БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Ерөнхий зүйл
1. Авто хөсгийн жолооч нар, ердийн хөсөг хэрэглэгчид, хөсгөөр зорчигчид, явган явагчид нь нэгдсэн журамтай, хатуу сахилгатай, байнгын анхааралтай явах нь гудамжны хөдөлгөөнийг аюулгүй байлгах гол зүйл мөн.
2. Хөдөлгөөний дүрэм, түүнд заасан замын тэмдэг, гэрэл дохио, гудамжны хөдөлгөөнийг зохицуулагч цагдан сэргийлэхийн ажилтнаас хөдөлгөөнд холбогдуулж өгсөн заалтуудыг бүх ард иргэд хатуу журамлан биелүүлэх үүрэгтэй.
3. Авто хөсгийг хэрэглэгч хэн боловч дүрмэнд харшлах ямар нэгэн тушаал шийдвэр, заалтуудыг авто хөсгийн жолооч нарт өх эрхгүй. Жолооч нар тийм тушаал, шийдвэр, заалтуудыг биелүүлж болохгүй.
4. Цагдан сэргийлэх байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлгөөнийг аюулгүй байлгах зорилгоор жолооч, явган явагчдын дагаж биелүүлбэл зохих замын тэмдэг, заалт дохионуудыг замын зорчих хэсэг дээр бий болгох үүнд:
а) аймгийн төв, хотуудын доторхи зам, гүүрүүдэд тавих тэмдэг, заалтыг аймаг-хотын хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас;
б) хотоос гадагш гарсан зам, гүүрүүдэд тавих тэмдэг, заалтуудыг Тээвэр, Холбооны Яамны харьяа замын хэрэг эрхлэх газраас (ангиас);
в) төмөр замын гарц дээр тавих тэмдэг, заалтуудыг төмөр замын захиргаанаас тус тус эрхлэн тавьж гүйцэтгэнэ.
5. Улсын цагдан сэргийлэх газар нь автомашин, явган явагчдыг аюул осолд учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим гудамж, зам, гарцуудаар ямар нэгэн төрлийн буюу бүх төрлийн хөсгийн хөдөлгөөнийг хориглосон, хөдөлгөөний хурдыг хязгаарласан зэрэг тэмдгийг зохих байгууллагуудтай харилцан зөвшөөрөлцөж тавих эрхтэй.
|