/Төслийн агуулгыг эмхтгэсэн хүснэгт/

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

 

25 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих

Тайлбар: Энэ зүйлд заасан “Жолооч” гэдэгт тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, мөн жолоодлогын дадлага хийлгэж яваа багшийг, “Тээврийн хэрэгсэл” гэдэгт хөдөлгүүрийн ажлын багтаамж нь 50 см3-ээс илүү, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс их автомашин, мотоцикл, мөн улсын бүртгэлд бүртгэгдвэл зохих чиргүүл, түүнчлэн трактор болон өөрөө явдаг бусад машин механизм, троллейбусыг тус тус ойлгоно.

 

Зөрчлийн агуулга

Шийтгэл

(ХХДоХ - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ)

1. Жолоочийн үүргийг зөрчих

1.1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах, жолоодох эрхгүй этгээдийг 3-4 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хурааж, тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.

1.2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хасах буюу 3-4 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

1.3. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) тээврийн хэрэгсэл жолоодсон

1-2 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.

1.4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон

2-3 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.

1.5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу эрх хасагдсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн

1-2 ХХДоХ-ээр торгох

1.6. Биедээ авч явбал зохих бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.

1.7. Жолоодох эрхийн үнэмлэхээ биедээ авч яваагүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

1.8. Тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй буюу бүртгэлийн зөрчилтэй, мөн техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, улсын дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодсон

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Уг тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох бөгөөд улсын үзлэгт оруулаагүй тохиолдолд улсын дугаарын тэмдгийг хурааж авна.

1.9. Ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил (энэ хэсгийн 10-т зааснаас бусад)-тэй тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

1.10. Ажлын тоормосны систем, жолооны механизм, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн буюу ажиллахгүй болсон тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон

1/2-1 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоож, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах бөгөөд улсын үзлэгт оруулаагүй тохиолдолд улсын дугаарын тэмдгийг хурааж, уг тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно.

1.11. Хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй (энэ заалт нь жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны автомашины жолооч, зорчигчид хамаарахгүй) буюу хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэсэн, мөн мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөөгүй буюу хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэсэн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

1.12. Тээврийн хэрэгслийг дайчлан хэрэглэх тухай цагдаагийн ажилтан болон бусад эрх бүхий хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй

1/2-1 ХХДоХ-ээр торгох

1.13. Цагдаагийн ажилтнаас тээврийн хэрэгслээ зогсоох тухай тавьсан шаардлагыг биелүүлээгүй

1-2 ХХДоХ-ээр торгох

1.14. Тусгай дуут болон гэрэл дохио (шар өнгийн гэрэл дохионоос бусад) ажиллуулсан автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрхийг нь эдлүүлээгүй

анхааруулах буюу 1/2-1 ХХДоХ-ээр торгох

1.15. Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийг биелүүлээгүй

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1/2-1 ХХДоХ-ээр торгох

1.16. Тээврийн хэрэгсэлд зохих зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан буюу хөдөлгөөний үед ийм хэрэгсэл ашигласан

уг хэрэгслийг хурааж, 1-3 ХХДоХ-ээр торгох

1.17. Зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан

1/5 ХХДоХ-ээр торгох

2. Хөдөлгөөн зохицуулах дохио зөрчих

2.1. Жолооч гэрлэн дохио буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор зогсох газрыг давж орсон, эсвэл замын тухайн хэсгийг нэвтэрсэн (энэ зүйлийн 9.1-д зааснаас бусад байдлаар)

1/3 ХХДоХ-ээр торгох

2.2. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог жолооч биелүүлээгүй (энэ зүйлийн 1.13-т зааснаас бусад байдлаар) бол

1/2 ХХДоХ-ээр торгох

3. Анхааруулах дохио хэрэглэх журам зөрчих

3.1. Жолооч тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журмыг зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

3.2. Жолооч ослын дохио болон ослын зогсолтын тэмдэг хэрэглэх журмыг зөрчсөн

анхааруулах буюу 1/2 ХХДоХ-ээр торгох

3.3. Жолооч хөдөлгөөн эхлэх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө чиг заадаг гэрлээр буюу гараар дохио өгөх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

4. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх журам зөрчих

4.1. Жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй (энэ зүйлийн 1.14, 8.2-д зааснаас бусад байдлаар)

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

4.2. Жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журмыг зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

4.3. Буцаж эргэх, ухрахыг хориглосон газарт жолооч дээрх үйлдлийг хийсэн (энэ зүйлийн 12.1-д зааснаас бусад тохиолдолд)

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

5. Зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх журам зөрчих

5.1. Зорчих хэсгээр байрлан явах, гүйцэж түрүүлэх журмыг жолооч эсрэг урсгал сөрөөгүй байдлаар зөрчсөн

1/3 ХХДоХ-ээр торгох

5.2. Жолооч замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр эсрэг урсгал сөрсөн

1/2-1 ХХДоХ-ээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2-4 сар хүртэл хугацаагаар хасах

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

6. Хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэх

6.1. Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 10-аас 20 км/цаг-аар хэтрүүлсэн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

6.2. Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 20-аас 40 км/цаг-аар хэтрүүлсэн

1/3-1/2 ХХДоХ-ээр торгох

6.3. Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 40 км/цаг-аас илүү хэтрүүлсэн

1/2-1 ХХДоХ-ээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2-4 сар хүртэл хугацаагаар хасах

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

7. Түр буюу удаан зогсох журам зөрчих

7.1. Жолооч тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоох журам зөрчсөн (энэ зүйлийн 9.1 ба энэ хэсгийн 2-т зааснаас бусад тохиолдолд)

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

7.2. Жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болсон, түүнчлэн явган хүний зам дээр зогсоосон (нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт)

анхааруулах буюу 1/3-1/2 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Тээврийн хэрэгслийг журамлан саатуулна.

8. Уулзвар буюу явган хүний гарц нэвтрэх журам зөрчих

8.1. Жолооч хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орсон, түүнчлэн явган хүний гарц дээр зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орсон

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

8.2. Жолооч уулзвар нэвтрэхдээ давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх дүрмийн шаардлагыг биелүүлээгүй

1/3-1/2 ХХДоХ-ээр торгох

8.3. Жолооч давуу эрх бүхий явган зорчигч, унадаг дугуйчин болон бусад хөдөлгөөнд оролцогч (тээврийн хэрэгслийн жолоочоос бусад)-д зам тавьж өгөх дүрмийн шаардлагыг биелүүлээгүй

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

9. Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчих

9.1. Жолооч төмөр замыг гарамгүй хэсгээр нэвтэрсэн, эсвэл төмөр замын гарам хаалттай буюу хаагдаж байхад, мөн дуут болон гэрлэн дохио, гармын жижүүрийн хориглосон заалтаар гарам руу орсон, түүнчлэн төмөр замын гарам дээр түр буюу удаан зогссон

1-2 ХХДоХ-ээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-6 сар хүртэл хугацаагаар хасах

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

9.2. Жолооч энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн

1/3 ХХДоХ-ээр торгох

10. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх журам зөрчих

10.1. Жолооч тээврийн хэрэгслийнхээ холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй буюу гэрэлтүүлүүр хэрэглэх журмыг зөрчсөн

1/3 ХХДоХ-ээр торгох

10.2. Жолооч энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

11. Хорооллын доторхи хөдөлгөөний журам зөрчих

11.1. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөний журмыг зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

12. Тууш замын хөдөлгөөний журам зөрчих

12.1. Тууш замд жолооч ухрах буюу буцаж эргэх үйлдэл хийсэн, эсвэл тусгайлан зориулсан зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр буюу удаан зогссон

1 ХХДоХ-ээр торгох

12.2. Жолооч энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

13. Жолоодлогын дадлага хийх журам зөрчих

13.1. Жолоодлогын дадлагын багш дадлага хийх журам зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

14. Тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчих

14.1. Чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд зорчигч тээвэрлэсэн

1/3-1/2 ХХДоХ-ээр торгох

14.2. Энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгсэл чирэх журам зөрчсөн

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

15. Хүн тээвэрлэх журам зөрчих

15.1. Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт зорчигч тээвэрлэсэн

1/3-1/2 ХХДоХ-ээр торгох

15.2. Энэ зүйлийн 14.1, энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар хүн тээвэрлэх журам зөрчсөн

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

16. Ачаа тээвэрлэх журам зөрчих

16.1. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн

1/3-1/2 ХХДоХ-ээр торгох буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 сар хүртэл хугацаагаар хасах

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

16.2. Энэ хэсгийн 1-д зааснаас бусад байдлаар ачаа тээвэрлэх журам зөрчсөн

анхааруулах буюу 1/3 ХХДоХ-ээр торгох

17. Замын тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчих

17.1. Жолооч замын тэмдэг буюу тэмдэглэлийн заалтыг зөрчсөн

энэ зүйлийн бусад заалтаар хариуцлага хүлээлгэхээргүй бол анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

18. Жолоочид хамаарах бусад заалт

18.1. Жолооч энэ зүйлийн дээрх заалтуудад тусгагдсанаас бусад байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн

анхааруулах буюу 1/10 ХХДоХ-ээр торгох

18.2. Жолооч замын хөдөлгөөний дүрэм болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөнөөс хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан

тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хасах буюу 2-3 ХХДоХ-ээр торгох

Авах арга хэмжээ: Жолоодох эрхийн үнэмлэхийг хураана.

19. Замын хөдөлгөөнд оролцогч бусад этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих

19.1. Явганаар болон тээврийн хэрэгслээр зорчигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн

анхааруулах буюу 1/10 ХХДоХ-ээр торгох

19.2. Унадаг дугуй, мопед болон ердийн хөсөг унаж яваа этгээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн

анхааруулах буюу 1/5 ХХДоХ-ээр торгох

19.3. Энэ хэсгийн 2-т заасан этгээд нь согтуурсан үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн

1/2-1 ХХДоХ-ээр торгох

19.4. Тээврийн хэрэгслийн жолоочоос бусад хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан

1/3 ХХДоХ-ээр торгох

19.5. Тээврийн хэрэгслийн жолоочоос бусад хөдөлгөөнд оролцогч этгээд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан

1/2-1 ХХДоХ-ээр торгох

20. Иргэн, албан тушаалтан замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих

20.1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн этгээдээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан

2-3 ХХДоХ-ээр торгох

20.2. Тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй буюу бүртгэлийн зөрчилтэй, мөн техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан

1-2 ХХДоХ-ээр торгох

20.3. Ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан

2-3 ХХДоХ-ээр торгох

20.4. Зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг эвдэж гэмтээсэн, түүнчлэн замын хөдөлгөөнд санаатайгаар саад бий болгосон буюу замын гадаргууг бохирдуулсан

иргэнийг 1-2 ХХДоХ-ээр торгох, албан тушаалтныг 2-3 ХХДоХ-ээр торгох

20.5. Зам, төмөр замын гарам буюу замын бусад байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, стандартын дагуу бүрэн бүтэн байлгах дүрэм зааврыг зөрчсөн, түүнчлэн зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж байгаа үедээ хөдөлгөөнд саад болох хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ аваагүй

албан тушаалтныг 3-5 ХХДоХ-ээр торгох

20.6. Иргэн, албан тушаалтан нь энэ зүйлийн дээрх заалтуудад тусгагдсанаас бусад байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн

анхааруулах буюу 1/2 ХХДоХ-ээр торгох

 

««..Өмнөх хуудас