БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Авто хөсгийн улсын дугаар, кузовын бичгийн тухай
105. Авто хөсөгтэй албан газар, байгууллага, энгийн хүмүүс авто хөсгийг хүлээн авмагц 48 цагийн дотор Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтэст бүртгүүлж, улсын дугаар авах үүрэгтэй.
106. Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс олгосон улсын дугаарыг зохих байранд нь хадаж бэхэлсэн байна. Ачааны автомашин ба хашлагатай чиргүүлийн кузовын 3 талд улсын дугаарыг бичсэн байвал зохино. Бүрхүүлтэй автомашин, чиргүүл, цистернд бол улсын дугаарыг зөвхөн хойт талд нь бичнэ. Ачааны автомашин, чиргүүлийн кузовт бичигдэх улсын дугаарын үсгийн өндөр нь 150 мм, өргөн нь 130 мм, бүдүүн нь 30 мм, тооны өндөр нь 300 мм, өргөн нь 130 мм, бүдүүн нь 30 мм байвал зохино.
107. Гаражийн тэмдэг, дугаарыг кабины хаалганд 100 мм-ийн өндөр хэмжээний тоогоор тавихыг зөвшөөрнө.
108. Автомашины кузов дээр тусгайлсан таних тэмдэг тавих явдлыг гагцхүү цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэнэ.
109. Дор дурдсан зүйлийг хориглох Үүнд:
а) улсын дугаарыг бэхэлсэн эргийг үсэг, тоон дээр нь эрэгдэх. Улсын дугаарыг бэхэлсэн эрэг нь өөр өнгөтэй байх;
б) улсын дугаарыг нугалах, өөрчлөх зэргээр түүний хэв маягийг алдагдуулах;
в) улсын дугаарыг целлиод зэрэг гялтганах зүйлээр бүрэх буюу хүрээлэх;
г) улсын дугаарт бичигдсэн үсэг, тоо тодорхой харагдахгүй, балархай байх явдлыг тус тус хориглоно.
110. Нийтийн үйлчилгээнд зориулсан ачааны ба суудлын такси кузовтоо 5 см-ийн өргөн, 200 см-ийн урт хээтэй байна.
111. Хэрэв авто хөсөгт олгосон улсын дугаар техникийн паспортыг гээгдүүлсэн буюу хэрэгцээнд тохирохгүй болтол гэмтээсэн байвал Автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсээс зохих журмаар нөхөж авна.
112. БНМА Улсын Цэргийн Хэрэг эрхлэх яамны харьяа авто хөсөгт олгох дугаар, тэмдгийг Ардын цэргийн штабаас тогтооно.