БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ
Төмөр замын гарц
77. Гудамж, замыг огтолж гарсан төмөр замын бүх гарц сайн гэрэл, тусгай дохио, хаалтын төхөөрөмжөөр хангагдсан байх ёстой. Замыг хөндлөн гарсан төмөр замын гарцыг шаардагдах гэрэл, хаалт, дохионы төхөөрөмжөөр хангах үүргийг төмөр замын захиргаа хариуцан гүйцэтгэнэ.
78. Төмөр замын гарцын хаалт нь үргэлж нээлттэй байх бөгөөд зөвхөн галт тэрэг, өнгөрөх үед хаагддаг байх ёстой.
79. Авто хөсгийн жолооч нар төмөр замын гарцад ойртон ирмэгц “ТӨМӨР ЗАМЫН ГАРЦ” “ГАЛТ ТЭРЭГНЭЭС БОЛГООМЖИЛ” гэсэн заалт, тэмдэг болон төмөр замын гарц хариуцсан дежурийн заасныг удирдлага болгон, уг гарцаар нэвтрэх үүрэгтэй.
80. Төмөр замын гарцад ойртон ирсэн хөсгийн жолооч нар дор дурдсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй:
а) авто хөсгийн жолооч нар төмөр замын хаалтгүй гарцаар гарахдаа найдвартай раандаа залгаж, болгоомжтой нэвтрэн гарна.
б) чиргүүлтэй явж байгаа авто хөсгийн жолооч нар төмөр замын гарцын өмнө зогсож, чиргүүлийн бат бэх эсэхийг шалгана.
в) төмөр замын хамгаалалтгүй гарцаар ердийн хөсгийг нэвтрүүлэхдээ түүнийг хөтөлж яваа эзэн, гарцад галт тэрэг ойртон ирж яваа эсэхийг урьдаар анхаарч мэдсэний дараа хөсгөө цөөн, цөөнөөр нь цувуулан гаргана.
81. Төмөр замын гарцын дежурийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хаалтыг нээж гарах, гарцаас 50 м-ийн зайтай яваа хөсгийг гүйцэж түрүүлэх, гарц дээр зогссон хөсгийг тойрч гарах, гарц дээр раа солих, дискин холбоог салгах, замын барилга, байгуулалтыг эвдэж болзошгүй тоноглолыг чирч нэвтрэх, төмөр замыг тогтоосон гарцаас өөр газраар нэвтрэх явдлыг тус тус хориглоно.
82. Авто ба ердийн хөсөг, аргагүй байдлаар гарц дээр зогсож тэр дор нь зайлуулах нөхцөлгүй байвал, түүнийг эзэмшиж яваа хүмүүс гарцын дежурийн зааснаар ажиллаж авто хөсөг дээр сууж яваа хүмүүсийг буулгана. Төмөр замаас холдуулаад, гарцыг яаралтай чөлөөлөхийн тулд шаардагдах арга хэмжээ авна.