруун талаа барьж явсугай хэмээх зэрэг баймой. Машин тэрэг ба уналга хөсгийг хэрэглэн явагчдад цагдаа нараас дохио тэмдэг өгөх ахул ямар ч үг дуугүйгээр дагаж байваас зохимой.

 

_______________

* - «тусгай пайз тэмдэг» гэдэг нь замын тэмдэг юм.

 

 

Дотоод явдлын яамны харьяа Улсын цагдан сэргийлэх газрын дарга АЮУШ

Уурын тэрэгний хэргийг эрхлэх байцаах хэлтсийн даргыг НАЙДАНЖАВ

 

-ооОоо-

 

 

[Дээрх зааврын орос хэл дээрх орчуулга]

 

У т в е р ж д а ю.

Министр Внутренних Дел –

Маршал Республики

ЧОЙБАЛСАН

 

Правила регулирования уличного движения по городу Улан-Батору

 

В исполнение пункта 4 постановления Совета Министров МНР от 25/IX-1936 года — об утверждении обязательного постановления “Правила уличного движения по гор. Улан-Батору”, Управление Государственной Милиции устанавливает следующий порядок регулирования уличного движения:

1) Регулирование уличного движения по гор. Улан-Батору производится специальными постами Управления Гос. Милиции.

2) Все водители транспорта и пешеходы обязаны объезжать или обходить стоящего на посту милиционера и безпрекословно подчиняться подаваемым им знакам.

3) Регулирование движения транспорта производится знаком-рукой милиционером, регулирующим движение.

4) Поднятая милиционером, регулирующим уличное движение, вверх рука означает, что все движение транспорта по той улице, в направлении которой поднята рука (т. е. движение впереди и позади милиционера) – должно приостановиться. При таком положении милиционера допускается лишь движение в направлении, параллельном корпусу лица, регулирующего движение.

5) При сигнале, когда рука милиционера, регулирующего движение, опущена, т. е. когда путь открыт, разрешается производить повороты транспорта вправо и влево, причем поворот влево может быть произведен лишь в том случае, когда отсутствует встречный поток движення.

При повороте влево объезд милиционера, регулирующего движение, обязателен.

6) При сигнале, когда рука милиционера, регулирующего движение, поднята, т. е. когда путь закрыт, разрешается поворот транспорта вправо для дальнейшего следования, причем скорость движения при этом не должна превышать скорости пешеходного движения.

7) В целях ограничения движения по улицам города, устанавливаются специальные предупредительные знаки:

“Езда не свыше 25 километров”, “Проезд гужевого транспорта воспрещен”, “Держись правой стороны” и т. д.

Водители транспорта и пешеходы должны безоговорочно выполнять требования, предъявляемые к ним указанными знаками.

 

Начальник управления Гос. Милиции МВД (АЮШИ)

За нач-ка автоинспекции (НАЙДЕНЖАБ)

 

-ооОоо-

 

 

[Дээрх зааврын хятад хэл дээрх орчуулга]

 

 

 

 

-ооОоо-