БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН

САЙД НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

1985 оны 4 дүгээр

сарын 26-ны өдөр

Дугаар 96

Улаанбаатар

хот

 

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны дүрэм батлах тухай

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс ТОГТООХ нь:

1. “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. БНМАУ-ын замын хөдөлгөөний дүрмийг баталж байх эрхийг Нийгмийг аюулаас хамгаалах яаманд олгож, одоо дагаж мөрдөж байгаа замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн боловсруулж 1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улсын авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсийн дүрмийг батлах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1959 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг 1985 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс, “БНМАУ-ын хот, суурингийн гудамж замын хөдөлгөөний дүрмийг батлах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 356 дугаар тогтоолыг 1986 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга

Д.СОДНОМ

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын нэгдүгээр орлогч дарга

З.СААРАЛ

 

 

/Хавсралт/

 

Сайд нарын Зөвлөлийн 1985 оны

96 дугаар тогтоолоор батлав.

 

УЛСЫН АВТО ТЕХНИКИЙН ХЭРГИЙГ ШАЛГАН БАЙЦААХ АЛБАНЫ ДҮРЭМ

 

I. Нийтлэг үндэслэл

 

1. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба нь цагдан сэргийлэх байгууллагын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын системд багтана.

2. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны үндсэн зорилт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто тээврийн хэрэгслийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор замын хөдөлгөөний зохион байгуулалтыг боловсронгуй болгоход оршино.

3. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны үйл ажиллагаа нь социалист хууль ёсыг хэлбэрэлтгүй сахих зарчимд үндэслэнэ.

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба, түүний албан тушаалтан, ажилтан нар үйл ажиллагаандаа БНМАУ-ын хууль, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг, тогтоол, Сайд нарын Зөвлөлийн тогтоол, захирамж, орон нутгийн Ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргааны тогтоол, шийдвэр, Улсын цагдан сэргийлэх байгууллагын дүрэм, энэ дүрэм, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаал, заавар, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын тушаал, хүчин төгөлдөр хууль тогтоомжтой нийцүүлж гаргасан хэм хэмжээний бусад актыг удирдлага болгоно.

4. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба нь зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хөдөлмөрийн хамт олон, иргэдийг оршин суугаа газраар нь өргөнөөр оролцуулж, цагдан сэргийлэх байгууллагын бусад алба, улс, олон нийтийн байгууллага, үйлдвэр, албан газар, байгууллага, БНМАУ-ын Зэвсэгт хүчний авто техникийн хэргийг шалган байцаах алба, түүнчлэн нийгмийн хэв журам хамгаалах ардын нөхөрлөл болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаа явуулдаг хөдөлмөрчдийн үүсгэл санаачилгын бусад байгууллагатай нягт хамтран ажиллах замаар өөрийн үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ.

5. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албыг Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар толгойлно.

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын дүрэм, түүний ажилтнуудын эрх, үүргийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд БНМАУ-ын прокурорын зөвшөөрснөөр батална.

 

II. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны үүрэг, эрх

 

6. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:

а/ гудамж, зам, тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулж, замын хөдөлгөөнд хяналт тавьж, замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон журмыг зөрчсөн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч болон явган зорчигчдод дэмжлэг тусламж үзүүлэх. Зам тээврийн осолд орж гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж ирэхээс өмнө нэн яаралтай шаардлагатай арга хэмжээг санаачлан авч туслах;

б/ замын хөдөлгөөнийг зохицуулах хэрэгсэл, авто зам, гудамж, замын барилга байгууламж, төмөр замын гарам болон тэдгээрт хийж буй засвар, өөрчлөлт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад тохирч байгаа эсэхийг хянан шалгах;

в/ ашиглалтад байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд хяналт тавьж, автомашин, өөрөө явагч механизм, мотоцикл, чиргүүлд үзлэг явуулах. Тээврийн хэрэгслийн хорт нөлөөнөөс байгаль орчныг хамгаалах талаар авч байгаа арга хэмжээний биелэлтийг хянан шалгах;

г/ үйлдвэр, албан газар, байгууллага, иргэдийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгсэлд техникийн паспорт, улсын дугаар олгож, тэдгээрийн тоо бүртгэлийг эрхлэх;

д/ тогтоосон журмын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар дүрэм, норматив болон стандарт боловсруулах буюу хэрэгжүүлэхэд оролцох. Эдгээр дүрэм, норматив, стандартыг үйлдвэр, албан газар, байгууллага, иргэдээс хэрхэн биелүүлж байгааг хянан шалгах;

е/ зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авто тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байлгах талаар үйлдвэр, албан газар, байгууллагаас зохиож байгаа ажлыг хянан шалгах;

ж/ зам тээврийн осол, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөлийг судалж арилгах арга хэмжээ авах. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх зөвлөмж боловсруулж, тогтоосон журмын дагуу улс, олон нийтийн байгууллагад өгч түүнийг хэрэгжүүлэхэд туслах;

з/ авто замын нөхцөлийг судалж, гудамж, замын арчилгааг сайжруулах, тээврийн хэрэгсэл өнгөрүүлэх хүч чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

и/ авто зам, гудамж, замын барилга байгууламж, төмөр замын гарам, цахилгаан тээврийн хэрэгслийн шугамын зураг төсөл нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгч, тэдгээрийг ашиглалтад хүлээн авах комиссын ажилд оролцох;

к/ нийтийн хэрэгцээний тээврийн хэрэгсэл, түүнчлэн аюултай, онц чухал, хүнд жинтэй, овор ихтэй ачаа тээх тээврийн хэрэгслийн зорчих маршрутыг хянаж зөвшөөрөл олгох;

л/ тээврийн хэрэгсэл зохион бүтээх төсөл нь хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхэд санал өгч, тээврийн хэрэгслийн шинэ загварыг турших, хүлээн авах ажилд оролцох;

м/ автомашин, өөрөө явагч механизм, мотоциклын жолооч бэлтгэх, мэргэжлийн зэрэг ахиулах сургууль, курсийг бүртгэж, жолоочийн мэргэжил эзэмших хүмүүсээс мэргэжлийн болон замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох;

н/ замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаар хийх эрдэм шинжилгээний ажлын сэдэв сонгоход оролцож, сонирхогч яам, улсын хороо, тусгай газар, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэн хэрэгжүүлэх;

о/ замын хөдөлгөөний зохицуулалт, хяналт шалгалтын зориулалт бүхий техник хэрэгслийг зохион бүтээх, бэлтгэх, захиалах асуудлаар захиалагчийн үүрэг гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг зохицуулах техник хэрэгслийг шинээр нэвтрүүлэх, ашиглах, байрлуулах ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэх;

п/ замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн талаар нэгдсэн тоо бүртгэл хөтлөх. 3амын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дүрэм, хэм хэмжээг зөрчсөн этгээдэд тогтоосон журмын дагуу захиргааны арга хэмжээ авах;

р/ зам тээврийн осол зөрчил гарсан газарт нэн яаралтай хүрэлцэн очиж сэжигтэнг хууль тогтоомжийн дагуу албадан саатуулах, гэрчийг тогтоох, ул мөрийг олж тогтоох, хамгаалах зэрэг хойшлуулшгүй арга хэмжээ авах. Зам тээврийн осол зөрчил гарсан газраас зугатаж нуугдсан жолооч, бусад этгээдийг цагдан сэргийлэх байгууллагын бусад албатай хамтран эрэн сурвалжлах, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэмт хэргийн талаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах;

с/ хэвлэл, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгслийг ашиглаж замын хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулж, бүх шатны сургуулиудад замын хөдөлгөөний дүрэм судлахад туслалцаа үзүүлэх;

т/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэглэж байгаа практикийг нэгтгэн судалж, түүнийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах;

у/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын үйл ажиллагаанд тогтоосон журмын дагуу оролцох;

ф/ амины тээврийн хэрэгсэл эзэмшигчээс хууль тогтоомжийн дагуу хураах татвар хураамжийг төлж байгаа эсэхэд хяналт тавих.

7. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба дор дурдсан эрх эдэлнэ:

а/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулахтай холбогдсон дүрэм, заавар, норматив, стандартыг сахин биелүүлэх, тэдгээрийг зөрчсөн зөрчлийг арилгах тухай үйлдвэр, албан газар, байгууллага, албан тушаалтан, иргэдэд заавал биөлүүлэх албан шаардлага тавих;

б/ авто зам, гудамж, замын барилга байгууламж, төмөр замын гарам, цахилгаан тээврийн хэрэгслийн шугамыг шинээр байгуулж, тэдгээрт шинэчлэлт хийж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дүрэм, норм, стандартыг хэрхэн сахин мөрдөж байгааг хянан шалгах;

в/ гудамж, замын байдлын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай шаардлагатай баримт бичгийг зам, нийтийн аж ахуй, архитектур-төлөвлөлтийн байгууллагын эрх баригчдаас шаардан авч танилцах;

г/ замын хөдөлгөөний зохицуулалтын техник хэрэгсэл тавьж ашиглах тухай зөвшөөрөл, заалт өгөх;

д/ замын хөдөлгөөнд осол зөрчил гарч болох хойшлуулшгүй тохиолдолд гудамж, замын зарим хэсэгт хөдөлгөөнийг хориглох буюу хязгаарлах;

е/ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлага зөрчигдөж байгаа тохиолдолд гудамж, замд барилга байгууламж барих, засварын болон бусад ажил явуулахыг хориглох;

ж/ тээврийн байгууллагад саадгүй нэвтрэн орж, өөрийн ажилд холбогдох баримт бичгийг танилцуулахыг тэдгээрийн эрх баригчдаас шаардах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байлгах талаар авах арга хэмжээний тухай зөвлөмж өгөх;

з/ техникийн засвар, үйлчилгээний станц, газарт засвар, үйлчилгээнд байгаа авто-мото тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эд анги, хэсэгт хийж байгаа засвар, үйлчилгээний ажлын чанарыг хянан шалгах;

и/ тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгахын тулд шаардлагатай үед техникийн засвар, үйлчилгээний газрын тоног төхөөрөмжийг ашиглаж, үйлдвэр, албан газар, байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр инженер-техникийн ажилтнуудыг уг ажилд түр хугацаагаар татан оролцуулах;

к/ тээврийн хэрэгслийн хийц буюу техникийн бүтцэд оруулсан өөрчлөлт нь тогтоосон дүрэм, норматив, стандартад тохирохгүй байвал уг хэрэгслийг ашиглахыг хориглож, шаардлагатай тохиолдолд улсын дугаарыг хураах;

л/ шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочийн эрхийн үнэмлэх, талон, замын хуудас, ачааны баримт бичгийг шалгах;

м/ зам тээврийн осол зөрчил гарсан газарт яаралтай хүрэлцэн очих, зугатаасан гэмт этгээдийг мөрдөн хөөх, осол зөрчлийн улмаас эвдэрсэн тээврийн хэрэгсэл, нас барсан хүний цогцсыг зөөвөрлөх, гэмтсэн хүнийг эмнэлэгт яаралтай хүргэх хойшлуулшгүй тохиолдолд дипломат албаны болон тусгай зориулалтынхаас бусад авто тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй дайчлан ашиглах;

н/ согтуу, эсхүл тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;

о/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тодорхойлох техник хэрэгслийг тогтоосон журмын дагуу ашиглах буюу шаардлагатай тохиолдолд энэ зорилгоор жолоочийг эмнэлгийн үзлэгт оруулах;

п/ зам тээврийн осол, зөрчил гарсан нөхцөл байдлыг тодруулахад туслалцаа авах зорилгоор холбогдох иргэнийг урих;

р/ шаардлагатай гэж үзвэл тээврийн хэрэгслийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодох дадлагыг шалгах, түүнчлэн тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн байдал тэнцэж байгаа эсэхийг тогтоолгохоор жолооч нарыг эмнэлгийн үзлэгт оруулах;

с/ замын хөдөлгөөний дүрэм болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн бусад актын заалт зөрчсөн этгээдийн материалыг зохих арга хэмжээ авахуулахаар захиргааны буюу түүний дэргэдэх комисс, олон нийтийн шүүх, хөдөлмөрийн хамт олонд хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлэх;

т/ хууль тогтоомжид заасан тохиолдолд жолоочийн автомашин, мотоцикл, өөрөө явагч бусад машин, механизм жолоодох эрхийг хасах болон бусад хариуцлага хүлээлгэх.

8. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны шалгаж байцаах эрх бүхий ажилтан нь замын хөдөлгөөний дүрэм болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон эрх зүйн бусад актын заалт зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол тэдний зөрчлийн шинж байдлыг харгалзан амаар сануулах буюу дор дурдсан хэмжээний торгууль оногдуулна:

а/ Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын хэлтсийн дарга нар жолоочийг 10-300 хүртэл, инженер-техникийн ажилтан, албан тушаалтныг 25-300 хүртэл төгрөгөөр;

б/ улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны байцаагч нар явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигчийг 3-50 хүртэл, жолоочийг 10-100 хүртэл, инженер-техникийн ажилтан, албан тушаалтныг 50-150 хүртэл төгрөгөөр;

в/ улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны зохицуулагч нар явган болон унадаг дугуй, ердийн хөсгөар зорчигчийг 3-25 хүртэл, жолоочийг 10-50 төгрөгөөр.

9. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны ажилтан эрхээ хэтрүүлсэн буюу даалгасан үүргийг биелүүлээгүй бол хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

Улсын авто техникийн хэргийг шалган байцаах албаны ажилтан бүр албаны өндөр соёлтой, иргэдтэй эелдэг дотно харилцаж, тэдэнд анхаарал, халамж тавьж байх үүрэгтэй.

10. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба нь Батлан хамгаалах яам, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Хилийн ба дотоодын цэргийн авто тээврийн хэрэгслийн жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, зөвхөн жолоочийн үнэмлэхийг шалгана. Эдгээр тээврийн хэрэгслийг замын хуудсанд зааснаас бусад зориулалтад дайчлан ашиглаж болохгүй.

11. БНМАУ-ын нутаг дэвсгэрт байгаа дипломат болон консулын газар, тус улсын хууль тогтоомж болон БНМАУ-ын олон улсын гэрээнд заасан халдашгүй дархан эрх бүхий олон улсын бусад байгууллага, ажилтнуудын албаны болон амины тээврийн хэрэгслийн зөвхөн техникийн байдалд хяналт тавих, жолооч нараас тогтоосон журмын дагуу замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авч хавсралт талон олгох ажлыг Гадаад явдлын яамтай тохиролцож Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ.

12. Улсын авто техникийн хэргийг шалган байцаах алба Улсын цагдан сэргийлэх байгууллагын бусад албатай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд идэвхтэй оролцоно.

 

-ооОоо-