Ардын Сайд нарын Зөвлөлийн гишүүдийн
30 оны 38 дугаар хурлын тогтоолын хавсралт
БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН ХОТЫН ГУДАМЖААР ЯВАХ ДҮРЭМ
ХОЁРДУГААР АНГИ
Зорчих явахыг зохицуулагч цагдаагийн заах дохио
Долдугаар зүйл. Уулзуур газарт зогсох цагдаа, биеийн байдлыг өөрчлөх буюу гараа хөдөлгөж зорчих явахыг зохицуулмой. Дурдваас:
1. Зорчих явахыг зохицуулагч цагдаа уулзуурт ойртон ирж яваа тэрэг хөсөг, явган хүмүүс тийш хэрэв хэнхдэг буюу нуруугаараа хандан зогссон аваас цагдаагийн биеийн эл байдал явган хүмүүс гудамжийг хөндлөн гарч болохгүй ба тэрэг хөсөг жолоодогчид уулзуурыг мөн хөндлөн гарч үл болохыг заасан нь бөгөөд үүнд зүүн гараас хөндлөн чиглэж яваа тэрэг хөсөгт саад учруулах явдалгүй ахул тэрхүү уулзуурыг хөндлөн гарахаар яваа өнөө тэрэг хөсөг баруун гарыг барин эргэхийг зөвшөөрч болмой.
2. Уулзуур буюу цагдаад ойртон ирж яваа тэрэг хөсөг жолоодогчид ба явган хүмүүс нь цагдаа хэрэв гараа өргөсөн байваас, түүний биеийн байдал ямар байсныг харгалзах явдалгүй нэн даруй зогсвоос зохимой.
Уулзуур газарт цагдаа гараа ийнхүү өргөсөн байдалтай тохиолдсон тэрэг хөсөг явган хүмүүс удаашран саатахгүйгээр тухайн уулзуур газраас зайлваас зохимой.
3. Зорчих явахыг зохицуулагч цагдаа ирж яваа тэрэг хөсөг, явган хүмүүс тийш хэрэв хажуу талаараа зогссон аваас тэрэг хөсөг явган хүмүүс уулзуурыг саадгүй нэвтрэн өнгөрөх буюу баруун тийш эргэж болмой.
Тэрэг хөсөг зүүн тийш эргэх (мөн буцаж явах) нь гагцхүү цагдаагийн зөвшөөрсөн дохиогоор гүйцэтгэж болмой. Уулзуурт ирэн зогссон тэрэг хөсөг явган хүмүүс нь цагдаа зөвшөөрөл өгсөн дараа сая тэрхүү уулзуурыг нэвтрэн өнгөрмой.
4. Цагдаа баруун гараа өмнө тийшээ сунгасан нь цагдаагийн баруун гарын талаас ойртон ирсэн тэрэг хөсөг ба явган хүмүүс нь уулзуурыг нэвтрэн өнгөрхийг цаазалсан хэрэг, үүнд цагдаагийн эл дохиолгоор тэрэг хөсөг нь сунгасан гарыг дагаж зүүн тийш эргэх буюу гэдрэг буцаж болмой.