Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хөдөлгөөнийг зохион байгуулах, зохицуулах журам

 

6. Хөдөлгөөнийг зохицуулахдаа замын тэмдгийн заалтаар ба автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн цагдаа нараас гэрэл дохионы тусламжтайгаар буюу өөрсдөө биечлэн гүйцэтгэнэ.

 

Гэрлийн дохионы тайлбар

а) нэг ногоон гэрэл дохио нь явган хүмүүс, авто хөсөг бусад төрлийн хөсөгт замын уулзуурыг нэвтэрч, хөдөлгөөнийг чигээр нь үргэлжлүүлэх буюу хориглосон заалт, тэмдэггүй газар бол баруун гар тийшээ эргэж явахыг зөвшөөрнө.

б) хоёр ногоон гэрэл дохиогоор авто ба бусад төрлийн хөсөг зүүн гар тийшээ буюу эргэж явах ба явган хүмүүс хөдөлгөөний дагуу чигээрээ явж болно.

в) улаан гэрэл дохиогоор явган явагчид, авто ба бусад төрлийн хөсөг замын уулзуураар нэвтрэхийг хориглоно. Харин үүнд зөвшөөрөгдөх гурван тохиолдол бий. Энэ нь:

1. Авто ба ердийн хөсөг зүүн гар талаас хөндлөн явж байгаа хөсөгт саад болохгүй бөгөөд баруун гар тийшээ эргэхийг хориглосон тэмдэг, заалт байхгүй бол баруун гар тийшээ эргэж болно.

2. Гурван талын хөдөлгөөнтэй «Т. Ү» маягийн уулзуур дээр хажуугаас хөндлөн орсон замаар яваа хөсгийн зүүн гар тийшээ эргэхэд саад болохгүй бөгөөд хориглосон тэмдэг, заалтгүй бол хажуунаас хөндлөн орсон замын эсрэг талаар байгаа хөсөг чигээрээ явж болно.

3. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд баруун гар талаас хөндлөн явж байгаа хөсгийн хөдөлгөөнд саад болохгүй бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглосон тэмдэг, заалт байхгүй бол зүүн гар тийшээ эргэж болно.

г) шар гэрэл дохио нь төрөл бүрийн хөсөг, явган явагчид, замын уулзуур дээр гарахыг хориглоно.

Явган хүмүүсийн явах гарц, замын уулзуур дээр нэгэнт гарсан хойноо шар гэрэл дохиотой тохиолдсон хөсөг нь хөдөлгөөнийг чигээр нь үргэлжлүүлэн, уулзуурыг чөлөөлөх ёстой. Уулзуурыг нэвтэрч эхэлсэн явган хүн шар гэрэл дохио өхийн хамт гудамжны дунд ороод зогсож, ногоон гэрэл дохиог хүлээх ба харин гудамжны дундаас өнгөрсөн явган хүн шууд цаашаа нэвтрэн гарна.

д) шулуун урсгалтай замд тавьсан шар гэрэл дохио бол маш болгоомжтойгоор явж өнгөрөхийг явган хүн, хөсөгт зөвшөөрнө.

7. Тав ба түүнээс дээш тооны зам нийлдэг бүх талбай уулзуур дээр буюу мөн цэцэрлэгийг хөндлөн гарахад хөдөлгөөний замд тохиолдох гэрэл дохио нэг бүр нь хөсгийн жолооч бүхэнд өөр өөр байдлаар холбогдоно. Талбай, уулзуурыг нэгэнт нэвтэрсэн хөсгийн жолооч бол зөвхөн гэрэл дохиогоор өөрийн явах чигт хөдөлнө.

 

Хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн дохио

8. Хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн дохиог дор дурдсан байдлаар ойлговол зохино:

а) замын уулзуурт ойртон ирж яваа хөсөг, явган явагчдын зүгт хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа нүүрээрээ буюу ар талаараа хандаж байвал замын уулзуур нэвтрэх, гудамж, зам хөндлөн гарахыг хориглоно (Энэ нь улаан гэрэл дохиотой адил утгатай).

б) замын уулзуурт ойртон яваа хөсөг, явган явагчдын зүгт хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа баруун зүүн гар талын хажуугаар хандаж байвал замын уулзуурыг нэвтрэн, хөдөлгөөнийг чигээр нь үргэлжлүүлэх буюу баруун гар тийшээ эргэхийг зөвшөөрнө.

в) цагдаа баруун гараа буюу дохионы модыг дээш өргөвөл замын уулзуурт ойртож яваа хөсөг, явган явагчдын зүгт хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн бие ямар байдлаар хандаж байгааг харгалзахгүй бүх төрлийн хөсөг, явган явагчид даруй зогсох ёстой.

9. Хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа дохионы модыг буюу баруун гараа урагш нь сунгаж дохисон байвал, түүний зүүн гар талд байгаа хөсөг заасан гарын дагуу зүүн тийшээ эргэх, мөн буцаж хөдлөхийг зөвшөөрнө. Энэ үед буцаж явахаар эргэх хөсөгт саад болох ямар нэгэн хөдөлгөөнийг хориглоно.

10. Хэрэв гэрэл дохиотой гудамж уулзуур дээр зохицуулагч цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байвал гэрэл дохиог харгалзахгүй, зөвхөн цагдаагийн дохиог дагаж биелүүлнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»