БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ
Ачааны автомашинаар хүн тээвэрлэх журам
78. Тусгай бэлтгэгдсэн бүрхүүлтэй, зохицсон төхөөрөмжөөр хангагдсан ачааны автомашиныг Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн зөвшөөрөлтэйгөөр хүн тээвэрлэх ажилд ашиглаж болно.
79. Хүмүүсийг тээвэрлэхэд зориулсан авто хөсөг дор дурдсан шаардлагыг хангасан байна:
а) техникийн талаар ямар ч гэмтэлгүй, зорчин явагчдын суухад зориулан, кузовт нь бэхэлсэн суудалтай, үзэмж байдлын талаар тохиромжтой цэвэрхэн байх ёстой. Суудлууд нь кузовын хашлагын дээд ирмэгээс 15 см нам байна. Кузовын хойт талын хашлагын дагуу тавигдсан суудал түшлэгтэй байвал зохино;
б) кузовын түгжээнүүд бэхлэгдсэн байх ёстой;
в) замын хуудас дээр тээвэрлэж яваа хүний тоог тавьж тэднийг хариуцаж яваа хүний овог, нэрийг замын хуудсанд бичсэн байвал зохино;
г) хүмүүс тээвэрлэж яваа автомашиныг 1, 2-р зэргийн жолооч буюу 2 жил болсон 3-р зэргийн жолоочоор жолоодуулна;
д) ачааны автомашины кузовт суух хүмүүсийн тоог дурдвал: 1,5-аас 2 тонн даацтай автомашинд 16 хүн, 2,5 тонн даацтай автомашинд 20-30 хүн, 4,5-аас 7 тонн даацтай автомашинд 31-40 хүн, 7-оос дээш тонн даацтай автомашинд 60 хүртэл хүн сууж болно;
е) ачааны автомашинаар хүүхдийг тээвэрлэхэд хүрвэл, тэднийг насанд хүрсэн хүнээр заавал хүргүүлэх ёстой;
ж) ачаа тээвэрлэсэн автомашинд зөвхөн ачигч, бэлтгэн нийлүүлэгч нарын сууж явахыг зөвшөөрөх бөгөөд тэдний нэр, овгийг замын хуудсан дээр бичсэн байвал зохино.
80. Автомашины кузов дотор суусан хүмүүс замд явахдаа жолоочийн заалт, энэ дүрмийн шаардлагыг дагаж биелүүлэх үүрэгтэй.
81. Хүмүүсийг тээвэрлэж яваа автомашины жолооч бусад төрлийн ачаа тээвэрлэж яваа автомашины жолоочоос онцгой анхааралтай явах үүрэгтэй.