Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Авто хөсгийн пайз, кузовын бичгийн тухай

 

109. Авто хөсөгтэй албан байгууллагууд авто хөсгийг хүлээн авмагц, 48 цагийн дотор Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст бүртгүүлж, улсын пайз авах үүрэгтэй. Хувийн автомашин, мотоциклтэй хүмүүс уг хөсгөө ажилд хэрэглэхийн өмнө пайз авна.

110. Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон улсын номерыг зохих байранд нь хадаж бэхэлсэн байна. Ачааны автомашин, хашлагатай чиргүүлийн кузовын гурван талд хураангуйлсан нэрийн үсэг, номерын тоог бичсэн байвал зохино.

Бүрхүүлтэй чиргүүл, цистерний хураангуй үсэг, номерын тоо нь зөвхөн хойт талдаа бичигдсэн байвал зохино. Нэрийг хураангуйлсан үсэг, номерын тоог хашлагын дунд хирд тодорхой үзэгдэхээр дор заасан хэмжээтэйгээр бичнэ:

Үсэг, тооны өндөр нь 300 мм-ээс доошгүй, өргөн нь 120 мм байвал зохино.

111. Төрөл бүрийн чиргүүлтэй ажилладаг автомашины чиргүүлийн хойт хашлаганд «чиргүүл» гэсэн тэмдэг байх ёстой.

112. Гаражийн номерыг кабины хаалганд 100 мм өндөр хэмжээний тоогоор тавихыг зөвшөөрнө.

113. «Осол» гэсэн бичиг буюу ачааны автомашины кузовын хашлага дээр тавих тэмдгийн зураас татах явдлыг гагцхүү цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.

114. Дор дурдсан зүйлийг хориглох, үүнд:

а) пайзыг бэхэлсэн эргийг номерын үсэг, тоог дайруулан эргэдэх;

Пайзыг бэхэлсэн эрэг нь пайзны өнгөнөөс өөр байх;

б) пайзыг нугалах, өөрчлөх зэргээр түүний хэв маягийг алдагдуулах;

в) пайзыг целлоид зэрэг гэрэлтэх зүйлээр бүрэх;

г) шөнийн аль ч үед 20 метрийн хэмжээнд тодорхой ялгагдахгүй болсон номер, бичиг (хүмүүс тээвэрлэх нийтийн хэрэгцээний автобусад бол маршрутын тэмдэг)-тэй авто хөсгийг ашиглах явдлыг тус тус хориглоно.

115. Нийтийн хэрэгцээнд зориулсан ачааны ба суудлын «такси» нь 5 см өргөн, 200 см урт хээтэй байна.

116. Хэрэв авто хөсөгт олгосон пайз, техникийн паспортыг гээгдүүлсэн буюу хэрэгцээнд тохирохгүй болтол гэмтсэн байвал, Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс улсын пайз, техникийн паспортыг шинээр авна.

117. БНМА Улсын Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэргийг Эрхлэх Яамны харьяа жагсаал ангийн авто хөсөгт олгох пайз, тэмдгийг Ардын цэргийн штабаас тогтооно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»