БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл
1. Авто хөсгийн жолооч нар, ердийн хөсөг хэрэглэгчид, хөсгөөр зорчигчид, явган явагчдын хатуу сахилгатай, байнгын анхааралтай явах нь гудамжны хөдөлгөөнийг аюулгүй байлгах гол зүйл мөн.
2. Хөдөлгөөний дүрэм, түүнд заасан замын тэмдэг, гэрэл дохио, гудамжны хөдөлгөөнийг зохицуулагч цагдан сэргийлэхийн ажилтнаас хөдөлгөөнд холбогдуулж өгсөн заалтуудыг бүх ард иргэд хатуу журамлан биелүүлэх үүрэгтэй.
3. Авто хөсгийг хэрэглэгч хэн боловч, энэ дүрэмд харшлах ямар нэгэн тушаал, шийдвэр, заалтыг авто хөсгийн жолооч нарт өх эрхгүй. Жолооч нар тийм тушаал, шийдвэр, заалтыг биелүүлэх эрхгүй болно.
4. Жолооч, явган явагчдын дагаж биелүүлэх замын тэмдэг, заалт дохио, мөн хөдөлгөөнийг аюулгүй байлгах зорилгоор замын зорчигч хэсэг дээр тавьсан зураас шугамыг цагдан сэргийлэх байгууллагатай харилцан, дор дурдсан газруудаас бий болгох үүнд:
а) аймгийн төв, хотуудын доторхи зам, гүүрүүдэд тавих тэмдэг, заалт, шугамыг аймаг, хотуудын хөдөлмөрчдийн депутатын хурлын гүйцэтгэх захиргаадаас;
б) хотоос гадагш гарсан зам, гүүрүүдэд тавих тэмдэг, заалтуудыг Тээврийн Яамны харьяа Замын хэрэг эрхлэх газар (ангиас);
в) төмөр замын гарцууд дээр тавих тэмдэг, заалтуудыг төмөр замын захиргаанаас тус тус эрхлэн тавьж гүйцэтгэнэ.
5. Улсын цагдан сэргийлэх газар нь автомашины осол гарах, явган явагчид аюул осолд учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим гудамж, зам, гарцуудаар ямар нэгэн төрлийн буюу бүх төрлийн хөсгийн хөдөлгөөнийг хориглосон, мөн хөдөлгөөний хурдыг хязгаарласан тэмдгүүдийг зохих байгууллагуудтай харилцан зөвшөөрөлцөж тавих эрхтэй.
|