МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН

ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ

 

4. Гүйцэж түрүүлэх тухай

 

1925 оны дүрэмд:

12. Олон хүний нааш цаашаа явж буй гудамж ба зах зээлийн газарт өмнөө явж буй уурын тэргийг хойноос хөөн ирж урд нь орж ... үл болмой.

 

1930 оны дүрэмд:

3. Уурын ба мотоциклет тэргэд буюу дугуй бас ч ердийн ба тэмээн хөсгийн зүйлийг хойноос хөөн гүйцэж өнгөрөн нэвтрэхэд гагцхүү зүүн гар талыг барих бөгөөд тухайд дохио тэмдэг чимээ өгч мэдэгдэх ба нөгөөтэйгүүр хөөгдөн буй машин буюу ердийн хөсөг нь чингэж хөөн гүйцэж нэвтрэн өнгөрөхийг завдахад баруун гар талыг барьж саадгүй өнгөрүүлбээс зохимой.

 

1936 оны дүрэмд:

4. Хойноос гүйцэж ирэх машин, морин тэрэгний зэрэг хөсөг лүгээ зорчин өнгөрөхдөө тэрхүү хөсгүүдийн зүүн талыг барьж явах ба мөн нийтэд тогтоосон хэмжээнээс илүү хурдлан явж хэрхэвч үл болох ба тийнхүү сэлгүүцэн өнгөрөхдөө заавал чимээ өгч явбаас зохимой.

 

1940 оны дүрэмд:

43. Аливаа хөсөг тэргийг цуваагаас гарч зүүн талаас нь гүйцэж өнгөрч болмой. Гагцхүү ил саруул үзэгдэх газарт гүйцэн өнгөрч болохын дээр өнгөрсний дараа гүйцэгдсэн хөсгийн явдал үл саатах бусад тэрэг баригчдыг огцом эргэх буюу явдлыг удаашруулахад үл хүргүүлэх байваас зохимой.

Тэрэг баригчид бусдыг гүйцэн өнгөрөхдөө тухайн төрлийн хөсөг тэрэгт ба мөн тухай замын байдалд тогтоон заасан хурдаар явахыг чангалан баримтлаваас зохимой. Гүйцэгдэх хөсгийн жолооч нь тэр тухайд хурдыг нэмэгдүүлэх буюу аливаа нэгэн өөр аргаар гүйцэгдэхийг саатуулж үл болмой.

 

1957 оны дүрэмд:

56. Өмнө яваа хөсгийг гүйцэж түрүүлэх нь сайн үзэгддэг зам дээр авто хөсгийн зүүн гар талаар зөвшөөрөгдөх бөгөөд харин гүйцэж түрүүлэх үедээ буюу гүйцээд түрүүлсний дараа хойноосоо юм уу, өмнөөсөө ирж яваа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй, түүнийг огцом эргэж замын хажуу руу гарах байдалд хүргэхгүйг сайтар анхаарах ёстой.

Хотоос гадагш замд гүйцэж түрүүлэхдээ замын дундуур явж болох боловч, ямар ч аюулгүй гэдгийг урьдчилан анхаарах ёстой. Эмнэлгийн түргэн тусламж, гал командын авто машинууд хоёр талын хөдөлгөөнтэй гудамжинд түрүүчийн авто хөсгийг гүйцэж түрүүлэхдээ замын гол тэнхлэгийн шугамын нөгөө талд гарах явдлыг зөвшөөрнө.

Гүйцэж түрүүлэхийн тулд авто хөсгийн жолооч урьдаар дуут дохио өгч өмнөө яваа авто хөсгийн жолоочид мэдэгдэх бөгөөд харин гүйцэгдэж байгаа хөсгийн жолооч гүйцээд түрүүлэхийг зөвшөөрсөн хариу дохио өгч хурдыг нэмэгдүүлэхгүйгээр хойноос яваа хөсөгт зам тавьж өх үүрэгтэй.

 

1960 оны дүрэмд:

52. Өмнөө яваа хөсгийг гүйцэж түрүүлэх нь сайн үзэгддэг замд авто хөсгийн зүүн гар талаар зөвшөөрөгдөх бөгөөд харин гүйцэж түрүүлэх үедээ буюу гүйцэж түрүүлсний дараа хойноосоо юм уу, өмнөөсөө ирж яваа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй, түүнийг огцом эргэж замын хажуу руу гаргах байдалд хүргэхгүйг сайтар анхаарах ёстой. Хотоос гадагш замд гүйцэж түрүүлэхдээ замын зүүн гар талаар явж болох боловч, ямар ч аюулгүй гэдгийг хянаж, урьдчилан анхаарах ёстой.

Эмнэлгийн түргэн тусламж, гал команд, цагдан сэргийлэхийн тусгай ажлын автомашин авто хөсгийг гүйцэж түрүүлэхдээ замын гол тэнхлэгийн шугамын нөгөө талд гарахыг зөвшөөрнө.

Гүйцэж түрүүлэхийн тулд авто хөсгийн жолооч урьдаар дуут дохио өгч, өмнөө яваа авто хөсгийн жолоочид мэдэгдэх бөгөөд харин гүйцэгдэж байгаа хөсгийн жолооч хурдыг нэмэгдүүлэхгүйгээр хойноос яваа хөсөгт зам тавьж өх үүрэгтэй.

54. Зогсож байгаа авто хөсгийг баруун гар талаар нь тойрон өнгөрч болно.

 

1966 оны дүрэмд:

43. Гүйцэж түрүүлэхийг зөвхөн орчин тойрон сайн үзэгдэх газарт зам чөлөөтэй бөгөөд бусад жолооч нарыг огцом эргүүлэх буюу тормозлох ажиллагааг хийлгэхгүйгээр бол зөвшөөрнө.

44. Гүйцэж түрүүлэхийг зөвхөн зүүн гар талаар зөвшөөрнө.

Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө зүүн гар тийшээ, гүйцэж түрүүлэх ажиллагаа дуусахын өмнө баруун гар тийшээ эргэх дохио тус тус өгвөл зохино. Гүйцэж түрүүлэх нэмэлт дохио нь хориглоогүй газарт дуут дохио, шөнийн цагт эсрэг талаас хөдөлгөөнгүй байвал үе үе гэрлээ асааж унтраах журмаар тус тус дохио өгч болно.

47. Гүйцэж түрүүлэгдэж яваа жолооч нар хөдөлгөөний хурдыг ихэсгэх буюу бусад ямар нэгэн хэлбэрээр гүйцэж түрүүлж яваа жолоочид саад хийхийг шууд хориглоно.

 

1985 оны дүрэмд:

86. Жолооч гүйцэж түрүүлэхийнхээ өмнө хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа болон бусад тээврийн хэрэгсэл буюу явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх боломжтой эсэхийг анхаарч биечлэн мэдсэн байвал зохино.

87. Тээврийн хэрэгслээр зөвхөн зүүн гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх дохио өгөөд зохих байраа эзэлсэн байвал түүнийг баруун гар талаар нь тойрч гарч болно.

88. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө, гүйцэж түрүүлсний дараа анхааруулах дохио заавал өгнө. Гүйцэж түрүүлэхдээ харанхуй үед өөдөөс ойртон ирсэн тээврийн хэрэгсэлгүй байвал гэрлээ үе үе шилжүүлж, хориглоогүй газарт дуут дохио өгч болно.

89. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулбал зохино.

90. Нэг чиглэлд хоёр буюу түүнээс дээш эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлсэн жолооч эгнээндээ буцаж орсны дараа дахин гүйцэж түрүүлэх бол зүүн гар талын эгнээндээ явж болно. Гэхдээ араас нь илүү хурдтай ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж болохгүй.

 

1991 ба 1996 оны дүрэмд:

- 1985 оны дүрмийн дээрх заалт бараг хэвээр тусгагджээ.

 

2004 оны дүрэмд:

10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх;

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;

в/ урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.

10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.

10.3. Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.

10.4. Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно.

10.5. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.

Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»