БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН УЛААНБААТАР ХОТЫН ГУДАМЖ ЗЭЭЛЭЭР УУРЫН ТЭРЭГ ХӨСӨГ БА ЯВГАН ХҮМҮҮС ЗЭРГИЙН ЯВАХ ЗОРЧИХ ЖУРМЫН ТУХАЙ ДАГАЖ ГҮЙЦЭТГЭХ ЗААВАР

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Гудамж зээлээр явах зорчих тухайн журмын ерөнхий анги

 

Нэгдүгээр зүйл. Гудамж зээлээр явах зорчиход нийтийн амгалан тайван байдлыг ба хэв журмыг сахин хамгаалахын тулд гудамж зээлээр явах зорчихдоо анхааралтай ба сэрэмжтэй явах тухай журмыг хэн бүхнээс сахих үүрэг бүхий болмой.

Хоёрдугаар зүйл. Тус Улаанбаатар хотын гудамж зээлээр явагчид нь хэзээ ямагт баруун талыг барьж зөрөлдөн өнгөрч байваас зохимой.

 

 

Гуравдугаар зүйл. Машин, морин тэрэг буюу бусад уналга хөсөг ба тээврийн аливаа нэгэн зүйлийг хэрэглэн явагчид нь явган ба морин тэрэгтэй зэрэг хүмүүс лүгээ ойртохдоо заавал зохих чимээ тэмдэг өгч урьдаас мэдэгдвээс зохих бөгөөд үүнд энэхүү чимээ тэмдгийг 30 метрийн хэмжээнээс доошгүй хэмжээний зайтай явахдаа өгвөөс зохимой.

Дөрөвдүгээр зүйл. Хойноос гүйцэж ирэх машин, морин тэрэгний зэрэг хөсөг лүгээ зорчин өнгөрөхдөө тэрхүү хөсгүүдийн зүүн талыг барьж явах ба мөн нийтэд тогтоосон хэмжээнээс илүү хурдлан явж хэрхэвч үл болох ба тийнхүү сэлгүүцэн өнгөрөхдөө заавал чимээ өгч явбаас зохимой.

 

 

Тавдугаар зүйл. Аливаа машин тэрэгний зэрэг зүйлийг жолоодон явагчид нь эргэх ба зөөлөн явах буюу бүр зогсохдоо өөрийн хойноос гүйцэн ирж явсан машин тэрэг буюу уналга хөсгийг үл тулгаруулахын тулд зохих мэдээ чимээг өгвөөс зохих ба мөн гараар дохио өгвөөс зохимой.

Зургадугаар зүйл. Аливаа уналга хөсөг буюу морин тэрэг хэрэглэгчид нь явган хүний явах хурдны хэмжээ лүгээ адил явбаас зохих үеүдийг тодорхойлвоос:

1. Эргэж өөр гудамжинд орох.

2. Хашаанаас гадагш гудамжинд гарах.

3. Гадна гудамжнаас хашаанаа орох эдгээр болмой.

 

 

Долдугаар зүйл. Онц учир тохиолдох ахул морин тэрэгний зэрэг зүйлийг гэдрэг ухруулж болох боловч хэрэглэн явагч этгээд нь гэдрэг ухрах замын зай чөлөө ямар болохыг урьдаас хянан үзвээс зохимой.

Наймдугаар зүйл. Мотор бүхий машин тэргэд нь тоормосгүй буюу эвдэрсэн тоормостой явахыг шууд цаазалмой.

 

 

Есдүгээр зүйл. Оньс машинаар хөдлөх зүйлүүдийг хэрэглэн явагчид нь хот зээлээр сэлгүүцэн явах тухайн журмыг нэгд нэгэнгүй таньж мэдсэн байваас зохихын гадна тийнхүү машин тэргийг жолоодох эрх бүхий үнэмлэх бичгийг заавал биедээ авч явбаас зохих ба энэхүү үнэмлэх бичгийг Улсын цагдан сэргийлэх газрын зохих албаны хүмүүсээс үзэх хэмээвээс тухай бүрд ямар ч саадгүйгээр үзүүлж байваас зохимой.

Аравдугаар зүйл. Машин тэргээр гүлүшитель хэмээх чимээ намхруулагч яндангүй буюу задгай яндантай явж хэрхэвч үл болмой.

 

 

Арван нэгдүгээр зүйл. Аливаа машин тэргэд ба морин тэрэг хийгээд унадаг дугуйнууд нь заавал номертой явбаас зохих ба номергүй явж хэрхэвч үл болмой. Үүнд: Машин тэргэд нь хоёр номертой явбаас зохих ба нэг нь машины радиатор хэмээх чигжүүрийн дэргэд, нөгөө нэгэн нь ар талын гэрлийн дэргэд явбаас зохимой.

Арван хоёрдугаар зүйл. Малын ба үхэр тэрэг, тэмээн хөсгийн дэргэд явахдаа хэтэрхий чангаар чимээ тэмдэг өгч хурднаар довтлон явж үл болмой. Зөрчвөөс хатуугаар шийтгэмой.

 

 

Арван гуравдугаар зүйл. Машин тэргийг жолоодон сурахын тулд сургуулилан явагчдыг хотын дотор тийнхүү явуулж үл болмой.

Арван дөрөвдүгээр зүйл. Харанхуй цагт машин тэргээр явах ахул хурц туяа бүхий гэрлээр хангалттай явбаас зохимой.

Арван тавдугаар зүйл. Аливаа жолооч нараас архи ууж согтууран машин тэрэг жолоодон явахыг бүрмөсөн цаазалмой.

Арван зургадугаар зүйл. Машин тэргийг жолоодох тухайн үнэмлэх ба мөн машин жолоодох явдлыг тэр тухайн үнэмлэхгүй хүнд дураар шилжүүлэхийг бүрмөсөн цаазалмой.

 

 

Арван долдугаар зүйл. Машин тэрэг мөргөлдөх ба дайрах хийгээд гэнэтийн эвдрэлд тохиолдох ахул тэрхүү машиныг жолоодон явагч нь даруй зогсож хохирол гэмтэл олсон этгээдэд зохих тусламжийг үзүүлэх ба эл тохиолдсон учир байдлын тухай Улсын цагдан сэргийлэх газраа тодорхойлон мэдэгдвээс зохимой.

Арван наймдугаар зүйл. Дотоод явдлын яамны харьяа ба Улсын цагдан сэргийлэх газруудын онц түргэн чухал хэрэгт явж буй тусгай чигнал тэмдэг бүхий машин ба галын командын болон эмч докторын түргэн тусламжийн тусгай чигнал тэмдэг бүхий машинуудад машин тэрэг хөсгийн зүйлүүд нь зам гарч өгвөөс зохимой.

 

 

Арван есдүгээр зүйл. Жагсаж явсан цэргийн жагсаал ба бусад жагсаалын зэрэг зохион байгуулалттай явсан жагсаал цувааны зүйл дундуур орж тасдаж хэрхэвч үл болмой.

Хорьдугаар зүйл. Машин тэрэг хэрэглэгчид нь цагдан сэргийлэх газраас дуудсан буюу зогсоосон тухайд ямар ч үг дуугүй зогсвоос зохимой.

 

 

Хорин нэгдүгээр зүйл. Тээврийн зүйлийг хэрэглэн явагчид нь ямар ч үг дуугүй ба хөлсгүйгээр дайчлагдаж тээвээс зохих үеийг тодорхойлвоос:

1. Дотоод явдлын яам ба Улсын цагдан сэргийлэх газрын албан хаагчдаас оргосон хүнийг эрэн сурвалжилж явахад;

2. Туйлын хурдавчлан эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүрсэн хүнд өвчтэй буюу шархадсан хүнийг эмнэлгийн газраа хүргэхэд хэрэглэж болмой.

 

 

Үүнд тайлбарлах нь:

1. Ийнхүү тэрэг хөсгийг дайчлахдаа Дотоод явдлын яам ба цагдан сэргийлэх газрын зохих албаны хүмүүсээс өөрийн үнэмлэхийг үзүүлж дайчилваас зохимой.

2. Онц чухал яаралтай хэрэгт туйлын богино хугацааны дотор хэрэглэх тул үүнээс өөр хэрэгт дайчлан хэрэглэх буюу удаашруулан эдэлж хэрхэвч үл болмой.

 

 

Дараагийн хуудас..»»