МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
2. Жолооч биедээ авч явбал зохих бичиг баримтын тухай
1925 оны дүрэмд:
5. Тэрэгний жолооч нь гал усаар хөдлөх машиныг явуулах хэрэглэх сургууль төгссөн үнэмлэх бичигтэй хүмүүс болмой.
Үүнд тайлбарлах нь:
Нэг. Тавдугаар зүйлд дурдсан үнэмлэх бичгийг Аж ахуйн явдлын яамны машин зэрэг хэргийг эрхлэх тусгай комиссоос жолооч болох хүмүүсийг шалгаж үзээд, чадахад олговоос зохимой. Энэхүү үнэмлэх бичгийг өөрийн дураар бусдад шилжүүлж үл болмой.
Хоёр. Жолооч болохын үнэмлэх бичиг олохыг хүсэгчид өөрийн биеийн зураг хоёр хувийг хүргүүлэхээс гадна татвар янчаан гурвыг тушааваас зохимой.
Гурав. Гадаад улсын албан газраас жолоочийн сургууль дүүргэсэн үнэмлэх бичиг бүхий хүмүүст тавдугаар зүйлд заасан бичгийг олгоход шалгахгүй бөгөөд гагцхүү биед өвчин эмгэггүй хэмээн доктороос олгосон үнэмлэх бичгийг албаны газарт хураан авч тэмдэг болговоос зохимой. Аливаа хөл доголон буюу нэг нүд сохор зэргийн биедээ эмгэг бүхий хүмүүс жолооч болж үл болмой.
1930 оны дүрэмд:
1. Оньсон хүчний тэргэдийг жолоодох хүмүүс эрүүл бөгөөд тус Монгол улсын хил хязгаарын дотор ба тус улсын хүн ам олонтой газруудаар хэрхэн жолоодож явах нэвтрэх тухайн дүрмийг ягштал мэдэх ба биелүүлэн гүйцэтгэхийн дээр жолооч нарыг шалгахаар хувь нийлүүлсэн трансын дэргэд байгуулсан улсын шалгалтын комисоос олгосон үнэмлэх бүхий ба жолоодон явуулж буй машиныг ашиглан эдлүүлэх тухай олгосон үнэмлэх бүхий байваас сая тохирмой.
1936 оны дүрэмд:
9. Оньс машинаар хөдлөх зүйлүүдийг хэрэглэн явагчид нь хот зээлээр сэлгүүцэн явах тухайн журмыг нэгд нэгэнгүй таньж мэдсэн байваас зохихын гадна тийнхүү машин тэргийг жолоодох эрх бүхий үнэмлэх бичгийг заавал биедээ авч явбаас зохих ба энэхүү үнэмлэх бичгийг Улсын цагдан сэргийлэх газрын зохих албаны хүмүүсээс үзэх хэмээвээс тухай бүрд ямар ч саадгүйгээр үзүүлж байваас зохимой.
1940 оны дүрэмд:
19. Төрөл бүрийн тэрэг хөсөг жолоодогчдын үүрэг нь:
а/ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газраас олгосон бөгөөд тухайн төрлийн тэрэг жолоодох эрх бүхий үнэмлэхээ тэрэг жолоодогчид нь хэзээ ямагт биедээ авч явах ёстой.
э/ замд явах бичгийг тэрэг жолоодож явах цагтаа биедээ авч явах ба олон нийтийн хэрэглэх автобусын жолоочид тэрхүү зам явах бичгийн оронд маршрутын бичиг, жич мөн тусгайлан ногдсон хувийн тэрэг бүхий дипломат төлөөлөгчдийн тэрэг жолоодогчид техникийн паспорттой явбаас зохимой.
1957 оны дүрэмд:
Зургадугаар бүлэг. Авто хөсгийн жолооч нарын үүрэг:
б) жолооч нар авто хөсгийг жолоодож яваа үедээ биедээ авч явбал зохих зүйлийг дурдвал: авто хөсгийн жолоочид улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон мэрэгжлийн үнэмлэх;
Трактор, зам барилга, услан цэвэрлэх ажлын зэрэг өөрөө явагч механизмын жолоочид харьяа газрын мэрэгжлийн комиссоос олгосон үнэмлэх.
Авто хөсгийн жолооч (хувийн машин, мотоцикл эзэмшигчдийг оруулахгүй) нар техникийн паспортын талон, замын хуудас, зорчин явагчдыг тээвэрлэхэд зориулсан олон нийтийн хэрэгцээний авто хөсгийн жолооч нар бол маршрутын хуудас;
1960 оны дүрэмд:
Зургадугаар бүлэг. Авто хөсгийн жолооч нарын үүрэг:
б) Авто хөсгийг жолоодож яваа үед жолооч нарын биедээ авч явах зүйлийг дурдвал:
20. Автомашины жолооч нар авто техникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон мэрэгжлийн үнэмлэх, техникийн паспортын талон, замын хуудас (хувийн автомашин, мотоцикл эзэмшигчдийг оролцуулахгүй). Трактор, зам барилга, услан цэвэрлэх ажлын зэрэг өөрөө явагч механизмын жолооч нар харьяа газрын мэрэгжлийн комиссоос олгосон үнэмлэх ба автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон зөвшөөрөлтэй, зорчин явагчдыг тээвэрлэхэд зориулсан олон нийтийн үйлчилгээний автобусын жолооч нар мэрэгжлийн үнэмлэх, техникийн паспортын талон, маршрутын хуудастай явна.
1966 оны дүрэмд:
16. Механикжсан тээврийн хэрэгсэл, зам барилга хөдөө аж ахуйн болон бусад тусгай зориулалтын өөрөө явагч машин, механизмыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон мэрэгжлийн эрхийн үнэмлэхтэй хүмүүст жолоодуулахыг зөвшөөрнө.
Ердийн хөсөг, 49,8 см3-ээс доош ажлын багтаамж бүхий хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй зэргийг жолоодогчид нь аймаг хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр тогтоосон газарт хөдөлгөөний дүрмийн мэдцийг нотолж байгаа гэрчилгээтэй байвал зохино.
17. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ дор дурьдсан зүйлийг өөртөө заавал авч явна.
а) жолоодох эрхийн үнэмлэх
б) техникийн паспортын талон (Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газарт бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд)
в) замын буюу маршрутын хуудас (амины авто машин мотоцикл үл хамаарна)
18. БНМАУ-д бусад орноос авто машин, мотоцикл жолоодон ирэгчид нь:
а) авто машин, мотоциклын баримт бичиг, түүнийг жолоодох эрхийн олон улсын үнэмлэх буюу хэрэв зөвхөн өөрийн улсын үнэмлэхтэй бол Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон хавсралттай байна;
б) автомашин (мотоцикл)-д өөрийн улсын номер, ялгах тэмдэгтэй байвал зохино.
1985 оны дүрэмд:
8. ... Механикжсан тээврийн хэрэгсэл (зам барилга, хөдөө аж ахуйн болон бусад тусгай зориулалтын өөрөө явагч машин механизм)-ийг улсын авто техникийн хэргийг шалган байцаах газар (УАТХШБГ)-аас олгосон мэргэжлийн эрхийн үнэмлэхтэй хүнд жолоодуулахыг зөвшөөрнө. Ердийн хөсөг, 50 см3-ээс бага ажлын эзлэхүүн бүхий хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй зэргийг жолоодогсод нь аймаг, хот, сум, район, хороо, орон нутгийн хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг шалгаад олгосон гэрчилгээтэй байна.
9. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ заавал авч явах зүйл:
а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;
б) техникийн паспортын талон;
в) замын болон маршрутын хуудас, ачсан ачааны баримт бичиг (амины автомашин, мотоциклтой хүн бол техник ашиглалтын дэвтэр);
г) өөр хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол итгэмжлэх бичиг баримт;
10. БНМАУ-д бусад орноос ирсэн (механикжсан тээврийн хэрэгслийн) жолооч доорх үүрэгтэй:
а) тээврийн хэрэгслийн баримт бичиг, түүнийг жолоодох үндэсний ба олон улсын эрхийн үнэмлэх, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон хавсралт;
б) тээврийн хэрэгслээ Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газарт бүртгүүлж улсын дугаар буюу түр зөвшөөрөл авсан тухай тэмдэглэл хийлгэсэн дэвтэр;
Эх орондоо буцахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол эргүүлэн өгнө.
1991 оны дүрэмд:
9. Механикжсан тээврийн хэрэгсэл, мотоцикл, мопедийн жолооч биедээ заавал авч явах бичиг баримт:
а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;
б) тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в) замын хуудас, ачсан ачааны баримт бичиг (амины автомашин, мотоцикл, мопедэд ашиглалтын дэвтэр);
г) өөр хүний эзэмшлийн амины тээврийн хэрэгсэл жолоодож яваа бол итгэмжлэл.
10. БНМАУ-д гадаад орноос ирсэн жолооч доорх үүрэгтэй:
а) ЗЦ газраас олгосон жолоодох эрхийн үнэмлэхтэй байх;
б) тээврийн хэрэгслээ ЗЦ албанд бүртгүүлж улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч эх орондоо буцахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол буцааж өгнө.
1996 оны дүрэмд:
8. Жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
9. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь дараахь бичиг баримтыг биедээ заавал авч явна:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ, амины автомашины ашиглалтын дэвтэр;
в/ бусдын амины тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох бол итгэмжлэл;
г/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.
10. Монгол Улсад ирсэн гадаадын харъяат жолооч дор дурдсан үүрэгтэй:
а/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-наас зөвшөөрсөн жолоодох эрхтэй байх;
б/ тээврийн хэрэгслээ замын цагдаагийн албанд бүртгүүлж, улсын дугаар буюу түр зөвшөөрөл авч, Монгол улсаас гарахдаа бүртгэлээс хасуулж, хэрэв улсын дугаар авсан бол түүнийгээ буцааж өгнө.
2004 оны дүрэмд:
2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:
а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
в/ шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг.
2.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх;
б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба (цаашид “Замын цагдаагийн алба” гэх)-нд тэмдэглүүлсэн байх.