Сайд нарын Зөвлөлийн 1966 оны
354 дүгээр тогтоолын хавсралт
БНМАУ-ЫН ХОТ, СУУРИНГИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 356 дугаар тогтоолоор оруулсан
нэмэлт, өөрчлөлтийг тусгав)
Гуравдугаар бүлэг
ЖОЛООЧ НАРЫН ЕРӨНХИЙ ҮҮРЭГ
16. Механикжсан тээврийн хэрэгсэл, зам барилга хөдөө аж ахуйн болон бусад тусгай зориулалтын өөрөө явагч машин, механизмыг Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон мэрэгжлийн эрхийн үнэмлэхтэй хүмүүст жолоодуулахыг зөвшөөрнө.
Ердийн хөсөг, 49,8 см3-ээс доош ажлын багтаамж бүхий хөдөлгүүртэй мопед, унадаг дугуй зэргийг жолоодогчид нь аймаг хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр тогтоосон газарт хөдөлгөөний дүрмийн мэдцийг нотолж байгаа гэрчилгээтэй байвал зохино.
Тайлбар: а) тээврийн хэрэгслийн жолооч нарт механикжсан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин, механизм, унадаг дугуй ердийн хөсөг жолоодогчид тус тус хамаарна.
б) механикжсан тээврийн хэрэгсэлд 49,8 см3-ээс доош ажлын багтаамж бүхий хөдөлгүүртэй моторт дугуй, мопедаас бусад амьд хүчний туслалцаагүйгээр хөдлөн явдаг хэрэгсэл хамаарна.
17. Жолооч тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ дор дурьдсан зүйлийг өөртөө заавал авч явна.
а) жолоодох эрхийн үнэмлэх
б) техникийн паспортын талон (Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газарт бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд)
в) замын буюу маршрутын хуудас (амины авто машин мотоцикл үл хамаарна)
18. БНМАУ-д бусад орноос авто машин, мотоцикл жолоодон ирэгчид нь:
а) авто машин, мотоциклын баримт бичиг, түүнийг жолоодох эрхийн олон улсын үнэмлэх буюу хэрэв зөвхөн өөрийн улсын үнэмлэхтэй бол Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газраас олгосон хавсралттай байна;
б) автомашин (мотоцикл)-д өөрийн улсын номер, ялгах тэмдэгтэй байвал зохино.
19. Жолооч нарын үүрэг:
а) ажилд гарахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг нарийн шалгаж түүнийг замд ажиглаж явах ялангуяа тормоз жолооны механизм, дугуй, чирэгч механизмын холбоо, гэрэл, дуут дохионы хэрэгсэл, шил цэвэрлэгчийн ажиллагаа, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, номер тод байгаа эсэхэд онц анхаарал тавьж, ар талыг харах толь зөв тавигдсан эсэхийг заавал шалгана;
б) зам-тээврийн аюул осолд нэрвэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэнэ;
в) замд яваа үедээ хөдөлгөөний аюулгүй байдал буюу хүмүүсийн амь насанд аюул учруулж болзошгүй тохиолдолд бусад жолооч нарт бололцоотой бүх тусламжийг үзүүлнэ;
г) зам-тээврийн аюул осол, замын элдэв гэмтэл, түүнчлэн хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад тохиолдвол түүнийг өөрөө арилгах бололцоогүй бол аль ойр байгаа замын буюу цагдан сэргийлэх байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
д) аюулд нэрвэгдсэн, гэмтсэн хүмүүсийг эмнэлгийн газарт хүргэхэд нь цагдан сэргийлэх байгууллагын ажилтан, авто техникийн олон нийтийн байцаагч, эмнэлгийн ажилтан нарт болон мөн албаны хойшлуулшгүй даалгаврыг биелүүлэхээр яваа цагдан сэргийлэхийн ажилтан нарт тээврийн хэрэгслийг (хувийнх нэг адил) хэрэглүүлнэ.
Тайлбар: Цагдан сэргийлэхийн ажилтан, авто техникийн олон нийтийн байцаагч, эмнэлгийн ажилтан нараас уг авто машиныг хэрэглэсэн хугацаа, явсан зай, өөрийн овог нэр, албан тушаал, үнэмлэхийн дугаар, байгууллагын нэрийг заасан баримт гаргаж өгөх буюу замын хуудас дээр нь зохих тэмдэглэл үйлдэнэ.
е) аюулд нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэхээр яваа эмнэлгийн ажилтан нарыг замын дагуу хүргэж өгнө.
ж) цагдан сэргийлэхийн ажилтан авто техникийн олон нийтийн байцаагч нарт замын хуудас, техникийн паспортын талон, тээж яваа ачааны баримт, жолоодох эрхийн үнэмлэхээ гарган өгч шалгуулна.
Тайлбар: Жолооч хүсвэл цагдан сэргийлэхийн ажилтан авто техникийн олон нийтийн байцаагч нар зохих үнэмлэхээ үзүүлбэл зохино.
20. Тусгай (сирена маягийн) дуут дохиогоор тоноглогдсон авто машин (мотоцикл)-ийн жолооч нар хэрэв даалгаврыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай байвал хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үндсэн дээр энэ дүрмийн 4, 5 дугаар бүлгийн заалт, мөн замын тэмдэг, заалт, зорчих хэсгийн тэмдэглэлээс хазайж болно. Дурьдсан дохиог өгөх үед бусад жолооч түүнийг саадгүй өнгөрүүлэх ёстой.
Тайлбар: Тусгай дуут дохиотой авто машиныг зөвхөн 1, 2 дугаар зэргийн жолоочоор жолоодуулна.
21. Жолооч нарт хориглох нь:
а) ухаан санаа балардуулах толгой эргүүлэх зүйлийг хэрэглэх буюу ялимгүй боловч согтуугаар авто машин жолоодох;
б) хүрэх буюу унтаж амрах газартаа очоогүй байхад тээврийн хэрэгслийг жолоодоогүй ч гэсэн ууж согтуурах, ухаан санаа балардуулах, толгой эргүүлэх зүйлийг хэрэглэх;
в) хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр өвчтэй буюу удаан хугацаагаар амраагүй их ядарсан үед тээврийн хэрэгслийг жолоодох;
г) согтууруулах ундааны зүйл уусан, жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу үнэмлэхтэй ч гэсэн замын хуудсанд нэр нь бичигдээгүй хэн нэгэн хүнд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг тус тус хориглоно.
22. Зам тээврийн аюул осол гарсан үед түүнтэй холбогдсон жолоочоос гүйцэтгэх үүрэг нь:
а) аюул осолд холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг нэн даруй зогсоож, Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газрын ажилтан нарыг хүрэлцэн очих хүртэл байрнаас нь үл хөдөлгөх;
б) «эмнэлгийн дүргэн тусламж»-ийг дуудах. Хэрэв бололцоогүй бол аюул осолд нэрвэгдсэн хүмүүсийг аль ойр байгаа эмнэлгийн газарт аль дайралдсан тээврийн хэрэгслээр буюу өөрөө хүргэх;
в) болсон хэрэг явдлын тухай аль ойр байгаа постын сэргийлэгч буюу цагдан сэргийлэх байгууллагад мэдэгдэж, гэрч болох хүмүүсийн овог нэр, хаягийг тэмдэглэн эд мөрийн баримтыг хамгаалах;
г) аюул осолд нэрвэгдсэн хүмүүсийг эмнэлгийн газарт хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр тээврийн хэрэгслийн номер, замын хуудас буюу техникийн паспортын талоныг үзүүлж тэмдэглүүлсний дараа аюул осол гарсан газраа буцаж ирэх буюу аль ойр байгаа цагдан сэргийлэх байгууллагад хүрэлцэн очих ёстой.