Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсгийн гэрлийн тухай

 

99. Бүх авто хөсөг заводаас техникийн байдалд зориулан тавьсан нэг маягийн гэрэлтүүлгийн хэрэгслээр тоноглогдсон байх ёстой. Өөрөө явагч барилгын буюу зам засварын механизмууд өмнө, хойноо тус бүр нэгээс доошгүй гэрэлтэй байна.

100. Авто хөсгийн өмнөх гэрэл цагаан өнгөтэй бөгөөд ойрын гэрлээр хөсгийн өмнөх замыг 30 метрийн дотор, холын гэрлээр 100 метрийн дотор гэрэлтүүлж чаддаг байвал зохино.

Гэрлийн чиглэл тохироогүй автомашиныг ажилд ашиглахыг хориглоно. Авто хөсгийн хойт гэрэл пайзны үсэг, тоог 20 метрийн хэмжээнд тодорхой үзэгдэж байхаар гэрэлтүүлэх ёстой.

Зогсолтын дохионы гэрэл 40 метрийн хэмжээний газарт үзэгддэг байвал зохино. Гэрэл нь эвдэрч гэмтсэн авто хөсгийг шугам замын ажилд гаргахыг хориглоно.

101. Нэг голтой чиргүүлэгтэйгээр байнга ажилладаг авто хөсгийн зогсолтын дохионы гэрэл ба пайзыг кабины ар талын зүүн дээд захад бэхлэх бөгөөд тэр нь уг авто хөсгийн ачаатай байх үед пайзны үсэг, тоог нь тодорхой үзэгдэхээр гэрэлтүүлж байвал зохино.

102. Авто хөсөг ямар төрлийн ажилд зориулагдсаныг заасан гэрлийн тэмдэг тавих явдлыг зөвхөн цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.

103. Харанхуй болж, жолоочийн өмнөх зам 150 метрийн хэмжээнд байгаа юм ялгаварлагдахгүй байвал, уг хөсгийн гэрлийг асааж явах хэрэгтэй.

104. Жолоочийн өмнөх замд 150 метрийн дотор буюу түүнээс цааших зүйл тодорхой ялгагдаж байгаа гэрэлтүүлэгдсэн гудамж, замаар ба түүнчлэн авто хөсөг эргэж буцахыг заасан тэмдэгтэй замын уулзуураар явж байгаа авто хөсгийн жолооч ойрын гэрэл буюу бага гэрлээ асааж явах үүрэгтэй.

105. Гэрэлтүүлэгдээгүй гудамж, замд авто хөсгийг зогсоосон жолооч нар харанхуй болмогц, бага гэрэл, зогсолтын дохионы улаан гэрлийг тус тус асаах үүрэгтэй.

106. Авто хөсгийн жолооч нар шөнийн цагт өмнөөсөө ирж яваа авто хөсөгтэй аюулгүйгээр зөрөхийн тулд 150 метр газраас гэрлээ ойрын гэрэлд шилжүүлж зөрнө.

107. Мотоциклын жолооч өмнөх замаа 50 метрээс ойргүй гэрэлтүүлж чадах нэг гэрэлтэй, хойнох пайзыг 20 метрт гэрэлтүүлж чадах бол нэг гэрэлтэй байвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»