ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ЦАХИМ ТЕСТ

Улаанбаатар хот

2007 он

 

 

Энэхүү CD-нд орсон зарим тестүүдийг доорхи цэснээс сонгон, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ цахим аргаар шалгаж болно:

 

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест

Программын нэр: Traffic test v1.0

 

Энэхүү CD нь тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн улсын шалгалтын материал болох «Замын хөдөлгөөний дүрмийн тест»-ийг бүрэн эхээр нь агуулсан бөгөөд энэ чиглэлийн сургалтын техник ажиллагаа, мэдлэг сорих арга зүйг цахим хэлбэрт шилжүүлэн эрх зүйн мэдлэгийг бататгах, мэдлэгийн түвшинг тогтоох орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтын хэрэгсэл юм.

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тестийг сургалтын үйл ажиллагаа болон мэдлэг сорих арга зүйн аль алинд нийцүүлэх үүднээс дасгалын болон шалгалтын горим гэсэн хоёр хэлбэрээр программчилан боловсруулсан бөгөөд программын үндсэн нүүрэнд байрлах «Дасгалын горим», «Шалгалтын горим» гэсэн хоёр товчийн тусламжтайгаар аль хүссэн горим руу орж программын тухайн хэсгийг ажиллуулна.

 

 

 

Дасгалын горим нь Замын хөдөлгөөний дүрмийн 1200 тестийг сэдэвчилсэн байдлаар агуулах бөгөөд 26 бүлэг сэдвийн нэр бүхий цэснээс хүссэн сэдвээ сонгон тухайн сэдэвт хамаарах тестүүдтэй ажиллах боломжтой юм. Энэ горим нь хугацааны хязгаарлалтгүйгээс гадна зөвхөн тухайн нэг сэдвийн тестүүдтэй дагнаж ажиллах, тестийн зөв, буруу хариултыг дор бүр нь мэдэж авах, зарим тестийн тайлбарыг уншиж судлах боломжтойгоороо шалгалтын горимоос онцлогтой. Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг богино хугацаанд системтэй эзэмших, бие даан сурах явдалд программын энэхүү горим нэн тохиромжтой юм.

Шалгалтын горим нь 1200 ширхэг бааз тестээс тусгайлан программчилсан хуваарилалтын дагуу санамсаргүй сонголтоор 20 тест түүвэрлэн гаргах бөгөөд тэдгээрийг 20 минутын дотор хариулж мэдлэгээ сорих боломжтой юм. Энэхүү горим нь уг 20 тестийг дан ганц сэдвийн хүрээнд бус улсын шалгалтын агуулгын дагуу холимог сэдвийн хүрээнд түүвэрлэн эмхтгэх бөгөөд тухайн тестэд хариулсан байдлын үнэлгээг тэр дор нь илэрхийлэхгүй, мөн 20 минутын эрхийн хугацаан дотор хариултыг эргэн засах, дурын тестийг алгасан сонгож хариулах зэрэг уян хатан чанарыг агуулсан нь улсын шалгалтын журамд заагдсан нөхцөл, шаардлагуудтай бүрэн нийцсэн болно. Түүнчлэн 20 минутын хугацаа дууссан тохиолдолд хариултыг автоматаар шалган үнэлгээг тогтоох бөгөөд шалгалтын журамд заасны дагуу бүх хариултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан, өөрөөр хэлбэл 2-оос илүү алдаагүй тохиолдолд шалгалтад тэнцсэнд тооцно. Мөн 20 минутын хугацаа дуусахаас өмнө тестийг хариулж амжсан тохиолдолд буюу хэдийд ч «Дуусгах» товчийг дарж шалгалт өгөх ажиллагааг сайн дураар зогсоон үнэлгээг авч болно. Дүн үнэлгээ гарсны дараа тестэд өгсөн хариултыг засах боломжгүй боловч хэрхэн хариулсан байдлаа хянан үзэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл энэхүү шалгалтын горим нь зөвхөн мэдлэг сорих биш алдаагаа хянаж буруу ойлголтоо засах, зөвийгөө бататгах зэрэг сургалтын ач холбогдолтой юм. «Эхлэх» товчийг дарж дахин шинээр түүвэрлэгдсэн 20 тестийг хариулах замаар хэдэн ч удаа шалгалт өгч мэдлэгээ сорих боломжтой.

 

 

 

Замын хөдөлгөөний дүрмийн цахим тест нь ашиглахад энгийн, хялбар, ойлгомжтой, компьютерийн мэдлэг шаардахгүй бөгөөд сургалтын чанар, үр дүнг богино хугацаанд ахиулах, сурах идэвх сонирхлыг дээшлүүлэх, бие даан ганцаарчлан сурах бололцоог хангасан орчин үеийн сургалтын хэрэгсэл болон өргөнөөр ашиглагдаж байна.

Энэхүү CD-ийг жолоочийн мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдагсад буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах шалгалтанд бэлтгэгчдэд, мөн түүнчлэн замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгээ бататгах, энэ чиглэлийг сонирхон судлах хэн бүхэнд зориулав.

 

Зохион эмхтгэсэн:

А.Хурцбилэг

 

Я.Мөнхжаргал

 

С.Баяр

 

 

Программыг боловсруулсан:

Ч.Тамир

 

 

Файлын хэмжээ:

627 MB

Компьютерт тавигдах шаардлагын доод үзүүлэлт:

 

Windows 98/ME/2000/XP

CPU: Pentium II 400MHz

RAM: 64MB

Videocard: 2MB, 800x600

CD-ROM speed: 40x

 

 

ISBN 99929-6-308-5

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2007

Энэхүү CD-ийг хувилан олшруулах эрх нь гагцхүү тус Хүрээлэнд байна.