МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
3. Тээврийн хэрэгсэл байрлан явах тухай
1925 оны дүрэмд:
9. Тэрэгний жолооч замаар явахдаа буй чинээгээр болгоомжлох сэрэмжлэх бөгөөд ... гудамж бүхий газар төв голоор явж гэм гаргахгүйг хичээж явахаас гадна ...
16. Замд уулзсан жин тээгчид ба аливаа аянчин жич уурын тэрэг лүгээ зөрөлдөн өнгөрөхдөө уурын тэргэд баруун гараа дагаж явбаас зохимой.
1930 оны дүрэмд:
2. Тус монгол улсад хэрэглэгдэн буй уурын ба мотоциклет тэргэд хийгээд бусад хөсөг тэргэдийн зүйл нэвтрэн явахад баруун гар талыг барьж явахаас гадна сэлгүүцэн өнгөрөхөд баруун гар талыг барин өнгөрвөөс зохимой.
Ердийн ба тэмээн хөсөгний тухай бүлгийн 1. Тус улсын хязгаарын дотор ердийн ба тэмээн хөсгүүд сүлжин явахад эрх биш баруун гар талыг барин явбаас зохимой.
1936 оны дүрэмд:
2. Тус Улаанбаатар хотын гудамж зээлээр явагчид нь хэзээ ямагт баруун талыг барьж зөрөлдөн өнгөрч байваас зохимой.
1940 оны дүрэмд:
29. Хоёр тийш явж болох гудамжны тэрэг хөсөг нэгэн тийш чиглэн явах хэсэг газар нь явган хүний явах гишгүүрээс гудамж (зам)-ийн дунд хүртэлх газрууд болмой.
30. Тэрэг хөсөг нь гудамж (зам)-аар явахдаа баруун гарын талыг барьж явбаас зохимой.
31. Тэрэг хөсөг явах эгнээний тоо тухайн гудамж зэрэгт чухам төчнөөн эгнээгээр явмой хэмээн өөр тоо тогтоож заасан зүйлгүй аваас гудамж замын нэгэн тийш чиглэн явах газрын өргөнөөс болмой. Гудамж замын нэгэн тийш чиглэн явах хэсэг газрын өргөн нь 6 метрээс бага аваас тэрэг хөсөг нэгэн эгнээгээр явмой.
32. Тэрэг хөсөг нэгэн эгнээгээр явах газарт жолооч нар нь өөрийн тэрэг хөсгийг явган хүний явах гишгүүр (зах)-ээс 1 метрээс илүүгүй зайтай явуулбаас зохимой.
1957 оны дүрэмд:
27. Авто хөсгийн жолооч нар өөрийн жолоодож яваа авто хөсгийг гудамж, замын зорчих хэсгээр явуулахдаа явган хүний замаас нэг метрийн зайтай явуулах үүрэгтэй.
28. Хоёр талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд ...
29. Авто хөсөг хэдэн эгнээгээр хөдлөхийг заасан замын тэмдэг, заалт байхгүй гудамжинд авто хөсөг дор дурдсан журмаар зэрэгцэн явна.
а) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7 метрээс доош байвал нэг эгнээгээр явна;
б) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7-10 метр байвал, 2 эгнээгээр явна;
1960 оны дүрэмд:
24. Хоёр талын хөдөлгөөнтэй замаар явахдаа авто хөсөг замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талыг барьж явах бөгөөд ...
25. Авто хөсгийн жолооч нар өөрийн жолоодож яваа авто хөсгийг гудамж, замын зорчих хэсгээр явуулахдаа явган хүний замаас 1 метрийн зайтай явуулах үүрэгтэй.
26. Бүх төрлийн хөсөг, зөвхөн зүүн гар талаараа зөрнө.
27. Хэрэв зэргэлдээ 2 зам байвал, төрөл бүрийн хөсөг зөвхөн баруун гар талын замаар явах бөгөөд энэ 2 замын аль алинаар нь хөдөлгөөний эсрэг явахыг хориглоно.
28. Авто хөсөг дор дурдсан журмаар зэрэгцэн явна.
а) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7 м-ээс доош байвал нэг эгнээгээр явна.
б) замын нэг талын хөдөлгөөний зорчих хэсгийн өргөн нь 7-10 м байвал 2 эгнээгээр явна.
1966 оны дүрэмд:
35. Жолооч хөдөлгөөний хурд түүнийг зогсоох бололцоог харгалзан тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зайг сонгож авна.
Хөдөлгөөний эгнээний тоог зорчих хэсгийн тэмдэглэл заалтаар тогтоох бөгөөд хэрэв тэр нь байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн багтах боломжийг харгалзан сонгож авна.
36. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талаар явах бөгөөд харин гүйцэж түрүүлэх буюу баруун талын эгнээ чөлөөгүй байгаа үед зүүн талын эгнээгээр явахыг зөвшөөрнө.
Хэрэв автомашин нэг чигт гурав, түүнээс дээш эгнээгээр зорчих бол мөн зүүн талын эгнээг гүйцэж түрүүлэхэд зориулан чөлөөтэй байлгах ба түүгээр ачааны авто машин гүйцэж түрүүлэхээр ч гэсэн орохыг хориглоно.
37. Зорчих хэсгийн хамгийн баруун талын эгнээгээр ачааны авто машин, унадаг дугуй, мопед, трактор, ердийн хөсөг, мөн цагт 30 км-ээс илүүгүй хурдтай яваа тээврийн бусад хэрэгсэл зорчих бөгөөд харин гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үед уул эгнээнээс гарч болно.
1985 оны дүрэмд (1987 оны өөрчлөлтийг тусгасан байдлаар):
73. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 4.6 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуу хоорондын зайг харгалзан байрлалаа сонгож авна.
74. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно.
75. Нэг чиглэлд гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг хориглоно. Гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд голын эгнээнд орохыг тус тус хориглоно. Нэг чиглэлийн хөдөлгөөнтэй замд зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахын тулд зүүн гар талын захын эгнээнд орохыг зөвшөөрнө.
76. Хамгийн их хурд нь цагт 30 км буюу техникийн гэмтлийн шалтгаанаар түүнээс илүүгүй хурдтай яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээнд явах бөгөөд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, түүнчлэн зүүн гар тийшээ буюу буцаж эргэх, байр эзлэхийн тулд зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
1991 оны дүрэмд:
73. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 4.6 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан байрлалаа сонгож явна.
74. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
75. Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, трактор, өөрөө явдаг машин, механизм хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг хориглоно. Дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд дунд эгнээнд орохыг тус тус хориглоно.
76. Боломжтой хурд нь цагт 30 км буюу техникийн гэмтлийн шалтгаанаар түүнээс илүүгүй хурдтай яваа тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээнд явах бөгөөд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, түүнчлэн зүүн гар тийшээ буюу буцаж эргэх байр эзлэхийн тулд тухайн чигийн хөдөлгөөний зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
1996 оны дүрэмд:
46. Зорчих хэсгийн эгнээний тоог замын тэмдэглэл буюу 5.10, 5.12, 5.13 тэмдгээр тодорхойлно. Тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч зорчих хэсгийн өргөн, тээврийн хэрэгслийн өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан байрлалаа сонгож явна.
47. Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болохоор ойр явна. Баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
48. Нэг чигт гурав буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд зөвхөн зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд ачааны автомашин, автобус, троллейбус, трактор, өөрөө явдаг машин механизм хамгийн зүүн гар талын эгнээгээр явахыг хориглоно.
49. Дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчих замд эсрэг урсгалд орох, сөрөг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийшээ буюу буцаж эргэхээс бусад тохиолдолд дунд эгнээнд орохыг тус тус хориглоно.
51. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байгаа тохиолдолд зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
2004 оны дүрэмд:
8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно.
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно.
Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.
8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.