Mongolian Traffic Research Institute

БНМА Улсын Сайд нарын Зөвлөлийн 1960 оны

3 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт

 

БНМА УЛСЫН ХОТУУДЫН ГУДАМЖ БА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

 

ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Замын дохионы тэмдэг

 

137. Замын дохионы тэмдэг өөрийн утга агуулгын хувьд 3 янз байна. Энэ нь анхааруулах тэмдэг, хориглох тэмдэг, заах тэмдэг юм.

 

АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

Анхааруулах тэмдгийг замын баруун гар талд аюултай газраас 150 м-ийн зайтай тавина. Бүх анхааруулах тэмдэг нь жолооч нарыг автомашинаа даруй зогсооход бололцоотой болтол хурдаа хасаж, өндөр сэрэмжтэй явахыг шаардана. Анхааруулах тэмдэг, гурвалжин хэлбэртэй, шар дэвсгэртэй, хар хүрээтэй байна. Гурвалжны нэг талын урт нь 700 мм, хар хүрээний өргөн нь 30 мм байвал зохино.

 

 

Зураг 1

1. «Төмөр замын гарц» гэсэн тэмдгийг төмөр замын гарцын 2 талд тус бүр 2 тэмдэг тавих бөгөөд анхны тэмдэг нь төмөр замын гарцаас 150 м, 2-р тэмдэг нь 50 м-ийн зайтай байна.

 

 

Зураг 2

2. «Замын уулзвар» гэсэн тэмдгийг замын уулзвар буюу зам салсан газраас 150 м-ийн зайтай тавина.

 

 

Зураг 3

3. «ТАХИР ЗАМ» гэсэн тэмдгийг замын тахир буюу дүгрэглэсэн хэсэгт тавина. Хэрэв замын дүгрэглэсэн буюу тахир хэсэг нь 2000 м-ээс илүү үргэлжилсэн байвал 2000 м тутам 1 тэмдэг тавина.

«ТАХИР ЗАМ» гэсэн тэмдгийг тавьсан газарт зогсох, ухрах, гүйцэж түрүүлэхийг тус тус хориглоно.

 

 

 

Зураг 4

4. «БАРУУН ГАР ТИЙШЭЭ ЭРГЭНЭ», «ЗҮҮН ГАР ТИЙШЭЭ ЭРГЭНЭ» гэсэн тэмдгийг зам баруун буюу зүүн тийшээ огцом эргэх газарт тавина.

 

 

Зураг 5

5. «ЭГЦ УРУУ», «ХАЗГАЙ ГАЗАР» гэсэн тэмдгийг хории таван градусаас илүү уруу, 2О градусаас илүү хазгай замд тавина.

 

 

Зураг 6

6. «АЮУЛТАЙ ГАЗАР» гэсэн тэмдгийг эвдэрхий зам, гүүр буюу засварын газар явагдаж байгаа газар эсхүл халтиргаа ихтэй газраас 150 м-ийн зайтай тавина.

 

 

Зураг 7

7. «ГОЛ ЗАМ» гэсэн тэмдгийг төв замд нийлэх 2-р зам дээр уулзвараас 25-35 м-ийн зайтай тавина.

 

ХОРИГЛОХ ТЭМДЭГ

«ОРОХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдгээс бусад бүх хориглох тэмдэг шар дэвсгэртэй, улаан хүрээтэй, дугариг хэлбэртэй байна. Дугаригийн диаметр нь 700 мм, улаан хүрээний өргөн нь 80 мм байна. Хориглох тэмдгийн шар дэвсгэр дээр хориглох дүрсийг хар өнгөөр зурсан байвал зохино. Бүх хориглох тэмдэг нь тавигдсан газраас эхлэн, хөдөлгөөний чигийн дагуу хүчинтэй. Хориглох тэмдгүүдийн улаан хүрээ нь битүү байвал дараагийн талбай, төв замын уулзварыг нэвтрэх хүртэл хүчинтэй. Улаан хүрээ нь задгай байвал ойрын замын уулзвар хүртэл хүчинтэй. Хэрэв энэ задгайд тоо, хэмжээг заасан байвал уг тэмдэг тэр заасан хэмжээнд хүчинтэй байна.

 

 

Зураг 1

1. «НЭВТРЭН ГАРАХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг нийтийн үйлчилгээний автобусаас бусад бүх төрлийн хөсөг нэвтрэхийг хориглоно.

 

 

Зураг 2

2. «ОРОХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг бүх төрлийн хөсөг орохыг хориглоно. Орохыг хориглох тэмдэг улаан дэвсгэртэй, дундаа өргөнөөрөө 160 мм-ийн хэмжээтэй шар зураастай байна.

 

 

Зураг 3

3. «АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг нийтийн үйлчилгээний бусад бүх төрлийн автомашин өөрөө явагч механизмд хамаарна.

 

 

Зураг 4

4. «АЧААНЫ АВТОМАШИН ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг түүнд зааснаас дээш хэмжээний даацтай ачааны автомашин, ачаатай ачаагүйг харгалзахгүйгээр түүний явахыг хориглоно. Мөн чирэгч машин, трактор, зам барилга, засварын машин, өөрөө явагч механизмын явахыг хориглоно. Тэмдэг дээр даацыг заагаагүй байвал бүх төрлийн ачааны авто хөсөг явахыг хориглох боловч хүн тээвэрлэхээр зориуд төхөөрөмжлөгдсөн ачааны автомашин, идэш уушны зүйлийг тээвэрлэдэг тусгай кузовтой, мөн кузовтоо тусгайлсан таних тэмдэгтэй автомашин үл хамаарна.

 

 

Зураг 5

5. «МОТОЦИКЛООР ЯВАХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг бүх төрлийн мотоциклоор явахыг хориглоно. Зөвхөн дутуу тахир бологчдын моторт дугуйгаар явахыг зөвшөөрнө. Хэрэв мотоциклоор явах хэрэгцээ тохиолдвол мотоциклоо хөтлөөд явж болно.

 

 

Зураг 6

6. «ДУГУЙГААР ЯВАХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг дугуйгаар явахыг хориглох бөгөөд хэрэв очих газар нь тэмдгийн дотор талд байвал дугуйгаа хөтлөж явахыг зөвшөөрнө.

 

 

Зураг 7

7. «ЕРДИЙН ХӨСГӨӨР ЯВАХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдэг төрөл бүрийн ердийн хөсгийн хөдөлгөөн ба морьтой явах, мал туух зэргийг хориглоно.

 

 

Зураг 8

8. «ХҮНДИЙГ ХЯЗГААРЛАНА» гэсэн тэмдэг ачаатай авто хөсгийн ерөнхий жин, уг тэмдэг дээр заасан хэмжээнээс илүү байвал түүний явахыг хориглоно.

Энэ тэмдгийг хиймэл төхөөрөмж, цөмөрч болзошгүй газрын өмнө тавина. Уг тэмдэг нь хиймэл төхөөрөмжийг дуустал юм уу, ойрын замын уулзвар хүртэл хүчинтэй.

 

 

Зураг 9

9. «ӨНДРИЙН ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА» ачааны өндрийн хэмжээ нь газраас дээш ачааны дээд цэг хүртэл тэмдэг дээр зааснаас илүү гарсан байвал тийм хөсгийн нэвтрэхийг хориглоно.

 

 

Зураг 10

10. «УДААНААР ЗОГСОХЫГ ХОРИГЛОНО» Энэ тэмдгийг удаан зогсож болохгүй газар тавина. Харин хүн буулгах, суулгах зэргээр түр зогсохыг зөвшөөрнө.

 

 

Зураг 11

11. «ЗОГСОХЫГ ХОРИГЛОНО» гэсэн тэмдгийг авто хөсөг түр боловч, зогсож болохгүй газарт тавина. Харин дутуу тахир бологчдын моторт дугуй түр зогсохыг зөвшөөрнө.

 

 

Зураг 12

12. «ХӨДӨЛГӨӨНИЙ ХУРДЫГ ХЯЗГААРЛАНА» Тэмдэг дээр заасан хурдны хэмжээнээс хэтрүүлэн явахыг хориглоно.

 

 

Зураг 13

13. «ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО» Бүх төрлийн авто хөсгөөр гүйцэж түрүүлэхийг хориглоно. Харин трактор, чирэгч, барилга, замын өөрөө явагч машин, механизм, эвдрэл гэмтлийн учир цагт 15 км-ээс илүүгүй хурднаар явж байгаа автомашиныг гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө.

 

 

Зураг 14

14. «АЧААНЫ МАШИНААР ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО» Ачааны авто машинаар трактор, чирэгч машин, эвдрэл гэмтлийн учир удаан яваа автомашинаас бусад авто машин, моторчилсон хөсгийг гүйцэж түрүүлэхийг хориглоно.

 

 

Зураг 15

15. «ДУУТАЙ ДОХИО ӨХИЙГ ХОРИГЛОНО» Жолооч нараас дуутай дохио өхийг хориглох бөгөөд хурдаа хасаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахуйц хурдтайгаар явахыг шаардана.

 

ЗААХ ТЭМДЭГ

Заах тэмдэг жолооч нарт хөдөлгөөний чиг ба автомашинаа зогсоох газрыг зааж өгнө. Заах тэмдэг дугариг хэлбэртэй шар дэвсгэр дээр хар сумаар явах чигийг заасан байна. Диаметр нь 700 мм.

 

 

 

 

 

 

Зураг 1

1. а) (Зөвхөн баруун гар тийшээ яв!)

б) (Зөвхөн зүүн гар тийшээ яв!)

в) (Зөвхөн чигээрээ яв!)

г) (Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийшээ яв!)

д) (Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийшээ яв!)

Дээрх тэмдгүүдийг гудамж, замын уулзварын өмнө тавина. Сумаар заагаагүй чиглэлд явахыг хориглоно. Эдгээр тэмдэг зөвхөн тэр уулзвартаа хүчинтэй байна.

 

 

Зураг 2

2. «БУЦАЖ ЭРГЭЖ БОЛОХ ГАЗАР» Энэ тэмдгийг гудамж, замын аль ч хэсэг дээр автомашин, хөсгийн эргэх бололцоотой газарт тавина.

 

 

Зураг 3

3. «ЯВГАН ХҮН» Сургууль, үзвэрийн газрууд, автобусны зогсоол зэрэг олон хүн цугларсан хөл үймээнтэй газарт тавина.

Энэ тэмдэг тавьсан газарт жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадах хурдаар явна. Тэмдэг дээр бичсэн тоо нь тэр тэмдгийн хүчинтэй байх газрын хэмжээ болно.

 

 

Зураг 4

4. «АВТОМАШИН ЗОГСОХ БАЙР» Автомашин хөсгийг цаг хязгааргүй зогсоож болно.

 

 

 

 

 

 

 

Зураг 5

5. «БАРУУН ГАР ТИЙШЭЭ ЭРГЭХДЭЭ ЗӨВХӨН УЛААН ГЭРЛЭЭР ЭРГЭ!»

«ЗҮҮН ГАР ТИЙШЭЭ ЭРГЭХДЭЭ ЗӨВХӨН УЛААН ГЭРЛЭЭР ЭРГЭ!»

«БАРУУН ГАР ТИЙШЭЭ ЭРГЭХДЭЭ ЗӨВХӨН НЭГ НОГООН ГЭРЛЭЭР ЭРГЭ!»

«ЧИГЭЭРЭЭ ЯВАХДАА ЗӨВХӨН НЭГ НОГООН ГЭРЛЭЭР ЯВ!»

Эдгээр тэмдгийг зохицуулдаг замын уулзварын өмнө тавьсан байх бөгөөд зөвхөн замын уулзвар дээр хүчинтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»