Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсөгтэй байгууллагын эрх баригчдын үүрэг

 

17. Авто аж ахуй, гараж, парк цувааны дарга нар болон бусад хариуцлагатай хүмүүс дор дурдсан үүргийг биелүүлнэ.

а) авто хөсгийг техникийн бүрэн бүтэн ажиллагаатай байлгах ба гаражаас гарах бүрд техникийн үзлэгийг хийж байна;

б) захиргааны зөвшөөрөлгүйгээр авто хөсгийг гаражаас гаргахгүй байна;

в) ажилд гаргаж байгаа авто хөсөг нэг бүрд замын (маршрутын) хуудсыг бичиж, техникийн паспортын талоны хамтаар жолоочид гардуулан өгнө;

г) жолоочид олгосон замын (маршрутын) хуудас, техникийн паспортын талон нэг бүр дээр авто хөсөг нь гэмтэлгүй, жолооч нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй гэдгийг тэмдэглэн утасны номерыг бичиж, тамга дараад гаражийн дарга үсэг зурна;

д) жолоочийг урьд эзэмшиж байсан автомашинаас нь өөр төрлийн автомашинд шилжүүлэн ажиллуулахдаа тэр автомашины хяналтын хэрэгслүүд, жолоодох ажиллагаа, ашиглалтын онцлог байдалтай урьдчилан танилцуулж, зохих актаар шилжүүлнэ.

18. Авто хөсөгтэй байгууллагын эрх баригчдад дор дурдсан зүйлийг хориглоно.

а) ямар нэг төрлийн авто хөсгийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, хугацаа нь өнгөрсөн техникийн паспортын талонтай жолоочоор авто хөсгийг жолоодуулах;

б) жолооч болсноос хойш 2 жил болоогүй гуравдугаар зэргийн буюу дагалдан сурч байгаа жолоочоор автобус, эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, гал түймрийг эсэргүүцэх ажлын автомашин, аварын автомашин, мөн хүн тээвэрлэх, тэсрэх дэлбэрэх бодис, хүчтэй хорт бодис, хялбар шатаж болох аюултай ачааг тээвэрлэх автомашинуудыг жолоодуулах;

в) ажил дууссаны дараа техникийн паспортын талон, замын (маршрутын) хуудсыг жолооч нарын гар дээр үлдээх;

г) авто хөсгийг шөнийн цагт захиргааны эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр гараж, паркаас өөр газарт тавиулахыг тус тус хориглоно.

19. Авто аж ахуйн эрх баригчид жолооч нарын сахилга батыг сайжруулахын тулд дор дурдсан ажлыг зохионо:

а) авто хөсгийн техник ашиглалтын дүрэм гудамжны хөдөлгөөний дүрмийг судлуулах зорилгоор жолооч нарын дунд хүмүүжлийн ажлыг өргөн хэмжээгээр байнга зохиох, зураг плакатыг гаражийн дотор хүрэлцэх хэмжээгээр хадна;

б) цас мөстэй, манан будантай зэрэг цаг агаарын бусад ямар нэгэн бэрхшээлтэй үед авто хөсгийг жолоодох онцлог ажиллагааны талаар жолооч нарт тодорхой заавар өгч, ажилд гаргах бөгөөд зааварлаж анхааруулсан тухайг жолоочийн замын (маршрутын) хуудас дээр тэмдэглэн бичнэ;

в) хэрэв ажиллаж байгаа жолооч согтуу байсан явдал илэрвэл тэр тухайг автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст мэдэгдэж байна.

Осол гардгийн шалтгааныг нарийн судалж, өөрийн харьяа нийт жолооч нарт танилцуулж байна;

г) авто хөсгийн жолооч ажлын чадвар, мэрэгшил дутмаг учраас удаа дараалан осол гаргах буюу биеийн эрүүл мэнд нь тэнцэхгүй байвал, автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст тавьж, жолоочийн мэрэгжлийн чадвар, эрүүл мэндийг дахин шалгуулна;

д) авто аж ахуйн хариуцлагатан гаражид орж гарах зам дээр тавивал зохих дохионы тэмдэг, заалтуудыг тавьсан байна;

г) ажилд авсан жолооч бүрд бүртгэх картыг нээж, түүний сахилга бат, ажлын байдлыг жолоочоор ажиллаж байгаа хугацаанд нь тасралтгүй хөтөлж байна;

ж) авто хөсөг осол гаргах, мөн гараж паркт буцаж ирэхдээ гадаад өнгөний ялимгүй боловч гэмтэлтэй ирэх явдал илэрвэл, тэр тухайг улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэс буюу харьяалсан цагдан сэргийлэх ангид мэдэгдэж байна;

з) осол эндэгдлийг бүртгэх дэвтэрт гарсан бүх осол эндэгдлийг их бага гэхгүйгээр бүртгэж байна.

20. Томоохон осол гарсан үед уг газар дээр гаражийн дарга, механик нар улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн ажилтны хамтаар хүрэлцэн очих үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»