Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Автомашинд шатах, тослох материалыг олгох журам

 

88. Шатах, тослох материал олгодог станц дээр шатах, тослох материал авч байгаа жолооч нарын үүрэг:

а) өөрийн авто хөсгийг нийтийн хөдөлгөөний дагуу дэс дараалуулан зогсоож, хажуугаар нь явж өнгөрөх хөсөгт саад болохгүйгээр байрлуулна;

б) шатах, тослох материал авч байгаа авто хөсгөөс дараагийн хөсөг нь 3 метрийн зайтай зогсоно. Түүнээс хойш дэс дараалан зогсож байгаа авто хөсгийн хооронд 1 метр зайтай байна. Эмнэлгийн түргэн тусламжийн автомашин, гал түймрийг эсэргүүцэх автомашин, шуудан холбооны автомашин, түргэн гэмтэх зүйлийг ачсан автомашин, цагдан сэргийлэхийн гүйцэтгэх ажлын автомашин, нийтийн хэрэгцээний автобус зэрэг нь ээлж дугаар харгалзахгүйгээр шатах, тослох материалыг авах эрхтэй;

в) шатах, тослох материалыг авто хөсөгт хийхдээ моторыг унтраасан байна;

г) шатах, тослох материал олгох станцын дотоод ажлын дүрмийг сахиж журамлана.

89. Шатах, тослох материал авто хөсөгт хийж байгаа ба хийхээр хүлээж байгаа жолооч нарт хориглох зүйлийг дурдвал:

а) авто хөсгөөс холдож явах;

б) шатах, тослох материал олгодог станцын дэвсгэр газар дээр тамхи татах;

в) мөн газраас 15 метрийн дотор моторын ажиллагааг тохируулах, задлах, ямар нэгэн засвар хийхийг тус тус хориглоно.

90. Шатах, тослох материал олгодог станцаас 15 метрийн дотор буюу түүнээс ойр зайтай газарт моторыг асаахад буудах, тасалдах явдал гарвал даруй унтрааж аюулгүй газарт түрж холдуулна.

91. Шатах, тослох материал олгодог станцад мотоциклийг ойртуулж зогсоохдоо моторыг унтрааж, гараар түрж аваачих, мөн шатах, тослох материал хийсний дараа уг газраас 15 метр холдож, моторыг асааж явбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»