Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Хөдөлгөөнийг зохион байгуулах, зохицуулах журам

 

6. Замын тэмдэг, заалт, гэрэл дохиогоор болон улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн зохицуулагч нарын биечилсэн дохиогоор гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулна.

 

Гэрэл дохио

а) нэг ногоон гэрэл дохио нь явган хүмүүс, авто хөсөг, бусад төрлийн хөсөгт замын уулзварыг чигээрээ нэвтрэх буюу хориглосон заалт тэмдэггүй газарт бол баруун гар тийшээ эргэж явахыг зөвшөөрнө.

б) хоёр ногоон гэрэл дохио буюу түүнтэй адил утгатай дохио нь авто ба бусад төрлийн хөсгийн хөдөлгөөнийг чигээр нь үргэлжлүүлэх, зүүн, баруун гар тийшээ эргэх, буцаж явахыг зөвшөөрнө.

в) улаан гэрэл дохиогоор явган явагчид, авто ба бусад төрлийн хөсөг, замын уулзвараар нэвтрэхийг хориглоно. Зөвшөөрөгдөх 3 нөхцөл бий. Үүнд:

1. Авто ба ердийн хөсөг зүүн гар талаасаа хөндлөн явж байгаа хөсөгт саад болохгүй, баруун гар тийшээ эргэхийг хориглосон тэмдэг, заалт байхгүй бол баруун гар тийшээ эргэж болно.

2. «Т, Ү» маягийн уулзвар дээр хажуугаас хөндлөн орсон замаар яваа хөсгийг хоёр ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийшээ эргэхэд нь саад болохгүй бол түүний баруун гар талаас чигээрээ яваа хөсөг улаан гэрлийн эсрэг явж болно.

3. Нэг урсгалтай замын зүүн гар талаас хөндлөн замаар ирсэн хөсөг, баруун гар талаас чигээрээ яваа хөсөгт саад болохгүй бөгөөд зүүн гар тийшээ эргэхийг хориглосон заалт тэмдэггүй байвал улаан гэрлийн эсрэг зүүн гар тийшээ эргэж болно.

г) шар гэрэл дохио нь төрөл бүрийн хөсөг, явган явагчид замын уулзвар дээр гарахыг хориглоно.

Явган хүмүүсийн явах гарц, замын уулзвар дээр нэгэнт гарсан хойно шар гэрэл дохио өгөгдвөл хөсөг нь хөдөлгөөнийг чигээр нь үргэлжлүүлж, уулзварыг чөлөөлнө. Уулзварыг нэвтэрч эхэлсэн явган хүн шар гэрэл дохио өхийн хамт замын дунд ороод зогсож, ногоон гэрэл дохио хүлээх ба харин замын дундаас өнгөрсөн явган хүн шууд цааш нэвтрэн гарна.

 

Хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн дохио

7. Хөдөлгөөнийг зохицуулагч цагдаагийн дохио нь:

а) замын уулзварт ойртон ирж яваа хөсөг, явган явагчдын зүгт хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа өврөөрөө буюу ар талаараа хандаж байвал улаан гэрэл дохиотой адил утгатай.

б) замын уулзварт ойртон яваа хөсөг, явган явагчдын зүгт хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа баруун, зүүн хажуугаараа хандаж байвал нэг ногоон гэрэл дохиотой адил байна.

в) цагдаа баруун гараараа буюу дохионы модыг дээш өргөвөл шар гэрэл дохиотой адил утгатай.

г) хөдөлгөөнийг зохицуулагч цагдаа дохионы модыг буюу баруун гараа урагш нь сунгаж дохивол, түүний зүүн гар талд байгаа хөсөг хоёр ногоон гэрэл дохионы болзлоор явна. Энэ үед цагдаагийн нөгөө гурван талаас яваа хөсгийн хөдөлгөөн улаан гэрлийн болзлоор хангагдана.

8. Хэрэв гэрэл дохиотой гудамж, уулзвар дээр зохицуулагч цагдаа хөдөлгөөнийг зохицуулж байвал гэрэл дохиог харгалзахгүй, зөвхөн цагдаагийн дохиог дагаж биелүүлнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»