Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1957 оны

6 дугаар сарын 17-ны өдрийн 278 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Авто хөсөгт техникийн талаар тавих шаардлага

 

118. Техникийн талаар дор дурдсан гэмтэлтэй авто хөсгийг ашиглалтанд эдлэхийг хориглох. Үүнд:

а) жолооны залуурын хүрд техникийн байдалд тохируулан тогтоосон хэвийн хэмжээнээс 15 градус илүү хоосон зайтай (люфт) буюу хэт чангалагдсан учраас хөшүүн эргэх, залуурын жижиг 2 хэсгүүд бэхлэгдээгүй байвал;

б) жолооны хэрэгслүүдийн аль нэг нь сулаар бэхлэгдсэн байвал;

в) урд гол нь гулзгай буюу урд дугуйг буруу булан гаргаж тавьсан байвал;

г) нумыг сул чангалсан, мөн өнгөн хуудас (лист) төвийн боолт хугархай байвал;

д) урд булны подшипникийг буруу тохируулсан, дугуйны ступецийн эргийг чагтлаагүй, дугуйг муу бэхэлсэн, түүний диск нь гулзайсан байвал;

е) хөл, гар тормоз гэмтэлтэй, тохироогүй, мөн тос буюу хийн даралтын хүчийг ашиглаж хийгдсэн тормозоос тос гоождог, хий гардаг байвал;

ж) тормозолсон замын хэмжээ нь уг авто хөсгийн техникийн байдалд заводаас тохируулан гаргасан хэмжээнээс 15 хувиар илүү байвал;

з) дугуйн хий нь тогтоосон хэмжээнээс их буюу дутуу байх, мөн дугуйн овод төмөрт тохироогүй дугуй тавьсан, дугуйн покрышка нь бүрэн элэгдсэн буюу цоорхой байвал;

и) шатахуун, тос гоожиж байвал;

к) мотор бага эргэлтээр ажиллахгүй байвал;

л) хурдны хайрцгийн рааны аль нэг нь өөрөө мултардаг буюу залгахад бэрхшээлтэй байвал;

м) аль нэгэн шил нь байхгүй буюу зам харагдахгүй (саруул биш) шилтэй байвал;

н) дохионы хэрэгсэл гэмтэлтэй байвал;

о) гэрэлтүүлэх хэрэгсэл гэмтэлтэй буюу харанхуй болсны дараа явахад хэрэглэгдэх гэрэл дутагдалтай байвал;

Тайлбар: Замд явж байтал авто хөсгийн зарим зүйл нь гэмтэж эвдрэхэд хүрвэл жолооч нь тэдгээр гэмтлийг засварлах арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд хэрэв эдгээр гэмтлийг замд засварлах нөхцөлгүй бол аль ойр байгаа гаражид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадах хурдтайгаар явж очих үүрэгтэй;

ө) ихээхэн бороо, цастай үед ажиллагаагүй болсон шил цэвэрлэгчтэйгээр ажилд гарах, мөн ихээхэн хүйтэн цагт шил дулаацуулах хэрэгсэл нь ажиллагаагүй болсон байвал тийм авто хөсгийг тус тус ашиглалтад хэрэглэж болохгүй.

119. Гадаад өнгө үзэмж муутай автомашиныг хотын дотор ашиглалтанд эдлэхийг хориглоно.

120. Авто хөсөг нэг бүрт ар тийшээ зам харж явах бололцоотой толь байх ба автобусанд зорчин явагчдын орох, гарахыг ажиглан харах тусгай толь байвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»