Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Дугуйгаар явах журмын тухай

 

119. Унадаг дугуй хэрэглэгчид орон нутгийн захиргаанд дугуйгаа бүртгүүлэн, пайз авах үүрэгтэй.

120. 14-өөс дээш насны хүмүүст хотын гудамж, замаар дугуй унаж, цагт 10 км-ээс илүүгүй хурдаар замын баруун гар талыг барьж явахыг зөвшөөрнө. 10-аас доош насны хүүхдийг аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр сундалж болно.

121. Унадаг дугуйд дор дурдсан хэрэгсэл байвал зохино:

а) дохионы хонх буюу тусгай бүрээ;

б) тормоз;

в) шөнийн цагт өмнөө цагаан гэрэлтэй, хойноо гэрэл цацрагч улаан шилтэй байна;

г) орон нутгийн захиргаанаас олгосон пайзны хэмжээ нь 10х7 см байх ба түүнийг эмээлийн доод талын савхан рамны хойно багаж хэрэгслийн савны ар талд бэхэлсэн байх ёстой.

122. Дугуйгаар явагчдад дор дурдсан зүйлийг хориглох Үүнд:

а) биеийн байдалд тохироогүй дугуй унаж явах;

б) явган хүний зам, цэцэрлэг, ногооруулсан газар, хөдөлмөрчдийн соёл, амралтын газарт байгаа явган хүний замаар дугуйтай явах;

в) явган хүний зам (замын зах)-д 0,5 м-ээс ойрхон явах;

г) нэгээс дээш эгнээгээр явах буюу уралдах, тусгай зөвшөөрөгдсөн газраас өөр гудамж, талбай, зам дээр дугуй унаж сургууль хийх;

д) дугуйн жолоог барихгүй явах;

е) явж байгаа хөсгийн хойноос чиргүүлж явах;

ж) унадаг дугуйг жолоодон залахад саад болох буюу орчин тойронд аюул учруулж болзошгүй ямар нэг зүйлийг тээвэрлэж явах;

з) дугуйг согтуугаар унаж явах;

и) явган хүмүүс, тээврийн хөсөг олноор цугларсан газар замын уулзвар, хашаан дотроос, хөдөлгөөн ихтэй гудамж зам руу гарахдаа дугуй унаж явахыг тус тус хориглоно.

123. Дугуйтай хүмүүсийн зохион байгуулалттай жагсаал, цуваанд явагчид, хөдөлгөөний дүрмийг дагаж баримтлан явбал зохино.

124. Моторт дугуй хэрэглэгчид нь цагт 20 км-ээс хэтрүүлэхгүй хурдтайгаар дугуйтай хүмүүсийн замаар явах ба дугуйгаар явагчдын дүрмийг дагаж биелүүлнэ. Замын уулзварыг хөндлөн гарахдаа дугуйнаасаа бууж, хөтлөж гарах хэрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»