МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН
ТҮҮХЭН ХУВЬСАЛ БА ХАРЬЦУУЛАЛТ
5. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх тухай
1925 оны дүрэмд:
14. Аливаа замд уулзсан морь мал цочин үргэх айх бөгөөд хүн малд аюултай учир зүйл тохиолдох нь магадлашгүй болох бөгөөс жолооч тэргээ даруй зогсоож тэрхүү морь малыг гэмгүй өнгөрүүлэхийг хичээвээс зохимой.
15. Урд урдаасаа ирсэн хоёр уурын тэрэг уулзах тухайд жолооч нар харилцан бүрээгээр буюу гараар анхнаасаа хэрэглэж заншсан дохио тэмдэг өгөлцөж замаа заалцаж зөрөлдөн өнгөрвөөс зохимой.
1930 оны дүрэмд:
4. Бөглүү газрыг тойрч өнгөрөх буюу нэг гудамжнаас нөгөө гудамжинд шилжин ороход жолоодон явах хүн нь дуу чимээ өгөх ба гараар дохио тэмдэг өгч мэдэгдэхийн дээр машин буюу бусад зүйлийн тэрэгний явдлыг удаашруулмой.
5. Хашааны үүднээс буюу зэрэглээ өргөн нарийн аль ч атугай гудамжнаас гарах ба ер энгийн нэвтрэн өнгөрөхөд саатал бүхий газруудад нэгэн цагт таван километрээс илүү хурдан явж үл болох бөгөөд дохио чимээ өгөх ба саатал бүхий учир байдал тохиолдуул явдлыг удаашруулж зогсоомой.
Ердийн ба тэмээн хөсөгний тухай бүлгийн 2. Уурын ба мотоциклет тэрэг лүгээ учрахад ердийн ба тэмээ хөсөг нь зайлсхийн зогсож саатуулалгүй өнгөрөөвөөс зохимой.
1936 оны дүрэмд:
- 1936 оны зааварт уулзвар нэвтрэх тухай заалт тусгагдаагүй боловч уг зааврыг баталсан тогтоолын 4 дүгээр зүйлийг баримтлан Дотоод явдлын яамны сайд, Улсын маршал өрлөг жанжин Чойбалсангийн баталсан «Улаанбаатар хотын гудамж зээлээр нааш цааш явах зорчих* явдлын эмх журмыг олох тухай заавар» буюу уулзвар нэвтрэх үйлдлийг журамлахтай холбогдуулан гаргасан зааврын 5-р зүйлд:
«5. Гудамж зээлээр нааш цааш явах зорчих* явдлын эмх журмыг эрхлэн буй цагдаа нь гараа эс өргөх ахул замууд нь нээлттэй байх ба машин тэрэг болон уналга хөсөг зэргийг хэрэглэн явагчид нь зүүн баруун буюу аль ч тийш эргэж явахад саадгүй байх амой. Хэдий ийм боловч зүүн тийш эргэх явдлыг гагцхүү өмнөөс угтаж ирэх хөсгийн зэрэг зүйл үгүй бөгөөд зам нь чөлөөтэй байваас гүйцэтгэмой. Үүнд хэрэв чингэж зүүн тийш эргэх ахул зогсож буй цагдаагийн зүүн талыг барьж гарваас зохимой.» хэмээн заажээ.
_______________
* - «гудамж зээлээр нааш цааш явах зорчих» гэдэг нь “уулзвар нэвтрэх” гэсэн утгатай.
1940 оны дүрэмд:
50. Жолооч нар явдлыг эрхлэх цагдаагүй уулзуурт ойртохдоо гүйцэтгэвээс зохих зүйл нь:
а/ гудамж ба засмал замаар яваа өөрийн баруун гар талын машин тэргэнд зам тавих.
э/ явах зам адил болвоос хэвгий буюу өгсүүр газар яваа хөсөг тэргэнд зам тавих.
и/ эргэхдээ шулуун яваа хөсөг тэргэнд зам тавин өнгөрүүлэх.
51. Цагдаагүй уулзуурт хоёр буюу хэд хэдэн зүгээс нэгэн зэрэг ирсэн тэрэг, хөсөг нь замын байдал адил болвоос тогтоосон журмыг даган дэс дараагаар явах үүнд:
а/ автобус, э/ суудлын автомобиль, и/ пикап маягийн автомобиль, о/ мотоциклет, ө/ ачааны автомобиль болмой. Гудамж замын уулзуураар эдгээр машин, хөсөг нэгэн чигт өнгөрөн явахад өмнөөс ямарваа нэгэн хөсөг, тэрэг нэгэн зэрэг зөрж өнгөрөн гарч болмой.
52. Замын байдал адил уулзуурт нэгэн төрлийн хөсөг тэрэг хоёр этгээдээс нэгэн зэрэг ирэхэд жолоочийн баруун гарын талд бүхий хөсөг тэрэг урьдаар өнгөрч гарах эрхтэй. Мөн ийм уулзуурт гурван талаас нэгэн төрлийн хөсөг тэрэг ирвэл анхдугаарт баруун гар талд машин, тэргэд жич түүний өөдөөс эсрэг яваа хөсөг тэрэг тус тус явмой.
1957 оны дүрэмд:
47. Замын уулзуур талбай дээр хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа байхгүй байвал, авто хөсгийн жолооч нар замын уулзуур талбайг нэвтрэн гараад цаашид аль чиглэлээр явахаа харгалзахгүйгээр авто хөсгийн хурдыг зохих хэмжээнд хүртэл хасаж, гудамж, замын уулзуур, талбайг нэвтрэн гарах эрхтэй. Тэхдээ уг хөдөлгөөн нь бусад авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байвал зохих үүнд:
а) төв гудамж, засмал замаар явж байгаа авто хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй байна;
б) адил чанарын огтлолцсон замаар хөндлөн гарахдаа түүгээр өгсөж уруудаж яваа хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй өнгөрүүлнэ;
в) адил чанарын замыг хөндлөн гарахдаа автобус, суудлын автомашин, мотоцикл, ачааны автомашин гэх зэргээр хөдөлгөөний дарааллын журмыг хатуу баримтлан гарна;
г) адил чанарын замын уулзуурт 2, 3 талаас зэрэг ойртож ирсэн нэг төрлийн авто хөсгийн аль баруун гар талдаа саадгүй байгаа хөсгийг урьдчилан өнгөрүүлнэ.
48. Хөдөлгөөнийг зохицуулдаггүй замын уулзуураар авто хөсөг аль ч чиглэлд нэвтрэн явж болно. Гэвч эргэж тойрох хөсөг нь шулуун яваа хөсөгт зам тавьж өх ёстой.
50. Гудамж, зам дээр эргэж өөр чиглэлд явах гэж байгаа хөсгийн жолооч чигээрээ явах хөсөгт зам тавьж өнгөрүүлэх үүрэгтэй.
1960 оны дүрэмд:
- 1957 оны дүрмийн дээрх заалт хэвээр тусгагджээ.
1966 оны дүрэмд:
63. Адил биш чанарын гудамж (зам)-ийн уулзварыг гол гудамж (зам)-аар яваа тээврийн хэрэгслийн жолооч эхлэн нэвтэрнэ. Гол гудамж, зам гэдэг нь гурван замын уулзварт хоёр тал руугаа нэвт хөдөлгөөнтэйг хэлнэ. Харин дөрвөн замын уулзварт бол:
а) аль цардмал гудамж, (зам)-ыг;
б) аль олон эгнээгээр зорчих гудамж (зам)-ийг тооцно.
64. Адил чанарын гудамж (зам)-ны уулзварыг дор дурьдсан хөдөлгөөний дараалал, тээврийн хэрэгслийн ангилалтыг баримтлан нэвтрэх ёстой:
а) тээврийн механикжсан хэрэгсэл ба бүх мопед;
б) тээврийн бусад механикжаагүй хэрэгсэл.
65. Адил чанарын гудамж (зам)-ын уулзвар дээр ойртож ирсэн нэг ангиллын тээврийн хэрэгслээс аль баруун гар талдаа саадгүй нь хөдөлгөөнийг эхлэх эрхтэй.
66. Уулзварт нэвтрэн орохоор тээврийн хэрэгсэл хөдлөхөд түүний эсрэг талын ба зэрэгцээ эгнээний аль ч ангиллын тээврийн хэрэгсэл зэрэг хөдөлнө.
67. Орчин тойрон нь 20 метрээс дотогш зайд муу үзэгдэх үед зохицуулдаггүй ямар ч уулзварыг аль баруун гар талдаа саадгүй тээврийн хэрэгсэл ээлжлэн нэвтэрнэ. Энэ үед эсрэг талын тээврийн хэрэгсэл нэг зэрэг хөдлөхийг хориглоно.
1985 оны дүрэмд (1987 оны өөрчлөлтийг тусгасан байдлаар):
109. Жолооч зүүн гар тийшээ эргэхийн тулд уулзвар дээр гарч ирээд өөдөөс шулуун явж байгаа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг, мөн буцаж эргэхдээ өөдөөс нь шулуун явж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ...
Жолооч зүүн гар тийшээ буюу буцаж эргэхдээ уулзварын төвийг баруун гар талдаа орхиж явна.
112. Гол, туслах замын уулзварыг (тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үргэлжлэх чиглэлээс хамаарахгүйгээр) гол замаар яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа жолооч түүнд зам тавьж өгнө. Хэрэв замын чанарыг ялгасан тэмдэггүй уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж (харанхуй, цас орсон, бохирдсон зэргээс болж замын тэмдэглэл харагдахгүйгээс) чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.
113. Адил замын уулзварт ойртож ирсэн тээврийн хэрэгслүүдээс (хаашаа явах чиглэлээс үл хамааран) аль баруун гар талдаа саадгүй нь хөдөлгөөнийг эхлэх бөгөөд түүний өөдөөс яваа болон зэрэгцээ эгнээний тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө зэрэг эхлэхийг зөвшөөрнө.
Хэд хэдэн зам нийлсэн бэлчир, мөн талбайгаар бол аль баруун гар талдаа саадгүй нь явна.
Хэрэв уулзвар дээр гол зам чиглэлээ өөрчилж байвал тэр замаар явж байгаа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх дүрмийг баримтална. Туслах замаар яваа жолооч нар гол замын тээврийн хэрэгслүүд нэвтэрсний дараа мөн энэ дүрмийг баримтална.
1991 оны дүрэмд:
103. Жолооч зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд уулзварт ороод өөдөөс шулуун яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
110. Гол, туслах замын уулзварыг аль гол замаар яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа жолооч түүнд зам тавьж өгнө. Хэрэв замын чанарыг ялгасан тэмдэггүй уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс болж тэмдэг, хучлага харагдахгүйгээс) чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.
111. Адил замын уулзварт ойртож ирсэн тээврийн хэрэгслүүдээс аль баруун гар талдаа саадгүй нь хөдөлгөөнийг эхлэх бөгөөд түүний өөдөөс яваа тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө зэрэг эхлэхийг зөвшөөрнө.
112. Хэрэв уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх дүрэм баримтална.
Туслах замаар яваа жолооч нар гол замын тээврийн хэрэгслүүд нэвтэрсний дараа мөн энэ дүрмийг баримтална.
1996 оны дүрэмд:
62. Жолооч зүүн гар тийшээ болон буцаж эргэхийн тулд уулзварт ороод өөдөөс шулуун яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрүүлнэ.
69. Гол, туслах замын уулзварыг гол замаар яваа тээврийн хэрэгсэл түрүүлж нэвтрэх бөгөөд туслах замаар яваа жолооч түүнд зам тавьж өгнө. Уулзварт ойртон ирсэн жолооч аль нь гол зам болохыг тодорхойлж /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс болж тэмдэг, хучлага харагдахгүйгээс/ чадахгүй бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.
70. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
71. Хэрэв уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх дүрэм баримтална.
Туслах замаар яваа жолооч нар гол замын тээврийн хэрэгслүүд нэвтэрсний дараа мөн энэ зүйлд заасныг баримтална.
2004 оны дүрэмд:
12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
12.11. Уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална.
12.12. Хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байхгүй үед жолооч зорчих хэсгийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй (харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс шалтгаалан) бол өөрийгөө туслах замаар яваад тооцно.