ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ БОЛОН

ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

Улаанбаатар хот

2004 он

 

 

 

Энэхүү номонд орсон баримт бичгүүдийг доорхи цэснээс сонгон цахим хэлбэрээр уншиж болно:

 

Замын хөдөлгөөний тухай Конвенц

(Вена, 1968)

 

Замын дохио, тэмдгийн тухай Конвенц

(Вена, 1968)

 

Замын хөдөлгөөний тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр

(Женев, 1971)

 

Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн нэмэлт болох Европын хэлэлцээр

(Женев, 1971)

Энэхүү номонд автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохион байгуулахад чиглэгдсэн олон улсын дөрвөн чухал гэрээ, хэлэлцээрийн баримт бичгийг англи, орос хэлнээс эх хэлнээ хөрвүүлэн буулгаж бүрэн эхээр нь толилуулж байна. Үүнд:
 

- Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенц

(E/CONF.56/16/Rev.1/Amend.1);

- Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Венийн Конвенц

(E/CONF.56/17/Rev.1/Amend.1);

- Замын хөдөлгөөний тухай 1968 оны Конвенцийн нэмэлт болох 1971 оны Европын хэлэлцээр

(E/ECE/813-E/ECE/TRANS/567/Amend.1);

- Замын дохио, тэмдгийн тухай 1968 оны Конвенцийн нэмэлт болох 1971 оны Европын хэлэлцээр

(E/ECE/812-E/ECE/TRANS/566/Amend.1).
 

Эдгээр баримт бичгүүд нь олон улсын хэмжээнд мөрдөгдөх замын хөдөлгөөний нэгдмэл дүрэм, олон улсын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэл, түүний жолоочид тавигдах нөхцөл, шаардлага, үндэсний болон олон улсын жолоочийн үнэмлэхний загвар, хэрэглэх журам, түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах хэрэгслүүдэд хамаарах техникийн шаардлага, ашиглагдах нөхцөл зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүрээн дэх бүхий л асуудлыг цогц байдлаар агуулсан олон улсын хэмжээний эрх зүйн актууд юм.

 

Монгол Улс дээрх Конвенцуудад нэгдэн орох тухай асуудал Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 тоот тогтоолоор албан ёсоор хөндөгдөн тавигдсан юм. Улмаар Монгол Улсын Их хурлаас 1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн Конвенцуудыг хүлээн зөвшөөрч нэгдэн орох тухай хууль соёрхон баталж, Засгийн газраас батламж жуух бичиг илгээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан /өөрөөр хэлбэл энэ өдөр Монгол Улс тус Конвенцуудад нэгдэн орсон/ бөгөөд үүнээс яг 12 сарын дараа буюу 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс тус Конвенцууд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

 

Олон улсын эдгээр эрх зүйн баримт бичгүүд нь манай улсад урьд өмнө огт хэвлэгдэж байгаагүй юм. Энэ эрхэм ажлыг хэрэгжүүлэх зорилгыг Монгол Улсын Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон чухалчлан үзэж, нилээд олон баримт материалыг цуглуулан судалж, харьцуулан шинжиж, чамгүй хугацаанд хичээнгүйлэн шамдсаны дүнд эл номыг эмхтгэн боловсруулж Монголынхоо ард түмний гар дээр нийтийн хүртээл болгон өргөн барьж байна.

Энэ номын зорилго нь автозам, автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны ажилтан, албан хаагчдад өөрсдийн үйл ажиллагаандаа, юуны өмнө замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой норм, хэм хэмжээг тогтоохдоо олон улсын эрх зүйн зохих шаардлагуудыг бүх талаас нь харгалзан үзэх боломжийг олгоход оршино. Түүнээс гадна энэхүү хэвлэл нь тээврийн хэрэгслийн жолооч нарт гадаад улс орны замын хөдөлгөөнд зөв чиг баримжаатай оролцоход нь туслагч болох бизээ.

Энэхүү номонд дээрх баримт бичгүүдээс гадна Вена хотноо 1968 оны 10 дугаар сарын 7-ноос 11 дүгээр сарын 8-ны хооронд болж өнгөрсөн НҮБ-ын Замын хөдөлгөөний Бага хурлын төгсгөлийн актыг эх хэлнээ хөрвүүлэн бүрэн эхээр нь нийтэлсэн болно. Энэхүү Бага хурлаар Замын хөдөлгөөний тухай Конвенц болон Замын дохио, тэмдгийн тухай Конвенцийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, уг баримт бичгүүдийг тунхаглан нээжээ.

Мөн бид энэхүү номныхоо төгсгөлийн хуудсуудад замын хөдөлгөөний эрх зүйн баримт бичгүүдтэй холбоотой зарим үг хэллэг, нэр томъёоны «Англи-Орос-Монгол товч толь»-ийг боловсруулан эмхтгэсэн бөгөөд эрхэм уншигч та хэрэв энэ чиглэлийн ном, товхимол, баримт материалууд боловсруулах ажил эрхэлж буй бол тус Хүрээлэнгээс албан ёсоор дэлгэн тавьж буй уг толийг ажил үйлстээ өчүүхэн ч болов нэмэр болгон ашиглана буй за. Өдгөө Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа замын хөдөлгөөнтэй холбоотой эрх зүйн акт, баримт бичгүүдийн нилээд нь гадаад орнуудын баримт материалд тулгуурласан орчуулгын шинжтэй байдаг бөгөөд үүнээс улбаалан уг баримт бичгүүдэд орсон зарим үг хэллэг, нэр томъёонууд хоорондоо зөрөөтэй, утга агуулгын ялгаатай, зөв буруу илэрхийлэгдсэн байх нь элбэг тохиолдох юм. Энэхүү дутагдлыг арилгаж, замын хөдөлгөөнтэй холбоотой үг хэллэг, нэр томъёонуудыг нэгдмэл байдлаар хэрэглэж хэвших, орчуулгын оновчтой нэгдсэн систем тогтоож, түүнд тулгуурлан баримт материалуудаа боловсруулдаг зарчимд шилжих явдал зайлшгүй чухал болохыг харгалзан үзэж энэхүү товч толийг эмхтгэсэн болно.

 

Автозам, автотээврийн салбарын болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын албаны ажилтан, алба хаагч нарт, түүнчлэн автозамын хөдөлгөөний асуудлаар сургалт, сурталчилгаа явуулах, эрх зүйн баримт бичиг, төсөл боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвих зэрэг ажил үйлс эрхэлж буй оюутан, сурагч, эрдэмтэн, мэргэжилтэн болон энэ чиглэлийг сонирхон судлах хэн бүхэнд энэхүү номыг зориулав.

 

Эмхтгэсэн:

А.Хурцбилэг

 

Я.Мөнхжаргал

Хянасан:

С.Баяр

Орчуулгын редактор:

Б.Болормаа

 

 

Цаасны хэмжээ:

60х90 1/16

Хэвлэлийн хуудас:

11.8

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2004

Энэхүү номыг хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү тус Хүрээлэнд байна.