МОНГОЛ УЛСЫН

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

2007 оны 01 дүгээр

сарын 31-ний өдөр

Дугаар 02

Улаанбаатар

хот

 

 

ЗЦГ-ЫН МЭРГЭЖИЛ ХЯНАЛТЫН ТАСГИЙН ДАРГА

Р.МӨНХБАЯР ТАНАА

 

Жолоочийн үнэмлэхний загварыг

шинэчлэх тухай санал

 

Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенц (Венийн конвенц)-ийн зургаадугаар хавсралтад үндэсний жолоочийн үнэмлэхэд тавигдах шаардлага тусгагдсан байдаг бөгөөд уг шаардлагад Монгол Улсын “Үндэсний жолоочийн үнэмлэх”-ийг бүрэн нийцүүлэх үүднээс одоогийн загварт зарим нэг өөрчлөлт хийх шаардлагатай байна. Тухайлбал: Уг хавсралтын 2 ба 3 дугаар зүйлд тусгагдсан шаардлагын дагуу үнэмлэхэд Монгол улсын нэрийг латин үсгээр (Mongolia) бичих, мөн Монгол улсын ялгах тэмдэг (MGL)-ийг тавих, 4 дүгээр зүйлд тусгагдсан шаардлагын дагуу эзэмшигчийн төрсөн он, сар, өдөр, гарын үсэг (эсвэл эрхий хурууны хээ), зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслийн ангилал тус бүрийн олгогдсон он, сар, өдөр зэргийг бичсэн байх шаардлагатай юм.

Мөн жолоодохыг зөвшөөрсөн тээврийн хэрэгслүүдийн ангиллыг тэмдэглэх нүдэнд “А” (мотоцикл) ангиллыг нэмж оруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл мотоциклын жолоочийн үнэмлэхийг тусад нь авч үзэж ирсэн хуучин тогтолцоо нь олон улсын зарчимд нийцэхгүй юм.

Түүнчлэн үнэмлэхний арын нүүрэнд бичигдсэн тээврийн хэрэгслүүдийн ангиллын тодорхойлолтыг Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 1.2-т нийцүүлэн өөрчлөн найруулах шаардлагатай байна.

Жолоочийн үнэмлэхний загварыг дээрх шаардлагын дагуу шинэчлэх нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг болох төдийгүй энэхүү шинэчлэлт нь Монгол Улсын “Жолоодох эрхийн үнэмлэх”-ийг тус Конвенцид нэгдсэн 60-аад  оронд бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх олон улсын гэрээний эрх зүйн баталгааг хангах юм.

Энэ үүднээс “Жолоочийн үнэмлэх”-ний одоогийн загварыг шинэчлэх нь зүйтэй гэж үзэн тус Хүрээлэнгээс шинэчилсэн загварыг санал болгож байна.

 

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

А.ХУРЦБИЛЭГ

 

Үнэмлэхний шинэчилсэн загвар..»»