БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Явган хүмүүс, хөсгөөр зорчин явагчдын үүрэг
11. Явган хүмүүсийн үүргийг дурдвал:
а) явган явагчид явган хүний замаар баруун гар талыг барьж явна.
б) жижиг тэрэг, чарга чирэгчид, дугуй унаж явагчид гудамжны баруун гар талыг барьж, явган хүний замын хажуугаар явна. Хүүхдийн тэрэг, чарганд бага насны хүүхдийг суулган түрж чирч яваа хүмүүс явган хүмүүсийн замаар явна;
в) явган хүмүүсийн явах тусгай замгүй гудамжаар явагчид, явж байгаа гудамж, замынхаа зүүн гар талыг барьж, хөдөлгөөний эсрэг явна.
г) гудамжийг хөндлөн гарахдаа гарцын шугам татсан буюу гарц гэж заасан заалт бүхий газраар гарна. Гарцгүй, зам, гудамжийг хөндлөн нэвтрэхдээ авто хөсгийн хөдөлгөөнд саад аюул болохгүйг магадлан хянаад, эгц огтолж гарна.
Гудамж, замын дагуу явж нэвтрэхийг хориглоно.
Хөдөлгөөнийг гэрэл дохио, цагдаагийн дохиогоор зохицуулдаг гудамжийг хөндлөн нэвтрэхдээ зөвхөн ногоон гэрэл дохио буюу түүнтэй адил утгатай дохиог цагдаагаас өгсөн ёсоор нэвтрэнэ.
е) гудамж, замыг хөндлөн гарахын өмнө зүүн гар талаас авто хөсөг ирж байгаа эсэхийг хянаж, аюулгүй бол явж замын дунд (тэнхлэгт) очмогц, баруун гар талаас авто хөсөг ирж яваа эсэхийг урьдчилан хараад, хэрэв хөсөг ирж явбал түүний дуутай дохио өхийг хүлээлгүй, замын голд дороо зогсож, уг хөсгийг өнгөрүүлсний дараа нэвтрэнэ. Харин авто хөсгийн урдуур гүйж болохгүй.
ж) зам, гудамжны явах хэсэгт тусгайлан гаргасан автобус хүлээх талбай байхгүй бол явган хүний хөдөлгөөнд саад болохгүйгээр замын захад автобус хүлээнэ.
12. Явганаар явагчдад дор дурдсан зүйлийг хориглоно.
а) явган хүмүүсийн хөдөлгөөнд саад болохуйц зүйлийг явган хүмүүсийн зам дээр бий болгох;
б) авто хөсгийн хөдөлгөөнтэй гудамж, зам, талбай дээр цана, тэшүүр, чарга, бөмбөг зэрэг зүйлээр тоглохыг тус тус хориглоно.
13. Өндөр настан, тахир дутуу бологчид, хүүхэд багачуудад гудамж, замыг нэвтрэхэд нь цагдаа нар туслах үүрэгтэй.
14. Авто хөсгөөр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно.
а) авто хөсгийг бүрэн зогсоогүй байхад түүнд суух, буух хаалгыг нээх;
б) авто ба бусад төрлийн хөсгөөс гудамж, замын хөдөлгөөнтэй тал руу буух;
в) авто хөсгийн хаалгыг орчин тойрондоо аюулгүй гэдгийг урьдчилан мэдээгүйгээр нээх;
г) авто хөсгийн гишгүүр дээр зогсож явах, ачааны автомашины кузов дотор зогсоогоор явах;
д) автобусанд суухдаа хүмүүсийн гарах хаалгаар орох, орох хаалгаар гарах;
е) автобус, суудлын таксины дотор хялбархнаар гал авалцах, тэсрэх, хортой зүйлүүдийг авч явах;
ж) өөрсдийн сул яриагаар жолоочийн анхаарлыг татах, өөр ямар нэгэн шалтгаанаар түүний ажилд саад учруулах;
з) согтуугаар автобусанд сууж явах;
и) автобусны кондуктороос одоо хүн суулгахгүй гэж зарласны дараа автобусанд түрж орох;
к) автобусны хаалгыг хаахад саад хийх;
л) автобусанд тамхи татах, хог тарих шуугилдах;
м) кондукторын зөвшөөрөлгүйгээр автобусны цонхыг онгойлгох, авто хөсгийн явдал дунд цонхоор нь биеэ гаргах;
н) овор ихтэй буюу автобусанд суугчдын хувцсыг муухай болгож болзошгүй эд юмыг автобусны дотор авч явах;
о) автобус, бусад төрлийн машины хойт буфер (бамбай) дээр зогсож явахыг тус тус хориглоно.
15. Өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэдтэй хүмүүс хүмүүсийн гарах хаалгаар нийтийн дарааллыг харгалзахгүйгээр орж суух эрхтэй.
16. Жолооч нь кондуктороос хөдлөх дохиог өгсний дараа явна.