МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН

ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ

 

1. Нэр томъёонуудын тодорхойлолтын тухай

 

Түүхэн хөгжлийн зүй тогтлыг даган замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтуудын үйлчлэл, цар хүрээ өсөн нэмэгдэхийн хирээр тэдгээрийн агуулгыг товч тодорхой, зөв цэгцтэй илэрхийлэх, ялангуяа тухайн зүйл, заалтын утга санаа, ойлголтыг нэг мөр болгох, үүний тулд зарим нэр томъёонуудыг тусгайлан тайлбарлан тодорхойлох зайлшгүй шаардлага урган гарчээ.

1966 онд шинэчлэгдэн батлагдсан замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд «Жолооч», «Механикжсан тээврийн хэрэгсэл», мөн 5 дугаар бүлгийн 63 дугаар зүйлд «Гол зам» гэсэн нэр томъёонуудыг хэрхэн ойлгох талаар тайлбарлан тусгасан нь замын хөдөлгөөний дүрэмд түгээмэл хэрэглэгддэг үндсэн нэр томъёонуудыг эрх зүйн хүрээнд нэг мөр тодорхойлон баталгаажуулах явдлын эхлэл болжээ. 1985 оны шинэчлэлтээр дээрх гурван нэр томъёоны тодорхойлолт дээр «Явган зорчигч», «Мотоцикл», «Унадаг дугуй», «Чиргүүл», «Хагас чиргүүл», «Бүх жин», «Зам», «Зорчих хэсэг», «Хөдөлгөөний эгнээ», «Уулзвар», «Төмөр замын гарам», «Хот суурин газар», «Түр зогсолт», «Удаан зогсолт», «Гүйцэж түрүүлэх», «Зам тавьж өгөх», «Түрүүлж хөдлөх эрх» гэсэн 17-н нэр томъёоны тодорхойлолтыг нэмж нийт 20 болгон баяжуулсан ба «Гол зам» гэсэн нэр томъёоны тодорхойлолтоос бусдыг нь дүрмийн 7 дугаар зүйл буюу өөрөөр хэлбэл бие даасан нэг зүйл болгон нэгтгэн байршуулсан нь өнөөгийн Замын хөдөлгөөний дүрмийн үндсэн хэв шинжийг бүрдүүлсэн чухал алхам болсон байна.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр «Замын хөдөлгөөнд оролцогч», «Зайлшгүй зогсолт», «Үзэгдэх орчин хязгаарлагдах», «Тусгаарлах зурвас», «Явган зорчигчийн зам», «Явган зорчигчийн гарц», «Тээврийн хэрэгсэл», «Мопед», «Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл» гэсэн 9-н нэр томъёоны тодорхойлолтыг нэмж, «Хагас чиргүүл» гэсэн нэр томъёоны тодорхойлолтыг хассанаар нийт 28-н тодорхойлолттой болж, «Түрүүлж хөдлөх эрх», «Хот суурин газар» гэсэн нэр томъёонуудыг «Давуу эрх», «Суурин газар» гэж өөрчилсөн байна.

1991 оны шинэчлэлтээр «Харанхуй үе», «Бодит жин», «Ердийн хөсөг» гэсэн 3-н нэр томъёоны тодорхойлолт нэмэгдэж нийт 31-н тодорхойлолттой болсон бөгөөд «Явган зорчигчийн зам», «Явган зорчигчийн гарц» гэсэн нэр томъёонуудыг «Явган хүний зам», «Явган хүний гарц» гэж өөрчилжээ.

1996 оны шинэчлэлтээр «Гарц», «Явган хүний гарам» гэсэн хоёр нэр томъёоны тодорхойлолт нэмэгдэж, «Зам», «Тээврийн хэрэгсэл», «Жолооч», «Явган зорчигч», «Замын хөдөлгөөнд оролцогч» гэсэн 5-н нэр томъёоны тодорхойлолт хасагдсанаар нийт 28-н тодорхойлолттой болсон байна.

2004 оны шинэчлэлтээр «Аюултай ачаа», «Зам тээврийн осол», «Замын хөдөлгөөн», «Зохицуулагч», «Тууш зам», «Тээврийн хэрэгслээр зорчигч», «Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх», «Цуваа» гэсэн 8-н нэр томъёоны тодорхойлолтыг шинээр нэмснээс гадна 1996 онд хасагдсан «Зам», «Тээврийн хэрэгсэл», «Жолооч», «Явган зорчигч», «Замын хөдөлгөөнд оролцогч» гэсэн 5-н нэр томъёоны тодорхойлолтыг буцаан оруулж нийт 41-н тодорхойлолттой болсон бөгөөд «Үзэгдэх орчин хязгаарлагдах», «Нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл», «Хөдөлгөөний эгнээ» гэсэн нэр томъёонуудыг «Үзэгдэлт хангалтгүй үе», «Чиглэлийн тээврийн хэрэгсэл», «Эгнээ» гэж өөрчилсөн байна.

Ийнхүү түүхэн хөгжлийн явцад Замын хөдөлгөөний дүрмийн нэр томъёонууд болон тэдгээрийн тодорхойлолтуудын тоо ширхэг өсөн нэмэгдсэнээс гадна мөн утга агуулгууд нь өөрчлөгдөн сайжирч, улам бүр нарийн тодорхой болон хөгжсөөр өнөөг хүрчээ. Нэр томъёоны тодорхойлолтуудын хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхэн хөгжлийн явцыг дараахь цөөн хэдэн нэр томъёон дээр жишиж сонирхуулъя.

 

«Жолооч» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- механикжсан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин, механизм, унадаг дугуй, ердийн хөсөг жолоодогчид тус тус хамаарна.

1985 оны дүрэмд

- ямар нэг тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваа хүн.

1991 оны дүрэмд

- /дээрх тодорхойлолт өөрчлөгдөөгүй/

1996 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

2004 оны дүрэмд

- тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно.

 

«Тээврийн хэрэгсэл» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл.

1991 оны дүрэмд

- хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл.

1996 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

2004 оны дүрэмд

- хүн ба ачаа, суурилагдсан тоног, төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл.

 

«Механикжсан тээврийн хэрэгсэл» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- 49,8 см3-ээс доош ажлын багтаамж бүхий хөдөлгүүртэй моторт дугуй, мопедаас бусад амьд хүчний туслалцаагүйгээр хөдлөн явдаг хэрэгсэл хамаарна.

1985 оны дүрэмд

- 50 см3-ээс бага ажлын эзлэхүүн бүхий хөдөлгүүрийн хүчээр явдаг мопед, дугуйнаас бусад бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор ба өөрөө явагч машин механизм.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- хөдөлгүүрээр тоноглосон бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор, өөрөө явдаг машин механизм.

1991 оны дүрэмд

- хөдөлгүүр бүхий бүх төрлийн авто, цахилгаан тээврийн хэрэгсэл, трактор, өөрөө явдаг машин механизм.

1996 оны дүрэмд

- хөдөлгүүрээр тоноглогдсон мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл.

2004 оны дүрэмд

- мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл.

 

«Гол зам» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- Гол гудамж, зам гэдэг нь гурван замын уулзварт хоёр тал руугаа нэвт хөдөлгөөнтэйг хэлнэ. Харин дөрвөн замын уулзварт бол:

а) аль цардмал гудамж, (зам)-ыг;

б) аль олон эгнээгээр зорчих гудамж (зам)-ийг тооцно.

1985 оны дүрэмд

- Гол зам гэдэг нь:

а) хучлагатай, хучлагагүй замын аль хучлагатай нь;

б) гурван замын уулзварт бол хоёр тал руугаа нэвт шулуун хөдөлгөөнтэй нь;

в) дөрвөн замын уулзварт бол аль олон эгнээгээр зорчих, илүү тэмдэглэлтэй гудамж зам нь.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- хучлагатай, хучлагагүй замын аль хучлагатай нь буюу уулзварын өмнө 1.4.а, 1.4.б, 1.4.в, 4.1 тэмдэг тавьсан зам. Хучлагатай замтай, шороон зам хучлагаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.

1991 оны дүрэмд

- хучилгатай, хучилгагүй замын аль хучилгатай нь буюу уулзварын өмнө 1.4 а, 1.4 б, 1.4 в, 4.1 тэмдэг тавьсан зам. Хучилгатай замтай, шороон зам хучилгаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.

1996 оны дүрэмд

- хучлагатай болон шороон замын хучилттай нь буюу уулзварын өмнө энэ дүрмийн хавсралтын 3.1, 3.3а,б,в тэмдэг тавьсан зам. Хучлагатай замтай, шороон зам хучилтаар нийлсэн бол адил замын уулзварт тооцохгүй.

2004 оны дүрэмд

- уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг бүхий зам.

 

«Зам» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- замын хоёр талын шороон зурвас, явган хүний зам, таримал зүлгийг оролцуулан бүх өргөнөөр нь хөдөлгөөнд зориулсан зам, гудамж.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- замын хөдөлгөөнд зориулсан өргөн чөлөө, гудамж, зам (хоёр хажуугийн шороон зурвас, явган хүний зам, таримал зүлэг орно).

1991 оны дүрэмд

- замын хөдөлгөөнд зориулсан зурвас газар (зорчих хэсэг, хоёр хажуугийн шороон зурвас, явган хүний зам, тусгаарлах зурвас орно).

1996 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

2004 оны дүрэмд

- тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.

 

«Бүх жин» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- үйлдвэрлэсэн заводаас нь техникийн тодорхойлолтоор тогтоосон тээврийн хэрэгслийн ачаа ба зорчигчтой бүх жин.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаатай буюу зорчигчтой нийт жин. Мөн тухайн тээврийн хэрэгслээр чирч яваа тээврийн хэрэгслийн жинг түүний бүх жинд оролцуулан тооцно.

1991 оны дүрэмд

- тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаатай буюу зорчигчтой нийт жин.

1996 оны дүрэмд

- тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, зорчигчийн нийт жин

2004 оны дүрэмд

- тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.

 

«Уулзвар» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- гудамж, замууд нэг төвшинд огтлолцсон, нийлсэн буюу салаалсан бэлчир.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- замууд нэг төвшинд огтолцож нийлсэн буюу салаалсан бэлчир (зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг талын захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай). Замын хажуу дахь талбайгаас (хашааны хаалга, зогсоол, шатахуун түгээх станц, албан байгууллага, үйлдвэр гэх мэт) зам руу нийлж байгаа хэсгийг уулзварт тооцохгүй.

1991 оны дүрэмд

- замууд нэг төвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарласан талбай). Ойролцоох талбай, орон сууцны хороолол, хашааны хаалга, зогсоол, шатахуун түгээгүүр, албан байгууллага, үйлдвэр зэргээс зам уруу нийлж байгаа зорчих хэсгийг гарц гэнэ.

1996 оны дүрэмд

- замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир /зорчих хэсгүүдийн захын дугуйрч байгаа эхлэлтэй шулуун холбож хязгаарлагдсан талбай/.

2004 оны дүрэмд

- замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай).

 

«Зам тавьж өгөх» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй буюу ямар нэг үйлдэл хийхгүй байх шаардлага.

1991 оны дүрэмд

- бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх шаардлага.

1996 оны дүрэмд

- хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйн тулд жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх үйлдэл.

1998 оны нэмэлт өөрчлөлтөөр

- замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл.

2004 оны дүрэмд

- замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл.

 

«Гүйцэж түрүүлэх» гэсэн нэр томъёог тодорхойлсон нь:

1966 оны дүрэмд

- /тодорхойлоогүй/

1985 оны дүрэмд

- явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох үйлдэл. Зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслүүд нэг нь нөгөөгөөсөө илүү хурдтай явахыг гүйцэж түрүүлэх гэж үзэхгүй.

1987 оны нэмэлт өөрчлөлтөөр

- явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох үйлдэл.

1991 оны дүрэмд

- /дээрх тодорхойлолт өөрчлөгдөөгүй/

1996 оны дүрэмд

- урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох үйлдэл.

1998 оны нэмэлт өөрчлөлтөөр

- явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл.

2004 оны дүрэмд

- явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл.

 

 

Дараагийн хуудас..»»