БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлгөөнийг аюулгүй байлгах талаар тавих нэмэгдэл шаардлага
116. Орон нутгийн засаг захиргааны байгууллага, цагдан сэргийлэх байгууллагын зөвшөөрөлгүй бол дор дурдсан зүйлийг хориглоно:
а) гудамж, явган хүний замын явах хэсэг, замын хажуу захаар ямар нэгэн ажил хийх, нүх гаргах, барилгын материал хураах, ачаа буулгах зэрэг ажил хийх;
б) засмал замаар өөрөө явдаг буюу чирүүлж яваа гинжит машин явуулах;
в) хотын гудамж, зам дээр уралдаан гүйлт, моторт уралдаан болон биеийн тамир спортын бусад төрлийн ажлыг зохион явуулахыг тус тус хориглоно.
117. Сав бүтээлэг нь муу учраас гудамжаар манарч асгарах, муухай үнэр тарааж болзошгүй ачаа тээвэрлэхийг буюу хөсгийн хөдөлгөөн ихтэй засмал замаар мал тууж, хөдөлгөөн саатуулахыг хориглоно.
118. Үйлдвэр, барилга, зам ба бусад албан газрын эрх баригчдын үүрэг:
а) нийтийн хэрэгцээний чанартай замд хажуунаас салаа зам оруулах, тухайн асуудлыг цагдан сэргийлэх байгууллагатай зөвшөөрөлцөн гүйцэтгэнэ.
б) албан газар, байгууллагууд, гудамж зам дээр ямар нэг ажил хийхэд хүрвэл УАТХШБ Хэлтэст урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авахаас гадна, шаардагдах тэмдэг, хамгаалалтын зүйлийг өөрийн зардлаар хийж тавина.