БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны
6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРЬДУГААР БҮЛЭГ
Хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдэг зэрэг аюултай ачааг тээвэрлэх тухай
92. Хялбар шатдаг дэсэрч дэлбэрдэг зэрэг аюултай ачааг тээвэрлэх явдалд ямар нэгэн аюул гаргахгүйн тул авто хөсөг, явган хүний хөдөлгөөн ихтэй гудамж, замыг аль болохоор тойрон явах нь чухал.
93. Гаражийн дарга, хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдэг зэрэг аюултай ачааг тээвэрлэхэд зориулан гаргасан авто хөсгийг замд гаргахын өмнө техникийн байдал, гал түймрийг эсэргүүцэх хэрэгслээр хангагдсан эсэхийг нарийн шалгаж үзэх үүрэгтэй. Үзлэг хийснийхээ дараа уг хөсөг аюултай ачааг тээвэрлэхэд саадгүй гэдгийг баталж, жолоочийн замын хуудсан дээр онцлон тэмдэглэж бичих ёстой.
94. Хялбар шатдаг зэрэг аюултай ачаа тээвэрлэсэн авто хөсгийн жолооч нар дор дурдсан нэмэгдэл шаардлагыг дагаж биелүүлэх үүрэгтэй.
а) аюултай ачаа тээвэрлэхэд зориулсан авто хөсгийн утааны янданд нь оч унтраагч буюу тусгай төмөр бүрхүүвчээр тоноглогдсон байх ёстой;
б) хялбар шатдаг аюултай ачаа тээвэрлэдэг авто хөсөг дээр галын хор, савтай хуурай элс, хүрз зэрэг хэрэгсэл байх ёстой:
в) хялбар шатдаг ачаа тээвэрлэдэг авто хөсөг хажуу ба хойт талдаа 200 мм өндөр үсгээр «галын аюултай» гэсэн бичигтэй байвал зохино.
г) бензиний цистерний цорго сайн хаагддаг байхаас гадна, замд санамсаргүй нээгдэх явдлыг сэргийлэн, тусгай бэхлэлттэй байх ёстой.
95. Хялбар шатдаг, тэсэрч дэлбэрдэг зэрэг аюултай ачаа тээвэрлэдэг авто хөсгийг 1, 2-р зэргийн жолооч мөн 2 жилээс дээш жолоочийн ажил хийсэн 3-р зэргийн жолоочоор жолоодуулна.
96. Аюултай ачаа тээвэрлэх хөсгийн жолооч нар ачааг хүлээн авах газраас тээвэрлэх журмын тухай зааврыг авч, тээврийн замд дагаж биелүүлэх үүрэгтэй.
97. Хэрэв тээвэрлэж яваа хялбар шатдаг зэрэг аюултай бодис замд асгарахад хүрвэл, уг хөсгийн жолооч авто хөсгийг яаралтай зогсоож энд аюултай, хортой зүйл асгарсан гэдгийг юуны өмнө орчин тойрны хүмүүст мэдэгдээд, улмаар энэ тухай цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдэж, цагдан сэргийлэхийн ажилтныг хүрэлцэн иртэл, тэр газартаа хүн амьтан ойртуулахгүй хамгаалж байх арга хэмжээ авах үүрэгтэй.
98. Хялбар шатдаг зэрэг аюултай ачаа тээвэрлэсэн авто хөсгийн жолооч нарт хориглох нь:
а) автомашины хөдөлгөөний үед буюу зогсоолтын газраас 50 метрээс дотогш хэмжээнд гал асааж, тамхи татах;
б) зогсож байгаа газраас гэнэт хөдөлгөх;
в) өтгөн манантай үед хөдөлгөөнтэй замд ойр зогсоох;
г) ачаатай хөсгийг харгалзах хүнгүй орхиж явах;
д) аюултай ачаа ачсан авто хөсгийг гаражид тавих;
е) цагт 25 км-ээс илүү хурдтай явах, өмнө явсан хөсгийг гүйцэж түрүүлэх;
ж) уг авто хөсөгт зориулан төхөөрөмжлөгдсөн савнаас өөр саванд шатахуун тээвэрлэж явах:
з) аюултай ачааг өөрөө буулгагч авто хөсгөөр ба чиргүүлээр тээвэрлэх;
и) аюултай ачааг өргөгч кранаар ачих ба буулгахыг тус тус хориглоно.