БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны
3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Хөдөлгөөний дүрэм зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
126. Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн явган хүн, дугуйгаар явагчид, ердийн хөсөг хөтлөгчдийг 3-10 төгрөгөөр торгоно.
127. Хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн авто хөсгийн жолооч нарыг 5-200 төгрөг хүртэл торгох Үүнд:
а) цагдаа 15 төгрөг хүртэл;
б) байцаагч 50 төгрөг хүртэл;
в) автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн тусгай тогтоолоор 200 төгрөг хүртэл тус тус торгоно.
128. Гудамж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа цагдан сэргийлэхийн ажилтан, хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолоочоос авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авч, уг зөрчлийг шалгуулахаар АТХШБ Хэлтэст явуулах эрхтэй болно. АТХШБ Хэлтэс зөрчил гаргасан жолоочоос хураагдаж ирсэн үнэмлэхийг хүлээн авмагц, уг зөрчлийг 7 хоногийн дотор хянан үзэж шийдвэрлээд, ямар арга хэмжээ авагдах болсныг тэр жолоочийн ажиллаж байгаа газарт нь мэдэгдэнэ.
129. Жолоочийн эрхийн үнэмлэхийг дагалдуулан олгосон талоныг цагдан сэргийлэхийн газрын ажилтнаас зөрчлийн байдлыг харгалзан цоолж сануулах, нэгдүгээр талоныг 2-р талоноор, 2-р талоныг 3-р талоноор сольж шийтгэнэ. Автомашиныг хувийн хэрэгт ашигласан буюу согтуугаар жолоодсон, 3-р талонтой явж байгаад, ямар нэг ноцтой зөрчил гаргасан байвал шалтгааныг харгалзахгүйгээр машин жолоодох эрхийг 1-6 сар хүртэл хугацаагаар хасна.
130. Хууль, заавраас гадуур хүн, ачаа тээвэрлэсэн жолоочоос тэр тээврийн хөлсийг 3 нугалан төлүүлж төлбөрийн мөнгийг улсын орлого болгоно.
131. Энэ дүрмийн заалтыг зөрчсөн авто аж ахуй, ердийн хөсгийн паркуудын эрх баригчдыг 25-200 хүртэл төгрөгөөр торгоно.
132. Автомашин жолоодох эрхийн үнэмлэх ба авто хөсгийн улсын дугаарыг хаягдуулсан, эвдсэн хүмүүсийг 30 төгрөгөөр торгоно.
133. Төмөр замын гарцыг нэвтрэн гарах талаар дүрмийн шаардлагыг зөрчвөл уг зөрчил гаргасан хүнийг 250 төгрөг хүртэл торгоно. Энэ торгуулийг цагдан сэргийлэхийн ажилтан нар, төмөр замын станцын дарга, төмөр замын мастерууд, ноогдуулан торгох эрхтэй болно.
134. Дугуй, моторт дугуй, ердийн хөсгийг согтуугаар жолоодож явсан хүнийг 150 хүртэл төгрөгөөр торгож шийтгэнэ.
135. Авто хөсөг жолоодох эрхийн үнэмлэхээ бусдад шилжүүлсэн, мөн бусдын үнэмлэхийг засварлан хэрэглэсэн хүмүүсийг 200 хүртэл төгрөгөөр торгоно.
136. Ноогдуулсан торгуулийг төлөхгүй бол торгууль ноогдуулсан газар нь шүүхийн байгууллагаар дамжуулан гаргуулж, улсын орлого болгоно.